Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1196

 

 

Г.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/00659 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Лхагвадорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, Б.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/635 тоот тушаалаар Сансар тооцооны төвийн захирлаар томилогдон, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Өөрийн гүйцэтгэх үүрэгт ажлыг зохих ёсоор хийж, ямар нэгэн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн зүйл байхгүй байтал 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/1376 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгон, цуцалж ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл надад огт мэдэгдэлгүйгээр ямар ч үндэслэлгүй баримтаар ажлаас халах тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны /2016 оны 11 сарын 07-ны өдрөөс 2017 оны 03 сарын 29-ний өдөр/ цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Ж.Болорчимэг, Л.Батболд нарын шүүхэд гаргасан тайлбарт: Төрийн банкны Хяналт шалгалтын газрын ээлжит иж бүрэн шалгалт Төрийн банкны Сансар тооцооны төвд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хийгдсэн бөгөөд уг шалгалтаар тус тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Г.Лхагвадоржтой холбоотой дараах ноцтой зөрчлүүд илэрсэн. Г.Лхагвадорж нь тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан "Салбар нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, ажлыг хувиарлах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлж, эргэх холбоотой ажиллах” үндсэн үүргийг биелүүлж, өдрийн гүйлгээний  баримтыг хянаж ажиллаагүйгээс ахлах теллер Э.Шинэбаяр нь "Сансар" болон "Нарантуул" тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 22 харилцагчийн тэтгэврийн, цалингийн, энгийн, оюутны харилцах данс, хугацаагүй хадгаламж, ХХС-ийн хөтөлбөрийн данс, халамжийн дансыг удаан хугацаагаар гүйлгээ гараагүй удсан дансыг мэдэж авсны үндсэн дээр 30 удаагийн үйлдлээр нийт 4 541 410 төгрөгийг хувьдаа авч ашигласан ноцтой зөрчил илэрсэн байна.

Сансар тооцооны төвд хамааралтай 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 13-ны хооронд 13 харилцагчийн данснаас 15 удаагийн үйлдлээр 2 067 460 төгрөгийн ашиглалтыг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр өдрийн гүйлгээний бэлэн мөнгөний зарлагын баримтад харилцагчийн гарын үсэггүй, харилцагчийн гарын үсгийг дуурайн зурах замаар хувьдаа завшин ашиглан хийсэн ноцтой зөрчил гаргасан байхад илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүйгээс тус ашиглалын үйлдэл даамжирч шилжин ажилласан Нарантуул тооцооны төвд мөн 15 удаагийн үйлдлээр 2 473 950 төгрөгийн ашиглалын үйлдэл гарах нөхцөл бололцоог бий болгосон. Дээрх 6 харилцагчийн данснаас авсан 879 470 төгрөгийн ашиглалын үйлдэл нь Г.Лхагвадоржийг Сансар тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд үйлдэгдсэн.

Мөн Теллерийн системийн багц журмын 6.1.14, 6.1.14.3, 6.1.14.4 гэсэн заалт заавар журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үүргийг хангалттай түвшинд хэрэгжүүлээгүйгээс шалгалт хамрах хугацаанд балансын алдагдал 213,614.9 мянган төгрөгөөр өссөн. 2016 оны 03-р улирлын эцсийн байдлаар 492 531 300 төгрөгийн балансын алдагдалтай ажилласан. Зээлийн үйл ажиллагааны журмын 16.1.1 дэх заалтыг зөрчиж, 7 зээлдэгчид 12 224 236 төгрөгийн тэтгэврийн зээлийн гэрээг хянаж гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулаагүй зөрчлийг гаргасан. Зээлийн үйл ажиллагааны журмын 5.3.2 "Зээлийн төлбөр төлүүлэх дараалал"-ын 5.3.2.а заалтыг зөрчиж зээлийн урьдчилсан төлөлт хийхдээ тухайн өдрийг хүртэлх ашигласан хугацаанд хуримтлагдсан хүүний төлөлтийг хийхгүйгээр шалгалт хамрах хугацаанд нийт 122 удаа 819 130 229 төгрөгийн зээлийн төлбөр шууд үндсэн зээлийн үлдэгдлийг төлүүлсэн зөрчлөөс 2016 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 908 816 төгрөгийн зээлийн хүүний орлогыг алдсан. Үйлчилгээний ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүйгээс тус тооцооны төвийн ажилтан Ц.Өнөржаргал нь 2015-2016 оны хооронд өөрийн компьютерээс харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад интернет банкны эрхээр нэвтрэн Н.Хандаагийн 106100086389 тоот хадгаламжийг барьцаалан хадгаламж барьцаалсан зээл авч өөрийн болон нөхөр О.Мөнхсайханы дансруу 13 удаа нийт 3 641 000 төгрөгийг шилжүүлж ашигласан зөрчил удаа дараа гарсан байхад илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй. Өнөөдрийн байдлаар ашиглангийн үйлдэл гаргасан Э.Шинэбаярын нэр дээр 1 052 287 төгрөгийн авлага үүссэн, төлөгдөөгүй байна. Г.Лхагвадоржийн гаргасан зөрчил нь банкны хяналт шалгалтын газрын шалгалтаар бүрэн тогтоогдсон тул Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1376 тоот тушаалаар Г.Лхагвадоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г.Лхагвадорж нь шалгалтын тайлантай танилцаж, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Г.Лхагвадоржийг Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 981 264 төгрөгийг “Төрийн банк” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Лхагвадоржид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142 650 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхээс ИХШХШТухай хуулийн 166.4-т заасны дагуу энэхүү гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэрэгт өмнө авагдсан тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэдэгт итгэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтүүд алдаатай болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэсэн талаар.

Шүүхээс 3 удаагийн шалгалтаар дээрх зөрчил дутагдал илрээгүй /хх-ийн 116-146 тал/ байхад зөвхөн салбарын захирлыг буруутгасан нь үндэсгүй гэж дүгнэсэн нь өмнөх
шалгалтуудаар илрээгүй зүйлийг дараагийн шалгалтаар илрүүлсэн нь буруу, нэгэнт
зөрчлийг илрүүлсэн нь буруу учраас салбарын захирлыг буруутгасан нь үндэсгүй гэж
дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны мэтгэлцээний явц болон зөрчил илэрсэн талаарх тогтоогдсон байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой үнэлэлт, дүгнэлт өгөлгүй дээрх өнгөц дүгнэлтийг гаргасанд гомдолтой байна. Банкны зүгээс зөвхөн салбарын захирлыг буруутгасан зүйл байхгүй бөгөөд зөрчилд хамаарах бүх ажилтнуудад хариуцлага тооцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасны дагуу банк илрүүлсэн даруйдаа нэг сарын дотор Г.Лхагвадоржид сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

Г.Лхагвадорж нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг болон банкны холбогдох эрх зүйн актуудыг зөрчсөн, түүнчлэн банкны харилцагчийн данснаас харилцагчийн өөрийнх нь хүсэл зориггүйгээр гарын үсэг дуурайлган зурах байдлаар данснаас зарлага хийсэн нь банкны нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл болох нь тогтоогдсоор байтал "тогтоогдоогүй байх тул" гэж илтэд хууль бус үйлдлийг дэмжсэн хууль бус дүгнэлт, шийдвэр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" уг заалтыг тайлбарласан УДШ-ийн 15.4.2-д “40.1.4-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна...” гэж тодорхойлсон байх бөгөөд банкинд бодитой хохирол, нэр хүндийн эрсдэл үүссэн, банкны зүгээс Г.Лхагвадоржтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа "Ноцтой зөрчил" гэдгийг тодорхой заасан болно.

Хэрэв шууд удирдлагын хувьд Г.Лхагвадорж нь өөрийн ажил үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол зөрчил дутагдлыг цаг тухайд илрүүлснээр таслан зогсоож, харилцагч болон банкинд хохиролтой үйлдлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсан. Түүнчлэн харилцагч банкинд өөрийн биеэр ирээгүй байхад түүний гарын үсгийг дуурайлган зурж, харилцагчийн данснаас мөнгө завших үйлдэл гаргасныг шууд удирдлагын хяналт алдагдсантай холбон үзэж, түүнд хариуцлага тооцохоос өөр аргагүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ гэдэгт итгэж байна.

Зөрчил илрүүлэхийн хувьд дээрх төрлийн зөрчил нь шууд удирдлага хяналт тавиагүй тохиолдолд илрэх боломж нь хязгаарлагдах бөгөөд харилцагч өөрөө гомдол гаргах буюу банкны зүгээс харилцагч нэг бүртэй хийгдсэн гүйлгээний талаар тодруулга авах байдлаар тулган баталгаажуулалт хийх үед илрүүлэх боломжтой байдаг. Энэ дагуу Г.Лхагвадоржтой холбоотой 6 харилцагчийн холбогдох гүйлгээнүүдийг банкны хянан шалгагч шалган тогтоосон болно. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд ИХШХШТухай хуулийн 118.4 ” Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шуүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг анхан шатны шүүх хэрэгжүүлж чадаагүй, хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Лхагвадоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Лхагвадорж нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Г.Лхагвадорж нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Г.Лхагвадорж нь “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 04 сарын 16-ны өдрийн Б/635 дугаартай тушаалаар Сансар тооцооны төвийн захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад /хх- 5-11/ тус банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн Б/1376 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн байна. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 5.28 дах заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 68 тоот хурлын шийдвэрийг үндэслэл болгожээ./хх-8-11,12/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх хэсэгт ажилтны гаргасан ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар заасан ба 7.4.2-т “Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон”, 7.4.18-т “Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар харилцан тохиролцсон байна. 

 

Сансар тооцооны төвийн захирал Г.Лхагвадорж нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан дараах ноцтой зөрчил гаргасан. Үүнд:

 Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг болох

-Салбар, нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, ажлыг хувиарлах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлж, эргэх холбоотой ажиллах,

–салбар, нэгжийн үйл ажиллагаа зохих заавар, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх,

-салбар, тооцооны төвийн өдөр тутмын нягтлан болох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих,

-Холбогдох хууль тогтоомж, заавар, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөх үүргээ биелүүлээгүй, /хх-31-32/

 Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам болох  

      -Теллерийн системийн багц журмын 6 дугаар зүйлийн 6.1.14 “Улаанбаатар хот болон аймгийн төв дэх салбар, нэгж бэлэн орлогын 1 000 000 төгрөг, түүнтэй тэнцэх валютаас доош дүнтэй гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гүйлгээний баримтанд гарын үсэг зурахгүйгээр багцаар хяналт тавьж ажиллах, мөн теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гүйлгээний баримтанд гарын үсэг, тэмдгээр баталгаажуулах, сумдын хувьд мөнгөн дүн  харгалзахгүйгээр гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулах, бэлэн орлогоос бусад гүйлгээг мөнгөн дүн харгалзахгүйгээр гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулах, банк хоорондын бэлэн болон бэлэн бус валютын гүйлгээг мөнгөн дүн харгалзахгүйгээр гүйлгээний баримтыг теллер нь ахлах теллерээр, ахлах теллер, ерөнхий нягтлан бодогч нар нь нэгжийн захирлаар буюу шат дараалсан хяналтыг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулах” заалт, /хх-97-98/

-Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын 5.3.2 “нэмэлт зээл олгосон тохиолдолд үндсэн зээлийн төлбөрийг төлүүлэхдээ нэмэлт зээлийн үлдэгдлээс эхэлж хорогдуулна”, 16 дугаар зүйлийн 16.1.1 “тэтгэврийн болон хадгаламж барьцаалсан зээлийн саналыг теллер болон харилцааны менежер боловсруулан ерөнхий нягтлан бодогч, ахлах теллерээр хянуулан нэгжийн захирлаар, тооцооны кассын хувьд ахлах теллерээр гарын үсэг зуруулж олгоно” гэсэн заалтуудыг /хх-104, 110/ тус тус зөрчсөн болох нь “Төрийн банк” ХХК-ийн Хяналт шалгалтын газраас Баянзүрх дүүрэг салбарын харьяа Сансар тооцооны төвд хийсэн шалгалтаар тогтоогдсон байна./хх-58-71/

 

Тэрээр өөрийн шууд удирдлага дахь ажилтнуудад өдөр тутмын шат дараалсан хяналтыг тавьж ажиллаагүйгээс ахлах теллер, ажилтан нар банкны мөнгөн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм журмыг баримтлаагүй зэрэг  ноцтой зөрчил гарсан, уг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, арга хэмжээ авч ажиллаагүй, зээлийн урьдчилсан төлөлт хийхдээ ашигласан хугацаандаа хуримтлагдсан хүүний төлөлтийг хийхгүйгээр шууд үндсэн зээлийн үлдэгдлийг төлүүлснээр зээлийн хүүгийн орлогыг алдсан, банкинд бодитой хохирол учирсан, банкны бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагавар бий болгосон гэж ажил олгогчийн зүгээс үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон байхаас гадна уг зөрчлийг нотлох баримт хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь “намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлан Эмнэлгийн хуудсыг шүүхэд ирүүлсэн байх боловч ажил олгогчийг тушаал гаргах үед эмнэлгийн чөлөөтэй тухайгаа хариуцагч “Төрийн банк” ХХК-д мэдэгдсэн байсан эсэх нь тодорхой бус, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан, уг байдал нотлогдсон байхад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүйгээс  ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Түүнчлэн ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг ажиллах хугацаандаа биелүүлээгүй, “Төрийн банк” ХХК нь Хяналт шалгалтын газрын ээлжит иж бүрэн шалгалтыг Сансар тооцооны төвд 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 сарын 18-ны өдөр хүртэл хийж зөрчлийг илрүүлэн 2016 оны 11 сарын 07-ны өдрийн Б/1376 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Г.Лхагвадоржийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Лхагвадоржийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/00659 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Г.Лхагвадоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 651 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ