| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00153/И |
| Дугаар | 213 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 213
2017 оны 04 сарын 06 өдөр Дугаар 156/ШШ2017/00213 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/001563/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 4 дүгээр баг, Баянмод Бор-Өндөр 2-4 тоотод оршин суух, Пунцагийн Агваантогтох /РД:ВК77070710/-д холбогдох,
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10 440 359 53 төгрөг гаргуулах тухай,
Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23 өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“П.Агваантогтох нь 2014 оны 6 дугаар сарын 5 өдөр тус банктай №2014/00283/0621 тоот “цалингийн зээлийн гэрээ”, “цалингийн зээлийн барьцааны гэрээ” байгуулан 9 500 000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хувийн хэрэгцээндээ зориулан авсан. ... өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 9 500 000 төгрөгөөс 2 119 658 87 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 4 534 683 24 төгрөгөөс 1 481 364 84 төгрөгийг тус тус төлсөн байна. зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 3 дугаар сарын 31 өдрөөс эхлэн биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2017 оны 2 дугаар сарын 15 өдрийн байдлаар үндсэн зээл 7 380 341 13 төгрөг, зээлийн хүү 2 837 934 35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215 384 05 төгрөг, нийт 10 440 359 53 төгрөг байна.
... Иймд зээлдэгч П.Агваантогтохоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 10 439 659 53 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Агваантогтох нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Худалдаа хөгжлийн банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 10 439 659 53 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31 өдрийн дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч П.Агваантогтоход холбогдуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 10 439 659 53 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П.Агваантогтох нь нэхэмжлэлийн шаардлага 10 439 659 53 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31 өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П.Агваантогтоход холбогдох, Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 10 439 659 53 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181 996 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 90 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 90 998 төгрөг, хариуцагч П.Агваантогтохоос 90 998 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч П.Агваантогтох нь 2017 оны 07 дугаар сарын 31 өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА