Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 


2017 оны 04 сарын 06 өдөр           Дугаар 156/ШШ2017/00206    Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00118/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн нэхэмжлэлтэй 

            “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.
    Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруулгэрэл нь миний бие Дорнод аймагт ажилтай байгаа ба шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. 
         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Мөнх-Улз ХХК-ийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт хадлан бэлтгэх ажилд офицер 1, хугацаат цэргийн албан хаагч 20, бүгд 21 цэргийн албан хаагчийг 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 25 хоногийн хугацаатайгаар гарган ажиллуулж, гэрээт ажлын хөлс 10 000 000 төгрөгнөөс 5 000 000 төгрөгийг Зэвсэгт хүчний Жанжин штабын төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Мөнх-Улз ХХК-наас гэрээт ажлын хөлс 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус анги нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт байрлах Ж.Дашдэмбэрэл захиралтай Мөнх-Улз ХХК-д холбогдох нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэсэн хэдий ч Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй, мэдэгдэх хуудас гардаж аваагүй гэсэн хариу мэдэгдсэн. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. /хх-ийн 15х/

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч байгууллагын тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад


ҮНДЭСЛЭХ НЬ:

Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мөнх-Улз ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэл гэгчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 
Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 327 дугаар анги нь Мөнх-Улз ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлтэй 2015 оны 9 дүгээр сард хадлан бэлтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1х/, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 6-9х/ зэрэг баримтаар тогтоогдож байна. 
Иймд Мөнх-Улз ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                       

ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн  нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Норовлин суманд үйл ажиллагаа явуулах Мөнх-Улз ХХК-ийн захирал ажилтай гэх Ж.Дашдэмбэрэлийг эрэн сурвалжилсугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Дашдэмбэрэлийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Дашдэмбэрэлтэй холбоотой иргэний хавтаст хэрэгт байгаа баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах О.Дүүриймаад үүрэг болгосугай. 
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 327 дугаар ангийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
   5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР