Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

   2021        01          13                                   2021/ШЦТ/50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх ,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хөхөөд овгийн Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011016401026 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөхөөд овгийн Б.О, 1972 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 9-224 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ шүүгдэгч Б.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Базари” гэх нэртэй цайны газарт хохирогч О.Цэгмидийн халааснаас нь “Айфоне Экс” /Iphone X/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчим Монгол Үндэсний олон нийтийн телевизийн орчимд хохирогч Цэгмидийг гар утсаа ил бариад явж байхыг хараад улмаар түүний араас дагаад явж байтал тэрээр “Базари” нэртэй цайны газар руу орохоор нь дагаад орсон. Тэр үед цайны газарт олон хүнтэй, дараалалтай байхаар нь хохирогчийн ард зогсож байгаад баруун талын халааснаас нь гар утсыг аваад гараад явчихсан. Би тэр газраас гараад шууд гэр рүүгээ явж байхдаа гаргаж ирээд хартал “Айфоне Экс” /Iphone X/ загварын гар утас байсан. Уг гар утас гадуураа цагаан өнгийн хулдаасан гэртэй байсан. Би дотроос нь сим картыг нь гаргаж хаяад гэртээ аваачаад үлдээчихсэн...Мөнгөтэй болох гэж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

- хохирогч О.Цэгмидийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цайны цагаар найзтайгаа уулзаад сургуулиасаа гараад хажууд байрлах “Базари” нэртэй цайны газар руу орсон. Тухайн үед би өөрийн “Айфоне 11” маркийн гар утсыг гадуур хувцасны халаасандаа хийчихсэн байсан юм...үйлчлүүлж дуусаад Базари цайны газраас гараад найзынхаа машинд суугаад гар утсаа алдсан болохыг мэдсэн. ...хяналтын камер үзэхэд хар нүдний шилтэй, маск зүүсэн эмэгтэй миний ард зогсож байгаад халааснаас минь гар утсыг минь хулгайлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

- “Ашид Билгүүн” ХХК-ны ТХҮ-919/033 дугаар дүгнэлт /хх-ийн 19-21х/,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36х/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Оийг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад хохирогч О.Цэгмидэд алдагдсан гар утсыг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.От ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар хийлгэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-нд тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Хөхөөд овгийн Б.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.От шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                С.БАТГЭРЭЛ