Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 215

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр     Дугаар 156/ШШ2017/00215    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00284/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монголросцветмет ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох
"№2013/02 дугаартай ус ашиглуулах гэрээнд заасан усны төлбөрийн хэмжээ үндэслэлгүй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, Б.Цэнд-Аюуш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Л.Бат-Октябрь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.  
                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, Б.Цэнд-Аюуш нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Монголросцветмет” ХХК-ний харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр  болон Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд байгуулсан №2013/02 тоот Ус ашиглуулах гэрээний 2.7-д заасан үнийн дүн үндэслэлгүй болохыг тогтоолгож, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээг нийт 376 445 268 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн Байгаль орчны газартай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №2013/02 тоот “Ус ашиглуулах гэрээ”-г байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу усны төлбөрт нийт 1 156 699 920 төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. Дээрх 2013 оны 11 дүгээр сарын 15 өдрийн ус ашиглуулах тухай №2013/02 тоот гэрээний гол нөхцөл болох усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон заалт нь холбогдох эрх зүйн актыг буруу хэрэглэсэн, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байгаа болно. Тодруулбал: Гэрээгээр ус ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 2013 оны      9 дүгээр сарын 21 өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг.
Тогтоолын 3 дах заалтаар “Ус ашигласны хувь хэмжээг шинжлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 351 дүгээр тогтоолыг 2013 оны 9 дүгээр сарын 21 өдрөөс хүчингүй болсонд тооцсон ба өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол батлагдан гарах хүртэл хугацаанд “Ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 351 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно. Иймд тус компанийн 2013 оны усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтооход дээрх 2 тогтоол аль аль нь үйлчлэх бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 1 өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 21 өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 351 дүгээр тогтоолын дагуу, 2013 оны 9 дүгээр сарын 21 өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуусталх хугацаанд Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор баталсан хувь хэмжээгээр тооцох ёстой байсан гэж үзэж байна. Үүнийг Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын яамнаас 2015 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 08/6978 тоот албан бичгээр баталгаажуулсан болно. 
Хэнтий аймгийн Байгаль орчны газраас байгуулсан №2013/02 тоот Ус ашиглуулах гэрээний 2.7-д гэрээний бүгд үнийг 1 156 699 920 төгрөг байхаар тооцсон нь үндэслэлгүй энэ нь манай компанийг 780 254 652 төгрөгөөр хохирооход хүргэж байгаа болно. 
Манай компани шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргаж шинжээчийн дүгнэлтээр Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд усны нөөц ашигласны төлбөрийг тогтоохдоо 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааг Засгийн газрын 351 дүгээр тогтоолыг, 2013 оны 09 дүгээр сарын 21-нээс хойшхи хугацаанд Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолыг баримтлан тогтоосон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнэ, Л.Бат-Октябрь нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“Монголросцветмет ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Монголросцветмет ХХК-ний харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 оны ус ашиглуулах дүгнэлтийг Байгаль орчны яам 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 07/1687 дугаартай дүгнэлт гаргасан. 
Хэнтий аймгийн Байгаль орчны газар нь “Монголросцветмет” ХХК-ний харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэртэй ус ашиглуулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2013/02 гэрээг байгуулан ажилласан.
Байгаль орчны газраас гаргасан ус ашиглах дүгнэлтийн дагуу Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалын дагуу үнэлгээг тооцон гаргахад 2009 оны Засгийн газрын 351 дүгээр тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалыг итгэлцүүрээр бодох боломжгүй. Харин 2013 оны 326 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалыг итгэлцүүрээр бодохоор заасан байдаг.
2013 оны 327 дугаар тогтоолоор Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолоор батлагдсан “ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталсан байдаг. Иймд Засгийн газрын 302, 326, 237 дугаар тогтоолын дагуу усны төлбөрийг тооцож гаргасан нь үндэслэлтэй. 
Засгийн газрын 326 дугаар тогтоол гарснаас хойш ус ашиглуулах тухай 2013/02 дугаартай гэрээг байгуулахдаа дээрх тогтоолтой нийцүүлж усны төлбөрийг тооцсон” гэв.  

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 7-11, 12-16, 40-41, 43-44, 47-48, 49-51, 67, 201, 204, 217/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь: 
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт холбогдуулан, Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 15 өдөр байгуулагдсан Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт 2013 онд ус ашиглуулах №2013/02 дугаартай гэрээний 2.7-д заасан үнийн дүн үндэслэлгүй болохыг тогтоолгож, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээ 376 445 268 төгрөг болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. 
Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар нь усны төлбөрийн үнийн дүн зөв гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 
Нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэгчийн тайлбараас харахад ус ашиглалтын хэмжээг гэрээнд хэт өндөр тогтоосон нь Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийг 780 гаруй сая төгрөг илүү төлөхөд хүргэх энэ хэмжээгээр байгууллага алдагдал хүлээж хохирох эрсдэл бий болгоно гэж үзэж ус ашиглалтын төлбөрийн хувь хэмжээг бодитойгоор тогтоолгох агуулга бүхий байна. 
Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ 2013/02 дугаартай гэрээнд 2013 оны ус ашигласны төлбөрийг тогтоохдоо 2013 оны 09 дүгээр сарын 01 өдөр батлагдсан “усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох,  хөнгөлөх тухай” Засгийн газрын тогтоолыг баримталсан нь буруу, ус ашиглалтын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 351 дүгээр тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 21 өдөр хүртэлх хугацааны ус ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо баримтлах ёстой байсан гэж үзжээ. 
2013 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ашиглуулах усны дүгнэлт, ус ашиглуулах 2013/02 дугаартай гэрээнд тусгагдсан 1 930 340.0 м3 усанд 439 055 182 төгрөгийн төлбөр ногдхоор байна гэж шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13 өдрийн дүгнэлтэд дурдсан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 онд ус ашиглуулах 2013/02 дугаартай 2013 оны 11 дүгээр сарын 15 өдрийн гэрээний 2.7-д заасан ус ашигласан төлбөрийн хэмжээг тооцох аргачлалд зөвхөн Засгын газрын 2013 оны 09 дүгээр сарын 21 өдөр батлагдсан 326, 327 дугаар тогтоол, эдгээр тогтоолын хавсралтаар төлбөрийг тооцохоор /хх 13/ заажээ. 
2013 оны 01 дүгээр сарын  01 өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 21 өдөр хүртэл ус ашигласан төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо тухайн үед батлагдаагүй, хүчин төгөлдөр болоогүй байсан “усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21 өдрийн  326 дугаартай тогтоолыг баримталсан нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 
Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэх ерөнхий зарчим нь хууль болон хуульчилсан актыг хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ гэсэн агуулгатай юм. Уг акт хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ. 
Дээрх зарчмаар авч үзвэл “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох,  хөнгөлөх тухай” Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21 өдрийн  326,  “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21 өдрийн  327 дугаар тогтоолуудыг 2013 оны 09 дүгээр сарын 21 өдрөөс өмнө үүссэн харилцаанд бус, харин эдгээр тогтоолыг хүчин төгөлдөр болсноос хойш үүссэн харилцаанд хэрэглэнэ гэж үзнэ.
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК нь Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэртэй байгуулсан 2013 онд ус ашиглуулах  гэрээний 2.7 дахь заалтаа эргэж хянан үзэж, усны нөөц ашигласны төлбөрийг бодитойгоор тодорхойлж, төлбөрийн хэмжээг  дахин хянаж магадлах талаар талаар хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчны газарт удаа дараа хүсэлт /хх 40-41, 43-44, 49-51/ гаргаж байсан, 
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох,  хөнгөлөх тухай” Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21 өдрийн  326 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21 өдрийн  327 дугаар тогтоолыг батлагдахаас өмнөх хугацаанд хамаарах усны нөөц ашигласны төлбөрийг “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 25 өдрийн  351 дүгээр тогтоолыг баримтлан тогтоохоор байна гэдгийг дурдаж, үүнийг баримтлан 2013 оны усны нөөц ашигласны төлбөрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2015 оны 12 сарын 24 өдөр 08/8039 дугаартай албан бичгээр мэдэгдэж байсан /хх 47-48, 67/  нь тус тус тогтоогджээ.
Ус ашиглуулах тухай 2013/02 дугаартай гэрээнийн 5.3, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь 2013 онд ашигласан усны төлбөр ногдуулах үндэслэл, төлбөрийн хэмжээг дахин хянаж магадлах талаар хариуцагчтай тохиролцох, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг тодорхойлсон нь шударга ёсны зарчимд нийцээгүй ... гэж аль нэг тал үзвэл шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд хандах эрхтэй байна. 
2013/02 гэрээний 2.7 дахь заалт нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 193 дугаар зүйлийн 193.1-д заасныг зөрчсөн байх тул 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д заасан хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус байх нь хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц хэлцлийн үлдсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 193 дугаар зүйлийн 193.2-д  заасныг баримтлан Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Хэнтий аймгийн Байгаль орчны газрын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 15 өдөр байгуулагдсан Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт 2013 онд ус ашиглуулах №2013/02 дугаартай гэрээний 2.7-д заасан үнийн дүн үндэслэлгүй болохыг, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн 2013 онд ашигласан усны төлбөрийн хэмжээ 376 445 268 төгрөг болохыг тус тус тогтоосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу 2013/02 дугаартай гэрээний 2.7-д зааснаас бусад хэсэг хүчин төгөлдөр хэвээр болохыг дурдсугай. 
3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 2 040 176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2 040 176 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Монголросцветмет ХХК олгосугай. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Э.АРИУНАА