Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 120/2022/0011/3 |
Дугаар | 221/МА2022/0657 |
Огноо | 2022-10-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2022/0657
“Т Т Х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О
Нэхэмжлэлийн шаардлага: Ханбогд сумын Засаг дарга болон “Т M H” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” 4.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 120/2022/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т Т Х” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “Ханбогд сумын Засаг дарга болон “Т Т Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” 4.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг хариуцагчид даалгуулахаар”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 55 дугаар зүйлийн 55.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “к”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан “Т Т Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. “...Шийдвэрийн 9 дэх талд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэжээ. Гэтэл 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Татварын ерөнхий хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлбөрийг тогтоохоор хуульчилсан байсан ч 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн нэмэлт өөрчлөлтөөр түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоох заалтыг нэгэнт хүчингүй болгож, төлбөрийг Улсын Их Хурлаас тогтоох буюу хуулиар ногдуулахаар өөрчлөн заасан өдрөөс өмнө үйлчилж байсан хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй байна.
3.2. Мөн шийдвэрийн 9 дэх хэсэгт хэргийн оролцогчид уг тогтоол /2011 оны 9/9 дүгээр тогтоол/-той маргаагүй, төлбөрийн хэмжээ тогтоосон дээрх тогтоолууд нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2011 оны 9/9 дүгээр тогтоолыг эс хүлээн зөвшөөрч тус тогтоолыг хүчин төгөлдөр бус болох талаар маш тодорхой дурдсан бөгөөд шүүх хуралдааны үеэр ч үүнийгээ тодорхой илэрхийлсэн.
3.3. 2008 оны Татварын ерөнхий хуулиар 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжид нийцүүлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг тогтоох эрхийг олгосон байсан боловч 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлбөрийн хэмжээг тогтоох заалтыг хүчингүй болгосноор 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/9 дүгээр тогтоол хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь хуулиар нэгэнт хүчингүй болсон байхад хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
3.4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндсэн хууль бусад хуулиар олгогдсон эрхийн хүрээнд орон нутгийн хэмжээнд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээ бүхий шийдвэр гаргах эрхтэй, 2011 оны 9/9 дүгээр тогтоолыг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хүчингүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэжээ.
3.5. Гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулиар төлбөр тогтоох эрх иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдоогүй тул хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэм хэмжээний акт гаргах эрхтэй гэж үзсэн дүгнэлт илт буруу байна. Хүчингүй болгосон Монгол Улсын хууль тогтоомж байхад өөр ямар баримтаар нотлох нь ойлгомжгүй.
3.6. Мөн шүүгч шийдвэртээ Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “к” хэсгийг үндэслэсэн байх бөгөөд уг заалтад “Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг даргад, аймаг, нийслэлийн Засаг даргаас сум, дүүргийн Засаг даргад хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх” гэж заасан нь хэрэгт ач холбогдолгүй, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн байх ба Засгийн газар, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэн алинд нь ч түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг тогтоох эрх хуулиар олгогдоогүй байх тул хэн аль нь ч ашигт малтмалын төлбөр тогтоох эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлэх эрхгүй байна.
3.7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хувь хэмжээг 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Улсын Их Хурлын хуулиар тогтоохоор Татварын ерөнхий хуульд тусгагдсан бөгөөд Улсын Их Хурал хуулиар төлбөр тогтоох эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж өгөөгүй, өгсөн байсан ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Улсын Их Хурал хуулиар тогтоосон хувь хэмжээнээс хэтрүүлэн тогтоох эрх байхгүй байна.
3.8. Өөрөөр хэлбэл 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын тухай хууль, 2014 оны Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд тус тус зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг борлуулалтын үнэлгээний 2,5 хувиар тооцон төлөхөөр заасан ба Тагнуулын ерөнхий газраас гаргасан тодруулгаар хэрэв худалдан борлуулаагүй бол зах зээлийн үнэлгээний 2,5 хувиар оногдуулахаар тодорхойлсон байтал Ханбогд сумын Засаг дарга гэрээнд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоосон хүчингүй болсон актыг үндэслэж хуульд заасан хувь хэмжээнээс хэтрүүлсэн өндөр төлбөр тогтоосон байх тул Ханбогд сумын засаг дарга болон “Т Т Х” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1003 дугаар гэрээний 4.1 дэх заалт нь илт хууль бус, анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Т Т Х” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “Ханбогд сумын Засаг дарга болон “Т Т Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/755 дугаар захирамжаар Нүүрс тээврийн машинуудын авто зогсоолын барилга угсралтын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах зөвшөөрлийг нэхэмжлэгч “Т Т Х” ХХК-д олгож, мөн захирамжийн 4 дэх заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээ байгуулж, ашигт малтмал ашигласан төлбөрийн хэмжээг бүрэн бүрдүүлэхийг Ханбогд сумын Засаг даргад даалгасан байна.
2.3. Үүний дагуу Ханбогд сумын Засаг дарга “Т Т Х” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах тухай” 18/1003 дугаар гэрээг байгуулж, тус гэрээний 4-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар төлбөрийн хэмжээг тооцохоор тусгасан нь илт хууль бус болжээ.
2.4. Маргаан бүхий гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараахь татвар орон нутгийн татварт хамаарна:”, 7.4.9-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно”, 8.2-т “Энэ хуулийн 8.4-8.6-д зааснаас бусад татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно”, 8.5-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг Улсын Их Хурлаас тогтоохоор байна.
2.5. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Татварын ерөнхий хууль /2019/-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:”, 7.2.29-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”, 8 дугаар зүйлийн 8.3-д “Энэ хуулийн ...7.2.29-д заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын зөвлөл тогтоож болно” гэж заажээ.
2.6. Дээрх хуульд зааснаас үзэхэд, тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоохоор байх боловч уг хуульд тусгайлан эрх олгосон зохицуулалт байхгүй төдийгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тодорхой зохицуулжээ.
2.7. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө”, 33.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна” гэж нарийвчлан хуульчилсан.
2.8. Гэтэл дээрх хуульд заасан хувь хэмжээнээс илүү хэмжээгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг гэрээгээр тогтоосон байгаа энэ тохиолдолд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга болон “Т Т Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна”, 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж тус тус зааснаар илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.9. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.10. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй”, 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж тус тус заажээ.
2.11. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал гэрээнд өөрчлөлт оруулахаар санал гаргах эрхтэй хэдий ч гэрээний нөгөө тал уг саналыг хүлээн авч өөрчлөх боломжгүй байгаа тохиолдолд тухайн гэрээг цуцлах эрх нь хариуцагчид хуулиар олгогдсон, энэ нь захиргааны сонгох боломжид хамаарахаар байна.
2.12. Маргаан бүхий энэ тохиолдолд “гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1 дэх заалтыг өөрчилж, тодорхой хувь хэмжээгээр төлбөр ногдуулан, гэрээг цаашид үргэлжлүүл” гэж шүүхээс захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж, хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т Т Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга болон “Т Т Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/1003 дугаар гэрээний “Дөрөв. Төлбөр төлөх журам, хугацаа” хэсгийн 4.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчилж,
Тогтоох хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг тус тус баримтлан “Т Т Х” ХХК-ийн гаргасан “хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр ногдуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН