Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

 

     2021         01         18                                  2021/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч А.Д,  

нарийн бичгийн дарга Л.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон зурхайч овогт А.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011016120989 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 53 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Кристал топ” ХХК-д позерийн оператор ажилтай гэх, Сэлэнгэ аймгийн Мандал сум ахуй үйлчилгээний гудамж 6 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон зурхайч овгийн А.Д

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 29-350 тоотод хохирогч Б.Болор-Эрдэнэтэй маргалдаж улмаар гарыг нь мушгиж, түлхэж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж бие Махбодод нь “...зүүн хацрын төвгөр, зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, хүзүүний цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...хохирогч Б.Болор-Эрдэнийг цохисон нь үнэн, хүлээн зөвшөөрч байна ..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х/,

 - хохирогч Б.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 21 цагийн үед над руу 7 жил найзалж байгаа Доржсүрэн залгаад “...хаана байна гэхээр нь би гэртээ байна гэхэд 17-ын Дуулга караокед хүрээд ирээ...” гэхээр нь би гэрээсээ 22 цагийн үед гараад очсон чинь байхгүй байсан. Тэгээд дахиад Доржсүрэнрүү залгатал 32-н “Акума” төв дээр хүрээд ирээ гэхээр нь би яваад очсон ганцаараа нэлээн согтуу байсан тэгэхээр нь би түрүүлээд ганцаараа гэр лүүгээ явлаа гэсэн чинь миний гарыг мушгиад байсан, тэгэхээр нь би ганцаараа гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ орох гэтэл Доржсүрэн гудамжны үзүүр дээр ирээд намайг дуудсан тэгээд бид 2 манай гэрт хамт орсон. Би гэртээ ганцаараа амьдардаг юм аа. Тэгээд бид 2 орон дээр хамт унтаж байгаад хоорондоо үл ялих шалтгаанаас болоод маргалдсан тэгээд миний нүүр лүү алгадахаар нь би уурласан чинь намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

- гэрч Б.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө дунд 02:40 орчим цагийн үед цонх нүдээд байх шиг чимээ гарахаар нь харахад Болор-Эрдэнэ үс нь сэгсийсэн байдалтай “...Төмөрөө ахаа намайг аллаа...” гээд байхаар нь гараад Болор-эрдэнэ дээр очиход хашаанд нэг үл таних эрэгтэй байхаар нь юу болсон юм бэ гэсэн чинь Төмөрөө ахаа наадах чинь намайг аллаа гэсэн тэгээд Болор-Эрдэнийн нүүрнээс нь цус гарсан, үс нь сэгсийсэн байсан, тэгээд тэр залууг би барьж аваад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн “Б.Болор-Эрдэнийн биед зүүн хацрын төвгөр, зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, хүзүүний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч А.Дг хохирогч Б.Болор-Эрдэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл  санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Болор-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй болохоо тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад илэрхийлсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Дд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Дгийн орлого олох боломж, өөрийнх нь хүсэлтийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

              1. Боржигон зурхайч овогт А.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Дд 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Дд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Дд нь торгох ял биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

   7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.БАТГЭРЭЛ