Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 

    2021         01         04                                    2021/ШЦТ/33

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч *******нармөнх,

шүүгдэгч Б.Х,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Загд овогт Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000041064 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33-37 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30-55 тоотод оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 314 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 70000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Загд овогт Б.Х

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Х нь хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х нь “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч О.Ган-Эрдэнээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1.950.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5926015158 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан нийт 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О.Ган-Эрдэнэ өөрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төв дээр байрлах манай ажил дээр ирээд надаас Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулах боломж байна уу гэж асуухаар нь би явуулж чадахгүй гэж хэлээд И Мин Жунаас ахиад виз гаргаж чадах талаар асуухад урьдчилгаа мөнгөтэй хүний визийг нь гаргаж өгч чадна, өмнө нь явуулсан 4 хүний 2 хүн нь мөнгөө өгөөгүй учраас урьдчилгаа авна гэхээр нь энэ талаар О.Ган-Эрдэнэд хэлтэл О.Ган-Эрдэнэ урьдчилгаа өгнө гээд хүлээн зөвшөөрөхөөр нь урьдчилгаа болгож 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5926015158 дугаарын дансаар авч, уг мөнгийг нь өөрийн хэрэгцээндээ зарцуулж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөн дээрх дансаараа 1.950.000 төгрөг авсан юм...Би тухайн мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан юм. О.Ган-Эрдэнээс цээж зураг, гадаад паспорт зэргийг авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

- хохирогч О.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр хүн өөрийгөө Хуягаа гэж танилцуулсан. Би тухайн үед виз хэрхэн гаргадаг талаар асуухад “эмчилгээний виз гаргадаг юм” гээд виз дарагдсан хүний гадаад паспорт үзүүлж байсан. Мөн эмчилгээний виз гаргахад эмчилгээний төлбөр нь ороод зардал нь нийт 8.000.000 төгрөг болно гэсэн. Уг нь анх урьдчилгаа мөнгө авахгүй гэж байснаа нэг эмэгтэйн виз дарагдсан паспорт үзүүлснээ “хүмүүс визээ даруулчхаад мөнгөө өгөхгүй алга болчхоод байна, урьдчилгаа авна шүү” гэс;н. Тэгэхээр нь би эхлээд урьдчилгаанд нь 2.000.000 төгрөг өгөхөөр болоод 5926015158 дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр визний урьдчилгаа гээд шилжүүлсэн юм. Тэр данс нь Хуягбаатар гэж хүний данс байсан...Анх тэгж уулзаад мөнгөө шилжүүлэхэд миний паспортыг авч үлдээд өөр ямар нэгэн материал аваагүй шиг санагдаж байна. Анх ярихдаа 11 сардаа багтаагаад виз гаарчихна гэж байсан. Тэгснээ хэд хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр 06-ны өдөр над руу залгаад “эмчилгээнийх нь төлбөрийг хийчихмээр байна, дахиад 2.000.000 төгрөг шилжүүл” гэсэн. Тэгэхээр нь би маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахиад 1.950.000 төгрөгийг Хуягаагийн нөгөө данс руу нь шилжүүлсэн...Тэгж явсаар байгаад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөгийг Хуягаа өөрийнхөө данснаас над руу шилжүүлсэн. Тэрнээс хойш 9 сар хүртэл утсаар “мөнгийг чинь өгнө, нөгөө хүн маань алга болчхоод байна, эсвэл газар зараад өгнө, удахгүй өгнө” гэж ярьж байгаад сүүлдээ бүр утаснууд нь бүгд холбогдох боломжгүй болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

- шүүгдэгч Б.Хын нэр дээрх Хаан банкны 5926015158 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-49х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Х нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч О.Ган-Эрдэнээс “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж” өгнө гэж хуурч 3.950.000 төгрөг залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч О.Ган-Эрдэнэд учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед байхад шүүгдэгч Б.Х нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

шүүгдэгч Б.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх зорилгоор тохирох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Загд овогт Б.Х хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хт 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт   заасныг тус тус журамлан Б.Хт шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           С.БАТГЭРЭЛ