Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 212

 

 

 


2017 оны 04 сарын 06 өдөр       Дугаар 156/ШШ2017/00212    Хэнтий аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00158/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Жаргалантад оршин суух, Гомбожавын Туул (РД: СП75080504)-д  холбогдох, 

Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, "төхөөрөмжийн үнэ 240 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 
“Г.Туул нь 2014 оны 05 дугаар сарын 10 өдөр манай компанитай 1089012 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэг жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Г.Туул нь 1089012 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй нэг болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 160 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. 
Иймд Г.Туултай байгуулсан 1089012 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 160 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” /хх 1/ гэжээ. 
Хариуцагч Г.Туул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 
“Жи мобайл ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 240 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30 өдөр бүрэн төлж барагдуулсан болно. Төлбөр төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөв. Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй” /хх 14 / гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Г.Туулаас "төхөөрөмжийн үнэ 240 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Г.Туул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ний нэхэмжилсэн төхөөрөмжийн үнэ 240 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30 өдөр төлсөн болох нь Жи мобайл ХХК-ийн төлбөрийн баримтаар /хх 15/ нотлогдож байна. 
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Г.Туулд холбогдох Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, “төхөөрөмжийн үнэ 240 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7 850 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 925 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Г.Туулаас 3 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

ШҮҮГЧ                                  Э.АРИУНАА