Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0686

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч В.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 126/2021/0040/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.Н-ээс Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хууль /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2, 48 дугаар зүйлийн 48.4, 48.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Н-г Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, В.Н-г Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч В.Н-г ажлаас халсан үндэслэл болох албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан, үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзсэн.

3.2. Нэхэмжлэгч В.Н-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний зөрчил гаргасан байж болзошгүй үйлдлийн талаар 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудитораар ажиллаж байсан А.Д өргөдлөөс анх мэдэж, тус үйлдлийг шалган тогтоох ажлын хэсгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/237 дугаар захирамжаар байгуулсан байдаг.

Тус ажлын хэсэг өргөдөлд дурдсан 11 асуудлыг судлан, нотлох баримтаар нотлогдсон 4 үйлдэлд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлтийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хууль /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх/-ийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасныг зөрчөөгүй юм. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчлийг 2021 оны 05 дугаар сард илрүүлж, сахилгын шийтгэлийг 2021 оны 09 дүгээр сард ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан 6 сарын дотор ногдуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

3.3. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн 28 дахь талд “...20.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжид “Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан” гэж үзсэн нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлтэй боловч 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан зөрчилд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэл ногдуулсан учир Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэснийг зөрчжээ.”, 33-34 дэх талд “ ..хэдийгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжид “үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх авч 2020 оны 05 дугаар сарын 27-29-ний өдөр гаргасан зөрчилд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэснийг зөрчжээ.” гэж тус тус дүгнэсэн нь шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан “зөрчил гаргаснаас хойш 12 сар” гэх хугацаанд ач холбогдол өгч, “илрүүлснээс хойш 6 сар” гэх хугацааг анзаараагүй, ач холбогдол өгөлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.4. Шүүхийн шийдвэрийн 37 дахь талд “... Нэхэмжлэгч В.Н ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас халах шийтгэл гаргасан нь буруу байна” гэж дүгнэсэн. Шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, ээлжийн амралт олгосон бол түр орлон гүйцэтгэгч томилох ёстой байсан мэтээр шүүхийн шийдвэрт тусгаж, түр орлон гүйцэтгэгч томилоогүйн улмаас В.Н ажлын зайлшгүй шаардлагаар ажилласан мэтээр шууд субьектив дүгнэлт хийсэн нь холбогдох хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн 37 дахь талд “...В.Н 2021 оны 7, 8 дугаар саруудад ажлын зайлшгүй шаардлагын улмаас ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд явуулсан албан бичгүүд, цалин олгох хүснэгт, гэрч Э.П, Б.Ц нарын мэдүүлгээр нотлогдож байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34,2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 7, 8 дугаар сарын гараар бичсэн цагийн бүртгэл засвартай, цалин олгосон хүснэгт нь огт ойлгомжгүй, гэрчийн зөрүүтэй мэдүүлгийг нүүрэлдүүлэн байцаагаагүй зэргээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй болно.

3.5. Шүүхээс “хууль бус шийдвэр гаргасан” гэх үндэслэлд холбогдох хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн боловч “...69.Нэхэмжлэгч В.Н нь Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байхдаа өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, түүний 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн A/09 дүгээр “Ажил эрчимжүүлэх тухай” тушаалын улмаас хүнд үр дагаварт хүрээгүй бөгөөд үүнтэй “хариуцагч маргаагүй” гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохыг зөвтгөсөн мэт харагдаж байна.

Дээрх ажил эрчимжүүлэх тухай тушаалаар Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н өвчтэй байх хугацаанд ахлах аудитор О.А-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан эрх бүхий этгээд аймгийн Засаг дарга томилох ёстой байтал албаны дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн тушаал гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн давхар зөрчил болсон.

3.6. Шүүхээс Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн A/09 дүгээр “Ажил эрчимжүүлэх тухай” тушаалыг хууль зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхөлд тохирсон байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй байна гэж тайлбарласан. Сахилгын шийтгэлийн төрлүүдээс алийг нь сонгож хэрэглэх нь сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий этгээдийн эрх юм. Тодруулбал, нэхэмжлэгч В.Н 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, өвчтэй байсан атлаа хууль бус (Төрийн албаны тухай хуулийн 43.6 дахь хэсэгт заасан хориглосон үйл ажиллагааг гаргасныг шүүх тогтоосон болно.) шийдвэр гаргасан нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон байтал шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.7. Дээр дурдсан нэхэмжлэгч В.Н төрийн албанаас халах болсон 3 үйл баримтыг шүүхээс хууль зөрчсөн болохыг тогтоосон атлаа зөрчлийг илрүүлсэн хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-д “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч В.Н нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эргүүлэн тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн маргаан бүхий Б/33 дугаар захирамжаар “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “...албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг гаргуулсан, үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан, хууль бус шийдвэр гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлт, баримтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгч В.Н аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.  

3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч В.Н ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийн “... албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан, үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан, хууль бус шийдвэр гаргасан” гэх үндэслэлүүдтэй холбогдуулан нэхэмжлэгч В.Н эдгээр зөрчлийг гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийн үндэслэлийг зөв гэж үзэхдээ хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна.

3.4. Тухайлбал, маргаан бүхий захирамжийн “албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан” гэх зөрчлийн тухайд шүүх Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Хонгор ХХК-ийн захирал нар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 8960.000 төгрөгийн үнийн дүн бүхий гарын авлага, сургалтын материал, анхан шатны маягт худалдан авах тухай гэрээ байгуулсан, уг гэрээнд “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй өөр бусад нөхцөл үүсэх тохиолдолд нөгөө талдаа энэ  тухай бичгээр яаралтай мэдэгдэнэ” гэж заасан нөхцөл үүсээгүй буюу “Хонгор” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон талаар бичгээр мэдэгдээгүй болох нь, мөн “гарын авлага, сургалтын материал, анхан шатны маягт худалдан авах тухай гэрээний санхүүжилтээс 4 сая төгрөгийг байгууллагын няравын дансаар буцааж авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон” талаар тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна.

3.5. Улмаар шүүх нэхэмжлэгчийн энэхүү зөрчил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Худалдан авах гэрээнд дараахь өөрчлөлт хийхийг хориглоно:” 41.1.1-т “захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх”, 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:”, 46.1.7-д “хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” гэж заасантай нийцээгүй байх тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий актын уг зөрчилд холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү зөрчлийг гаргасан гэж үзсэн шүүхийн дүгнэлт, үндэслэлийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.

3.6. Анхан шатны шүүх маргаан бүхий актын уг зөрчилд холбогдуулан “... 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан уг зөрчилд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасантай нийцээгүй” гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болгосныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

3.7. Учир нь, “Төрийн албаны тухай хуулийн 48.4 дэх хэсэг дэх “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй...” гэснийг “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаа нь зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаандаа багтана” гэж үзэх үндэслэлтэй байна.

3.8. Маргаан бүхий актын “Үндэслэлгүйгээр шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан, хууль бус шийдвэр гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлт, баримтаар тогтоогдсон” гэх зөрчлийн тухайд анхан шатны шүүх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд “И” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлгүүлэх тухай иргэний хүсэлт аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд иргээгүй болох нь хэрэгт авагдсан тус байгууллагын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон талаар мөн тус компанийн зарим ажилчид ажлаас халагдсан тухай өргөдөлтэй холбоотой хөдөлмөрийн маргааныг аудитын байгууллага шийдвэрлэх чиг үүрэггүй, энэ талаарх гомдол нь тус компанид санхүүгийн хяналт, шалгалт хийх үндэслэл болохгүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн нь хууль зөрчсөн” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй, шүүх энэхүү зөрчилтэй холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна.

3.9. Улмаар шүүх маргаан бүхий актын уг зөрчилд холбогдуулан “нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр ... дарамт, ... үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй ... өмнөх шалгалтын үргэлжлэл байсан гэж үзэх үндэслэлгүй ... улсын байцаагч хяналт шалгалтыг дутуу хийсэн  нь ... төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах үндэслэл болохгүй ... хууль зөрчиж хийсэн шалгалтаар “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал, нягтлан бодогч нарт үүрэг хүлээлгэсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь ... нотлогдож байх тул ... Б/33 дугаар захирамж дахь “Үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан” гэдэг үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ ... ” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

3.10. Шүүхийн шийдвэрийн “нэхэмжлэгч нь “Үндэслэлгүйгээр шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан, хууль бус шийдвэр гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлт, баримтаар тогтоогдсон” гэх зөрчлийг гаргасан нь тогтоогдсон” гэх эдгээр дүгнэлт, үндэслэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

3.11. Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий актын дээрх зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч “зөрчил гаргасан болох нь тогтоогдсон” байх боловч 2020 оны 05 дугаар сарын 27-29-ний өдөр гаргасан уг зөрчилд хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасантай нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3.12. Анхан шатны шүүх маргаан бүхий актын “хууль бус шийдвэр гаргасан” гэх үндэслэлд холбогдуулан Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар “албаны дарга өвчтэй байх хугацаанд ахлах аудитор Д.О-г албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу түр орлон гүйцэтгэж ажиллахыг үүрэг болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэнийг хууль буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлгүй, шүүх энэхүү зөрчилтэй холбогдуулан хэрэгт авагдсан баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд уг зөрчлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өөрчлөн найруулгаас өмнө/ 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

3.13. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчид тайлбар гаргах боломжийг олгож, сонсох ажиллагаа хийсэн нь тогтоогдсон талаар болон  нэхэмжлэгч өмнө  нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажил эрчимжүүлэх тухай тушаалын улмаас хүнд үр дагаварт хүрээгүй, хариуцагч үүнтэй маргаагүй талаар, нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа эдэлж байхад түүнд ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1-т заасантай нийцээгүй талаар тус тус хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.14. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх маргаан бүхий актын “... албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг гаргуулсан, үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан” гэх зөрчлүүдийн тухайд нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн байх боловч эдгээр зөрчилд “сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтэрсэн” гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4-т “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах ...”, 28 дугаар зүйлийн 28.1-т “Улсын дээд шүүхийн танхим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцүүлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 28.1.3-т “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулах” гэж тус тус заасан байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны  2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 273 дугаар тогтоолд “... Төрийн албаны тухай хуулийн 48.4 дэх хэсэг дэх “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй...” гэснийг “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаа нь зөрчил гаргаснаас хойш 12 сарын хугацаандаа багтана ... гэж тайлбарлах тул ...  хэмээн дүгнэснийг дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны маргаан бүхий Б/33 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн “... сахилгын зөрчлийг 2021 оны 05 дугаар сард илрүүлж, сахилгын  шийтгэлийг 2021 оны 09 дүгээр сард ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан 6 сарын дотор ногдуулах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ