Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/63

 

 

 

 

 

 

   2021        01          18                                   2021/ШЦТ/63

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Барган овогт Жигжидсүрэнгийн Мөнхтогтохт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011001990987 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг Дэлгэрэхийн дэнж 31-64 тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан. Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/85 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 524 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, өмнөх Шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялаас сар 7 жил 7 сарын 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, 8 жил 1 жил 6 сарын хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан. Барган овогт Жигжидсүрэнгийн Мөнхтогтох /РД:ЙИ94071111/,

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ж.М нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгө хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгтхолбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. шүүгдэгч Ж.М нь 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооныг нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 7-185 тоотод оршин суух хохирогч Р.Рэнцэнхандын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Панасоник” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон яллагдагчаар /хх-ийн 146-148х/ тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Р.Рэнцэнхандын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 11 дүгээр сарын үеэр байсан байх Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7-185 тоотод байх манай монгол гэрээс 32 инчийн зурагт алдагдсан байсан. Тухайн үед би ажилдаа өглөө 07 цагаас гараад явсан байсан. Удалгүй 13 цагийн үед манай охин болох Пүрэвцэцэг надруу залгаад манай гэрийн зурагт алдагдсан байна гэж утсаар залгаж ярьсан ... тухайн үед цагдаагийн байгууллагад хандах гэж байсан боловч ажил төрөл ихтэй байсан тул цагдаагийн байгууллагад хандаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127х/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 130-133х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. шүүгдэгч Ж.М нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 6 дугаар гудамжны 162 тоотод оршин суух хохирогч  Р.Отгонцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч нийт 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Монел” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон яллагдагчаар /хх-ийн 114-117х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Р.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэмж хэлэх зүйл байхгүй. Манай гэрээс 32 инчийн монел брендийн зурагт алдагдсан. Дэлгэцэн дээрээ зурагдсан байдалтай дэлгэц нь шатаад солиулж байсан болохоор одоо ангархайтай байгаа. Уг зурагтыг 5 жилийн өмнө худалдаж авч байсан юм. Манай гэрээс өөр алга болсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд 1, 2 гэж дугаарласан гарын мөрүүдийг адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрүүдийг павилон санд 2020-036-ЧД гэж дугаарлан кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд санд МN0000ӨРШ02770 дугаараар Жигжидсүрэн овогтой Тогтох, МN0000ШШГ01625 дугаараар Мөнхтогтох овогтой Энхтүвшин, МN003320005816 дугаараар Мөнхтогтох овогтой Жигжидсүрэн, МN004910000424 дугаараар Жигжидсүрэн овогтой Мөнхтогтох, МN005210007443 дугаараар Жигжидсүрэн овогтой Мөнхтогтох нэрээр бүртгэгдсэн /овог нэр солигдсон байж болно/ сэжигтний баруун гарын эрхий хуруу, баруун гарын алга, зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх- ийн 32-37х/,

- гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 11х/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14х/,

-Дамно ХХК-ний үнэлгээний “... 200.000 төгрөг ...” гэх тайлан /хх-ийн 46-47х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3.  шүүгдэгч Ж.М нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайнь 5-139 тоотод оршин суух хохирогч Э.Батсоёлтын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч нийт 620.720 төгрөгийн үнэлгээ бүхий “Би эс Би” загварын 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Э.Батсоёлтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 5-139 тоот хашааг 2019 оны 07 дугаар сард худалдан авч, 2019 оноос тус хаяганд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байна. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө эхнэр, хүүхдийн хамт бүгд ажил, сургууль цэцэрлэг гээд өглөө 07 цаг 10 минутын үед гэрээсээ гарч явцгаасан. Орой ажил тараад эхнэрийн хамт гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай. Гэрт орох гэтэл монгол гэрийн хаалга гадна талаасаа цоожтой юм шиг харагдаж байсан ... гэтэл хаалга онгорхой цоожийг нь цүүнд нь хийгээд тавьсан байсан. Гэрт ороод хартал, монгол гэрийн хойморт байсан зурагт байхгүй байсан ... бэлэн 750.000 төгрөгөөр худалдан авч байсан, хар өнгөтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зураг байгаа ... манай ойр хавьд хяналтын камер байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 192-193х/,

- иргэний нэхэмжлэгч Д.Саруулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 60 дугаар байрны 0 тоотод байрлах “Хишиг” нэртэй ломбардыг ажиллуулдаг юм. Болсон асуудлын талаар гэвэл 09 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн орчим байх би өөрөө ажил дээрээ байтал 40 орчим насны, дунд зэргийн нуруутай, бордуу царайтай, маск зүүсэн, хар бараан хувцастай хүн орж ирээд зурагт авах уу гэхээр нь би авна гэж хэлсэн чинь гараад машинаас аваад ирье гэж хэлээд гарч яваад буцаад орж ирсэн. Орж ирэхдээ хүүхэдтэй хамт орж ирсэн. Тэр хүүхдээ миний хүү машиндаа сууж бай гэж хэлсэн чинь хүүхэд нь гараад явсан ... Энэбишийн Энхбаттөр гэсэн хүний жолооны үнэмлэхээр барьцаанд тавьсан ... хулгайн зурагт байна гэж хэлээд хураагаад авч явсан учраас надад 280.000 төгрөгийн хохирол учирсан, дээрх мөнгийг би буруутай этгээдээс нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 189х/,

- гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 177х,/

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 180-181х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 182-186х/,

- “Дамно” ХХК-ний 620.720 гэх үнэлгээний тайлан /хх-ийн 210-211х/,

- эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 227-228х/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 229х/,

- эд мөрийн баримтаар тооцож хураан авсан СиДи 1 ширхэг, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 238-239х/,

-мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх2-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Мыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын байнга амьдрах орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Хохирогч Э.Батсоёлтод энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч Э.Батсоёлтод төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Р.Рэнцэнхандад учруулсан 280.000 төгрөг, Р.Отгонцэцэгт учруулсан 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Саруулд учруулсан 280.000 төгрөгийн тус тус хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ж.Моос нийт 760.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Мт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд гэмт хэрэг үйлдэж 3 удаа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж 3 жилийн хорих ял оногдуулж, түүнийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгоор эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт шүүгдэгчийн үйлдсэн  Э.Батсоёлт хохирогчтой хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн тул хэрэгт нь үйлдээх нь зүйтэй гэж үзэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Барган овогт Ж.М 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Мт цагдан хоригдсон нийт 102 /нэг зуун хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Мт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсгүүдийг тус тус баримтлан Ж.Моос нийт 760.000 /долоон зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Рэнцэнхандад /РД:ХГ75120844/-д 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, хохирогч Р.Отгонцэцэгт /РД:УШ89091900/-д 200.000 /хоёр зуун мянга/, иргэний нэхэмжлэгч Д.Саруулд /РД:ТЕ85080508/-д 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг тус тус олгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.БАТГЭРЭЛ