Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/43

 

 

 

 

 

  2021          01        11                                    2021/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч  С.Солонго,

шүүгдэгч  М.А,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011014991118 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Прокет менежмент” ХХК-д менежерээр ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн  хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 152-302 тоотод оршин суудаг , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт М.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч М.А нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд багааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.А нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын богинын зуслангаас байшингаас хохирогч Г.Золбаярын өмчлөлийн “Айфоне 11 про макс” загварын гээгдүүлсэн 2.680.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт үйлдэл хийсэн болох нь

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт найз На.Тэмүүжингийн гэрт найзууд болох Мө.Тэмүүжин, Билгүүнгэрэл, Бат-Эрдэнэ нар 15 цагийн үед ирсэн. Тэр үед би өөрийн “Айфоне 11 про” маркийн гар утсаа На.Тэмүүжингийн гэрт цэнэглэж байсан.. санагдаж байна. Тэгээд би найзуудын хамтаар На.Тэмүүжингийн зуслангийн хашаанд байдаг сагсны шийд рүү явцгаасан. Тэгээд сагс тоглож байгаад 16 цаг өнгөрөөгөөд сагс тоглохоо болиод На.Тэмүүжингийн гэр лүү орсон. Би гар утсаа цэнэглээд үлдээсэн гээд үзэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

 - гэрч Х.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Амарсанаа 7 хоногт 2 удаа ирж зуслангийн байшингуудын цэвэр усыг цэнэглэж өгдөг. 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 14 цагийн орчим ирээд байшингуудын ус цэнэглээд 15 цаг өнгөрч байхад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44х/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14х/,

- Дамно ХХК-ний 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ЧД2-20-515 дугаартай Айфоне 11 про мах маркийн гар утас 2.680.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44х/,

- “Скайтел ХХК”-ний 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/10133 дугаартай “...353922103070429 амей кодыг шалгахад 2020 оны 8 дугаар сарын 16- ны өдрөөс хойш 90440570 дугаар бүртгэлтэй байна. Дугаар эзэмшигч Мөнхбаярын Амарсанаа /РД:УЮ-87071614/ Баянхонгор 4-10-7 тоот...” гэсэн лавлагаа /хх-ийн 60х/,

- Юнител ХХК-ний 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 05-01/5449 дугаартай “...353922103070429 амей кодтой утсанд 88770722 дугаарыг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хийж ашигласан байна. Мөнхбаярын Амарсанаа /РД:УЮ-87071614/ Баянхонгор 4-10-7 тоот...” гэх лавлагаа /хх-ийн 61х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг  хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүгдэгч М.Аг шууд санаатай шунахай сэдэлтээр хохирогч Г.Золбаярын гээгдүүлсэн “Айфон 11 про макс” загварын 2.680.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигон овогт М.А бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Аг торгуулийн ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ