Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 217

 

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр     Дугаар 156/ШШ2017/00217    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 
Хэргийн индекс:156/2017/00109/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг, “Улаан-Өндөр” гэдэг газарт нутагладаг Боржигон овогт Болдбаатарын Нэргүйд (СЮ-СБ89120915) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийт тосгонд оршин суух, Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхдэлгэрийн(СЭ-88110202) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов. 
ТОДОРХОЙЛОХ НЬ: 
Нэхэмжлэгч Ч.Мөнхдэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Б.Нэргүйтэй 2011 онд  танилцаж хамтран амьдрах болсон юм. Энэ хугацаанд 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр охин Н.Энх-Оюу төрсөн. Бид 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оноос салж тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд охин Энх-Оюу миний асрамжинд байсан. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй. Шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ (хх-ийн 1, 14 тал)

Хариуцагч Б.Нэргүй нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Ч.Мөнхдэлгэрийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Г.Мөнхдэлгэртэй 2011 онд танилцаж хамтран амьдарсан юм. 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр охин Н.Энх-Оюу төрсөн юм.  
Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Н.Энх-Оюуг эх Ч.Мөнхдэлгэрийн асрамжид үлдээнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно. (хх-ийн 13 тал)

Хариуцагч Б.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлтдээ:.. маргаантай зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 14 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ: 
Нэхэмжлэгч Ч.Мөнхдэлгэр нь хариуцагч Б.Нэргүйгээс гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж , 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр охин Н.Энх-Оюуг төрүүлсэн болох нь гэрлэлтийн  бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 4 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 5 тал)  № Г/26 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 6 тал)
Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Зохигчид нь 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 13 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар зохигчид нь 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин Н.Энх-Оюуг эх Ч.Мөнхдэлгэрийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон байна. (хх-ийн 13 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин Н.Энх-Оюуг эх Ч.Мөнхдэлгэрийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 13,14 тал)
Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар зохигчдыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ: 
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхдэлгэр, хариуцагч Боржигон овогт Болдбаатарын Нэргүй нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин Н.Энх-Оюуг эх Ч.Мөнхдэлгэрийн асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Ч.Мөнхдэлгэр нь хариуцагч Б.Нэргүйгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Мөнхдэлгэр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэргүйгээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мөнхдэлгэрт олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.ЦЭРЭНДУЛАМ