| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/59 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/59
2021 01 15 2021/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Б.Д,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хар адуун овогт Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011015391039 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Электрон системийн инженер мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Цагаан-Овоо суманд байрлах “Гранд Минирал” ХХК-нд уурхайчнаар ажилладаг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8-429 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Тайм Таур” хотхоны 119-62 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, Хар адуун овогт Б.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Д нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг хуурах зорилгоор “Үнэгүй.мн” зарын цахим сайтад “13 дугаар хороололд, Американ дэнж хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байрыг сарын 700.000 төгрөгөөр, сар сардаа түрээсийг нь авна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу ярьж байр түрээслэхээр тохирсон хохирогч Т.Энхжингээс байрны түрээсийн мөнгө гэж 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, дараа нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Засаг даргын тамгын газрын гадна байхдаа өөрийн Хаан банкны дансаар шилжүүлснийг 5014377523 дугаарын дансаар өөртөө авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сард “үнэгүй.мн” зарын цахим хуудсанд “13 дугаар хороололд Американ дэнж хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарыг байршуулж, улмаар өөрийнхөө 88106062 дугаараа зар дээрээ тэмдэглэсэн. Улмаар зарын дагуу холбогдсон Т.Энхжингээс өөрийнхөө Хаан банкны 5014377523 дугаарын дансаар байрны урьдчилгаа мөнгө болгож 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийн тус тус худал хэлж авсан. Х.Энхжинд цагдаагийн байгууллагад гомдол гаргасныхан дараа 300.000 төгрөгийг буцааж төлсөн. Мөн үлдэгдэл 300.000 төгрөгийг 2020.10.22-ны өдөр буцаан төлсөн. Одоо би ажил хийж байгаа болохоор дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
-хохирогч Т.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Үнэгүй.мн зарын цахим хуудсанд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “13 дугаар хороололд, Американ дэнж хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байрыг сарын 700.000 төгрөгөөр, сар сардаа түрээсийг нь авна” гэсэн зар байхаар нь тухайн зарыг байршуулсан 88106062 дугаарын утас руу залгаж нэг эрэгтэй хүнтэй холбогдоод байрыг түрээслэх болоод урьдчилгаа гэж Хаан банкны 5014377523 дугаарын данс руу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, дараа нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг байр түрээслэхээр шилжүүлж залилуулсан. Дээрх Хаан банкны дансны дугаар нь Дашням гэсэн нэрээр гарч ирсэн ба бид нар тухайн байрыг 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн орой очиж үзэх гээд Американ дэнжийн гадаа очсон чинь тэр залуу гарч ирээгүй, утсаа огт аваагүй. Дараа нь тэр залуу байрны хүмүүсийн гэрээ дуусаагүй болохоор гарахгүй байна гээд Американ дэнжийн байрнуудын хамгийн ар талын байрны 6 давхарт 90 тоот байр гэж хэлсэн боловч тухайн байрыг очиж үзэхэд байрны эзэн нь огт түрээсэлдэггүй гэж хэлсэн. Миний фейсбүүк хаяг руу тэр залуу өөрийнхөө Б.Д гэсэн хаягаасаа мессенжер бичиж байсан ба тухайн мессеж. мессенжерүүдийг хуулбарлан өгөх болно...Б.Д нь надаас авсан 600.000 төгрөгөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 200.00 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөгийг нийт 300.000 төгрөгийг миний Хаан банкны 5750684749 дугаарын данс руу шилжүүлсэн. Одоо Б.Даас 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11х/,
-хохирогч Т.Энхжингээс гаргаж өгсөн “Б.Дтай байр түрээслэх талаар бичсэн” мессенжерүүд /хх-ийн 19-48х/,
-шүүгдэгч Б.Дын 5014377523 дугаартын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 102-140х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Д нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Т.Энхжингээс хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 600.000 төгрөг залилан өөртөө авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Энхжинд учирсан нийт 600.000 төгрөгийг шүүгдэгч Б.Д нь тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт бичгээр авагдсан хохирогч Т.Энхжингийн удаа дараа мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар адуун овогт Б.Д бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ