Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

 

    2021         01          15                                   2021/ШЦТ/58

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Т.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүалдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Гэлэг овогт Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000001063 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгчийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, ах дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 1127ё тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 7-233 тоотод оршин суух, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Гэлэг овогт Н.М

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Н.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Peace mall” /Пийс молл/ худалдааны төвийн барилгын урьд байрлах автобусны буудал орчим насанд хүрээгүй хохирогч Б.Анарын халааснаас насанд хүрээгүй хохирогч З.Намууны өмчлөлийн “iphone-6 plus” /Айпоне-6 плас/, өөрийнхөн өмчлөлийн “iphone-7 plus” / Айпоне-7 плас / тус тус загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Анарт 500.000 төгрөгийн, З.Намуунд 250.000 төгрөгийн нийт 750.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны орой Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “peace mall” худалдааны төвийн автобусны буудал дээр зогсож байхад миний урдхан талд 18-19 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 тэврэлдээд үнсэлцээд зогсож байсан ба эрэгтэйгийн нь куртканы халааснаас гар утас цухуйж байхаар нь дөхөж очиж хулгайлж аваад баруун дөрвөн зам руу гүйсэн. Тэгээд 4 зам дээр очоод харахад Айфон-6, Айфон- 7 загварын 2 утас байсан. Хэсэг хугацааны дараа зарж мөнгө болгоно гэж бодоод гэртээ аваачаад шүүгээнд нуусан. Тэгтэл 2, 3 хоногийн дараа халаасны төлөөлөгч утасдаад чиний бичлэг байна, хулгайлсан утсаа яаралтай авчирч өг гэхээр нь авч ирээд эзэнд нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

- насанд хүрээгүй хохирогч Б.Анарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 08- ны өдөр Номын сан дээр найз охин Намуунтай уулзаад 1 дүгээр хороолол орохоор алхаж яваад “Пийс таурын” авто буудал дээр ирж зогсоод халаасандаа гараа хийж үзэхэд миний утас байсан. Манай найз охины Айфоне 6 плас загварын, миний өөрийн айфоне 7 пласс загварын 2 гар утас миний халаасанд цуг байсан юм. Удалгүй цаг харах гэтэл байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний хажуу талд дээгүүрээ хар алаг өнгийн хүрэмтэй 190 см орчим өндөртэй 18-20 орчим насны залуу зогсож байгаад алга болчихсон байсан. Тэр хүнийг сэжиглэж байна...би алдсан гар утсаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авлаа, одоо ямар нэг нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х, 22х/,

асанд хүрээгүй хохирогч З.Намууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 08- ны өдөр 12 цагийн үед Улсын их дэлгүүрийн урд найз залуу Анартай уулзаад бид 2 төв номын санд сууж байгаад гараад хоол идчихээд Пийс таурын буудал руу алхсан. 1 дүгээр хорооллын автобусанд суух гээд хүлээж байхад хүмүүсийн хөдөлгөөн их байсан. Манай найз залуу миний Айфон 6 плас утсыг өөрийнхөө Айфон 7 плас утастай хамт куртканыхаа зүүн талын халаасанд хийгээд цахилгааныг татсан байсан. Тэгээд намайг цаг асуух үед гар утаснууд алга болсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

- Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-9х/,

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27х/,

- Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байх С11 хоолны газрын, 3 дугаар хорооны нутагт байх Пийс малл, түүний дэргэдэх гоо сайхны дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-17х/,

- Эд мөрийн баримт болох бичлэг бүхий СиДи /хх-ийн 6х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Мыг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Анар, З.Намуун нарт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Н.Мын зүгээс биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

            Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээгээр ял шийтгэл оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Гэлэг овогт Н.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.

           6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.БАТГЭРЭЛ