Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 109/2015/0028/З |
Дугаар | 350 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 350
Д.Бархын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2016/0384 дүгээр магадлалтай, Д.Бархын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6, 40.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бархын “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/122 дугаар захирамжийн Д.Бархтай холбоотой заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2016/0384 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засаг даргын А/122 дугаар захирамжаар хэд хэдэн хүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба харин Д.Бархын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар хүчингүй болгосон гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад шүүх захирамжийн утгыг таамаглан дүгнэж байгаа нь иргэний эрх, ашгийг ноцтой зөрчиж байна. Захиргааны акт хэнд ямар үндэслэлээр чиглэсэн нь ойлгомжтой байх ёстой.
Д.Бархын газар эзэмшүүлэх гэрээний хугацаа 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1 жилээр сунгагдаж, газрын даамал хуулийн дагуу гэрээг сунгасан гэж ойлгосон учир газрын төлбөрийг тухай бүр төлж байсан нь баримтаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь газар дээрээ бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа тасралтгүй явуулах зорилгоор хэд хэдэн төсөл хөөцөлдөж явсан, мөн түүний гэр бүлийн гишүүд болон өөрийнх нь эрүүл мэнд муудснаас эзэмшил газрынхаа бүх талбайд тариалалт хийж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Шүүх хуулийн энэрэнгүй зарчмаар хандаж, иргэний эрх ашгийг хамгаалахад илүү анхаарах байтал захиргааны байгууллагын эрх ашигт нийцүүлэн хуулийг тайлбарлаж байна.
Улмаар Засаг дарга газар эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаагаа мэдэгдээгүй, мөн нэхэмжлэгч нь Төвшрүүлэх сумын Засаг даргын эзэмшил газрыг хүчингүй болгосон 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/122 дугаар захирамжийг жилийн дараа мэдсэн зэргээр албан тушаалтны гаргасан эрхийн актыг иргэнд болон холбогдох этгээдэд хүргүүлэх, мэдэгдэх хуулийн процесс шаардлага хууль зөрчсөн нь актыг хүчингүй болгох үндэслэл болно. Давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой бүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн нэг нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” байх нөхцөл болохыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тодорхойлжээ.
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/122 дугаар захирамжаар мөн Засаг даргын 2008 оны 33 дугаар захирамжийн дагуу тус сумын Хүрэн толгой нэртэй газарт иргэн Д.Бархын тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан 500 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.
Д.Барх нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болохыг Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх,
17.2.4-т “тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаархи мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй,
2009, 2010 онд хөрсний шинжилгээ хийлгэсэн, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг авахаар хандаж байснаас өөр баримтгүй зэрэг нотлох баримтыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэжээ.
Нэхэмжлэгчийн өөрийн болон хүүгийнхээ эрүүл мэндийн байдлын улмаас газраа ашиглаагүй гэх тайлбар нь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдалд хүргэсэн “хүндэтгэн үзэх шалтгаан” биш талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хариуцагч захиргааны байгууллагаас холбогдох этгээдэд мэдэгдэж байсан, үүнтэй 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д.Барх танилцаж гарын үсгээ зурсан баримт хэрэгт авагдсанаас үзвэл захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан”...мэдэгдэх...” үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй юм.
Нэхэмжлэгч Д.Барх нь 2011-2014 онуудад захиргааны байгууллагатай газар эзэмших гэрээг байгуулж, газрын төлбөр төлж байсан баримтууд хэрэгт байна.
Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь гэрээний хүчинтэй байх хугацаагаар хязгаарлагдахгүй юм.
Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаанд энэ хуульд заасан аль нэг үндэслэл бүрдсэнээр захиргааны байгууллага гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй болохыг дээрх хуулиар зохицуулсан байна.
Иймээс “... хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, ... захирамж гарсныг мэдэгдээгүй, ... гэрээний хугацаа сунгагдсан байдлыг шүүх анхаараагүй..., шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй..., хууль буруу хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарал бүхий Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2016/0384 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ