| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/61 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/61
2021 01 15 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Майбаяр,
хохирогч Г.Өсөхбаяр,
шүүгдэгч М.Г, Г.Ө,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Монгол овогт М.Г, Монгол овогт Г.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000001101 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүгийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-53 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Монгол овогтой М.Г
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын ^-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, алдар спорт хорооны тамирчин ажилтай, ам бүл 2, аавын хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-53 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 729 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэгдсэн ба 300.000 төгрөг буюу 300 нэгжийн торгуулийн ял биелэгдээгүй байгаа.
Монгол овогтой Г.Ө
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч М.Г, Г.Ө нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ө, М.Г нар бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 83-2001 тоотод хохирогч Г.Өсөхбаярыг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “баруун, зүүн зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, баруун мөр, нуруунд зулгаралт, цус хуралт, бүсэлхий, баруун бугалга, тохой, цээж, хэвлийд зулгаралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан зодсон гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Аав Ганбаатар над руу залгаад Өсөхбаяр ах чинь дөнгөж сая намайг зодоод явчихлаа гэхээр нь би аав дээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-53 тоотод очсон чинь зүүн тал, хамар хэсгээр нь хавдсан байсан. Тэгээд ааваас юу болсон талаар асуусан чинь эцэг нь эцэг шиг байсангүй гээд зодоод эхэлсэн гэсэн. Тэгэхээр нь тухайн үед хамт байсан Отгон-Эрдэнэ найзтайгаа хамт аавыг аваад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-2001 тоот гэрт нь очсон. Өсөхбаяр ах дээгүүрээ нүцгэн гарч ирсэн бөгөөд шууд над руу дайрахаар нь би давхар хамж авч унагаагаад аав хоёр гарыг бариад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Харин би бас нүүр лүү нь 2-3 удаа, бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40х/,
- шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Өнөболд та яаж байгаа юм бэ гээд Өсөхбаярыг заамдаад автал Өсөхбаяр дүүтэйгээ зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би Өсөхбаярын араас очоод толгойноос нь татаж аваад, чи хэн болчхоод хэний өөдөөс эцэг, дүүгээ зоддог юм гээд нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/,
-хохирогч Г.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед өөрийн аав Ганбаатарын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо^ Яргайтын 33-53 тоотод гэрт машиныхаа гуферийг засаж байтал аав гуферний хэмжээ авч байгаад алдаа гаргаад, тэрнээсээ болоод надад уурлаад байхаар нь би багажаа машиндаа ачаад явах гэж байтал аав намайг хуц пизда минь гээд хэрүүл хийгээд миний нүүр лүү 2-3 удаа цохиод авахаар нь миний уур хүрээд та яагаад байгаа юм гээд түлхтэл намайг 2-3 удаа үүрч авч шидсэн. Би машинаа унаад гэр лүүгээ яваад өгсөн юм. Тэгээд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-2001 тоотод гэртээ ирээд байж байтал 16 цагийн үед аав Ганбаатар, дүү Өнөболд, Отгон-Эрдэнэтэй хамт ирсэн. Өнөболд ирээд шууд миний нүүр лүү 2- 3 удаа цохиж байсан. Би өөдөөс нь зодолдож байтал аав араас ирээд миний гарыг хөшиж бариад зодож эхэлсэн. Би газар унатал дээрээс хөлөөрөө өшиглөж зодчихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
-хохирогч Г.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Эхлээд аавын гэрт зодолдоход гэмтэл, шарх учраагүй. Сүүлд дүү Өнөболд, аав Ганбаатар ирээд би дүүтэйгээ зодолдож байхад араас хүрч ирээд хоёр гарыг минь барьж авсан ба дүү тэр үед намайг нүүр, нүдгүй цохиод байсан ба удалгүй аав бас нэмээд зодсон, яг хэн нь хаашаа цохисныг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/;
-гэрч Ж.Отгон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр Өнөболд бид хоёр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орсон. Би үүдэнд нь хүлээ байтал 14 цагийн үед Өнөболд гарч ирээд ах аавыг зодчихсон байна. Та намайг хүргээд өг гэхээр нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-53 тоотод ирээд Ганбаатар ахтай уулзтал нүүрнийх нь зүүн тал зулгараад хавдартай байсан. Тэгээд Өнөболд, Ганбаатар ах бид гурав миний машинаар Өсөхбаярын гэр лүү явсан. Тэднийх Хайлаастад байдаг ба хаягийг нь хэлж мэдэхгүй, хашааны үүдэнд очоод зогстол Өнөболд, Ганбаатар ах хоёр буугаад явсан. Би машинаа байрлуулаад араас нь хашаа руу нь ортол Өсөхбаяр, Өнөболд, Ганбаатар ах нурав хоорондоо зодолдсон байсан. Өсөхбаярын зүүн шанаа хавдартай, амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
-шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12121 дугаартай “...Г.Өсөхбаярын биед баруун, зүүн зовхи, зүүн хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, баруун мөр, нуруунд зулгаралт, цус хуралт, бүсэлхий, баруун бугалга, тохой, цээж, хэвлийд зулгаралт,духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.Г, Г.Ө нар нь бүлэглэн гэр бүлийн доторх таарамжгүй харилцаа буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Өсөхбаяртай маргалдаж улмаар нийлж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Өсөхбаяр нь шүүх хуралд мэдүүлэхдээ: “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэсэн тул шүүгдэгч М.Г, Г.Ө нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Өод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан, ялыг гүйцэтгээгүй нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгоор тохирох ял оногдуулж, урьд шүүхээс оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт М.Г, Шүүгдэгч Монгол овогт Г.Ө нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Өыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өод шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 300.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өод оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г, Г.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ