Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        01         21                                   2021/ШЦТ/79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч А.Алтанчимэг, түүний өмгөөлөгч П.Аюушжав,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Өргөн цээж овогт Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000866  дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Байгалийн шинжлэх ухааны сургуулийн 4 дүгээр курст сурдаг гэх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Монелийн 43-48 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 850 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ялаа биелүүлээгүй байгаа, Өргөн цээж овогт Э.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.Б нь хуурч, бодит байдлыг өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авч залилсан, хуурч өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авч залилахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг хохирогч Н.Хулангаас “Редми Нөт-8” загварын гар утсыг “төлбөрийг Голомт банкны мобайл банкаар шилжүүлчихлээ валютын данснаас шилжүүлсэн учир Монгол банкаар дамжиж маргааш дансанд чинь орно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч, 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн хэргээ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Н.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын эхээр шиг санагдаж байна намайг лангуун дээрээ сууж байхад тайрмал бор өнгийн үстэй, 160-165 см орчим өндөртэй цайвар шаргал царайтай эмэгтэй хүн орж ирээд надад хандан “Хамгийн гайгүй утсаа үзүүлээч” гэхээр нь би лангуун дээр зарагдаж байсан 64 (GВ багтаамжтай “Редми Нөт-8 маркийн гар утсыг тухайн хүнд үзүүлсэн. Тэр үед тэр эмэгтэй миний гаргаж өгсөн гар утсыг үзэж шалгаж байгаад “За энэ гар утсыг авъя. Би төлбөр болох 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг интернет банкаар шилжүүлнэ” гэж хэлээд Хаан банкны 5100272351 дугаарын дансыг минь аваад “За мөнгийг нь хийчихлээ 20 минутын дараа орох байх шүү. Миний данс валютын данс болохоор гүйлгээ хооронд жоохон уддаг юм” гэж хэлсэн ба удалгүй байж байснаа “Валютын дансаар мөнгө орохдоо Монгол банкаар дамжиж ордог юм. Одоо Монгол банк хаачихсан болохоор маргааш өглөө мөнгө чинь шилжиж орох байх” гэж хэлээд надаа 95966763 гэсэн дугаарыг үлдээгээд явсан. Тухайн үед би валютын дансны талаар мэдлэггүй байсан болохоор итгээд явуулчихсан юм. Тэр өдрийн маргааш нь миний дансанд 480,000 төгрөгийн орлого ороогүй байхаар нь 95966763 дугаарын утасруу нь залгахад болохгүй байсан ба надруу тухайн эмэгтэй дээрх дугаараас “Эгч нь одоо хөдөө явж байна мөнгө чинь ороогүй байна уу,би хэд хоногийн дараа мөнгийг чинь хийчихье” гэж хэлсээр байгаад өдийг хүргэсэн. Ингээд дээрх хүн тухайн мөнгийг өгөхгүй юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандах болсон юмаа” гэх мэдүүлэг /хх1-ийн 18-19х/,

-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-1-ийн 22-23х/,

-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26х/ болон хавтас хэргт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

2. Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвд гар утас зардаг хохирогч Б.Өсөхбаярын лангууны худалдагчаас түүний танил дүү гэж итгүүлэн, “Ай фоне про-макс 11" загварын гар утсыг “миний данс валютын данс удахгүй орно” гэж хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан улмаар 2020 оны 07 дугаар сарын 24- ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо. Хангайн хотхоны 516 дугаар байрны гадна Б.Батбаярт зарж бусдад 3.425.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нэг найз над руу дүү утас сонирхож байгаа чам руу явуулна шүү гэж байхад би тухайн үед тэгээч гэж хэлээд мартчихсан байсан. Энэ явдлаас хойш 2-3 хоногийн дараа хөдөөнөөс хот руу орж ирээд ажил дээрээ иртэл худалдагч Адъяахүү ай фоне про-макс 11 аваад явсан шүү гэхээр нь над руу ярьж байсан найзын дүү нь ирээд авсан юм байх гэж бодсон. Мөнгө нь орж ирэхгүй болохоор нь 4 хоногийн дараа найз Гантулга руу мөнгөө асуутал чи юу яриад байгаа юм манай дүү ай фоне 7 гар утас авна гэж байсан болохоор тийм үнэтэй утас авах чадалтай хүн байхгүй гэсэн. Тэгэхээр нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 95966763 гэсэн дугаараас нэг эмэгтэй ахаа нөгөө утас гээд тэгтэл би өөдөөс нь буцаад чи Гантулгын дүү юу гээд асуучих шиг болсон юм. Тэгсэн цаана манай худалдагч өө манай найзын ахын дугаар байна шүү дээ гэтэл гар утас нь тасарчихсан. Би ч тэгээд тоолгүй хаячихсан. Тэгээд гэнэт ийм юм болсон талаараа санаад над руу залгасан 95966763 гэсэн дугаар луу залгатал өө ахаа асуудалгүй мөнгө өгнө, миний утас валютын данс байгаа юм хоёр, гурав хоног болох гэсэн... гар утсаа авъя гэтэл Батбаяр гэх хүнд өгчихсөн гэхээр нь би Батбаяр луу залгаад уулзтал миний гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-1-ийн 77х/,

- иргэний нэхэмжлэгч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр...Батбаян гэх эмэгтэй залгаад зарах утас байна гэсэн тэгээд би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхон 516 дугаар байрны гадна Америкаас ирсэн ай фоне про-макс 11 утас байна гээд Хаан банкны 5245018402 тоот Буянхишиг гэх нэртэй данс руу 3.000.000 төгрөг хийлгэсэн... удалгүй гар утасны эзэн гэх хүн 99095244 дугаараас залгаад чамд ай фоне про-макс 11 өгсөн байна гээд уулзтал миний худалдан авсан утсыг аваад надад 1.300.000 төгрөг өгсөн. Чи тэр чамд утас зарсан Батбаян гэх эмэгтэйтэй өөрөө учраа ол гээд явсан. Тэгээд би 1.700.000 төгрөгөөрөө хохирсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69х/,

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 83х/, болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

3. Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн орчим хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг С.Норовсамбуугийн машинаар Хан-Уул дүургээс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр багшийн дээдийн автобусны буудал хүргүүлж буухдаа таксины жолооч С.Норовсамбуугаас “..та надад бэлнээр 20.000 төгрөг өгчих, харин би таны данс руу интернэт банкаар таксины төлбөр 5.000 төгрөг дээр чинь нэмээд нийт 25.000 төгрөг шилжүүлчихлээ 10-15 минутын дараа дансанд чинь орно..” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 20.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч С.Норовсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хувиараа таксинд явж байгаад 10 цагийн орчим Хан-Уул дүүрэгт байрлах “Таван богд групп”- ийн хажуугаас 40 орчим насны үл таних эмэгтэй гар өргөхөөр нь аваад багшийн дээдийн автобусны буудлын харалдаа 10 цаг 48 минутын орчим хүргэж өгсөн. Таксины төлбөр 5.000 төгрөг боллоо гэхэд тэр эмэгтэй “..голомт банкны данснаас 25.000 төгрөг би шилжүүлье харин та надад бэлнээр 20.000 төгрөг өгөөч..” гэхээр нь би тэр эмэгтэйд 20.000 төгрөг өгсөн. Тэгээд нөгөө эмэгтэй 25.000 төгрөг шилжүүлчлээ 10-15 минутын дараа хариу ирнэ тэгэхээр нь над руу залгаарай гээд миний дугаар руу дохиод дугаараа үлдээсэн. Би 10-15 минутын дараа залгахад утсаа авахгүй байсан... сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Одоо болтол 25.000 төгрөгөө аваагүй байна...” гэх мэдүүлэг /хх1-ийн 118х/,

- хохирогч С.Норовсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тэр эмэгтэйг өмнө нь огт харж байгаагүй, тухайн эмэгтэй их л итгэлтэй яриад байхаар нь итгээд бэлэн 20.000 төгрөг өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 115х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

 

4. Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “БСБ Компьютерс ХХК-ийн “Мега молл” худалдааны төвийн 3 давхарт компьютерийн тасгаас “Айфоне про макс” загварын гар утсыг худалдаж авья төлбөрийг дансаар шилжүүлнэ гэж хуурч, кохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, гар утсыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилан, “БСБ компьютерс" ХХК-нд 4.059.900 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- иргэний нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 163-164х/

- гэрч Г.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний 18:19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны БиЭсБи дэлгүүрийн 3 давхарт компьютер гар утасны тасгаас Зулаа гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй айфон про макс төгрөгөөр худалдаалагдаж байсан гар утсыг өөрийн данснаас байгууллагын данс руу хийе гэж хэлээд тухайн гар утсыг авсан. Кассан дээр бонус карт өөртөө шинээр нээлгээд тухайн гүйлгээгээ хийлгээд банк хооронд гүйлгээ хийж байгаа учраас маргааш өглөө гүйлгээ орно гэж хэлээд гар утсыг аваад явсан. Маргааш өглөө ажил дээрээ ирээд байгууллагын мөнгийг шалгаж үзэхэд тухайн мөнгө дансанд орж ирээгүй байсан. Бичиж өгсөн зарлагын падан дээрх дугаар нь өөрийнх нь дугаар биш танихгүй хүний дугаар байсан, мөн бонус карт нээлгэхдээ өгсөн мэдээлэл нь худлаа байсан..." гэх мэдүүлэг /хх1-ийн 165х/,

- гэрч Т.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 17 цагын орчим 3,4 дүгээр хорооллын Москва рестораны буудлын төгсгөл үзүүр дээрээс ногоон пиджактай, тайрмал үстэй, хар өнгийн өмдтэй, 35 орчим насны эмэгтэй, дунд зэргийн нуруутай гар өргөөд зогсож байхаар нь авсан. Эмэгтэйг суухаар нь хаа хүрэх вэ гэж асуухад хорооллын РС молл дэлгүүрээс компьютер авна тийшээ явъя гэсэн... Миний хайсан зүйл Хан-Уул дүүргийн БиЭсБи-гийн салбарт байдаг юм байна гээд Хан-Уул ВSВ-гийн электрон барааны үүдэнд 18:06 минутын орчим ирсэн...Тэгээд одоо хаа хүрэх вэ гэхэд Уртцагаан орно гэсэн.Тэгээд Уртцагааны чулуун замаар явсаар байгаад машин тавьдаг зогсоол руу эргэдгээс 2 метрийн наана зогссон энэ үед цаг 18 цаг 50 минутын орчим буусан..." гэх мэдүүлэг /хх1-ийн 167х/,

- гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үл таних эмэгтэй над дээр хүрч ирээд гар утас авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би ямар гар утас вэ? Хайрцаг сав дагалдах хэрэгсэл байгаа юу? гэж асуусан. Тэгэхэд нөгөө эмэгтэй айфон 11 про макс хайрцаг савтайгаа дагалдах хэрэгсэлтэйгээ цоо шинэ гар утас байна...Тэгэхээр нь би 3,000,000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж хэлсэн. Тэгээд гар утсаа гаргаж үзүүлэхгүй байсан.Тэгээд би өөр хүнд үзүүлье гээд тэр эмэгтэйг дагуулаад Содоо гэх теди төв дээр лангуу ажиллуулдаг залуутай уулзуулсан. Тэгээд Содоо тэр хүнтэй уулзаад гар утсыг нь авахаар тохирч байсан...” гэх мэдүүлэг /хх1-ийн 170х/,

- гэрч Ж.Содбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим ажлаа тараад, ажлын гадаа тамхи татаад байж байтал Баяраа ах дуудсан. Яасан ах гээд яваад очиход энэ нэг охин айфон 11 про макс зарна гэж байна чи авах уу гээд асуусан. Тэгээд Баяраа ахтай уулзаад нөгөө эмэгтэйгийн зарах гэж байгаа утсыг үзэхэд хайрцаг савтайгаа задлаагүй гар утас, худалдаж авсан баримттайгаа байсан. Тэгээд би гар утсыг авахаар болоод 1.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд би гар утсаа авчхаад мөнгийг нь өгөөд явсан..." гэх мэдүүлэг /хх1-ийн 176х/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” компанийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №ХУ1-20-472 дугаартай тайлан /хх1-ийн 181х/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх1-ийн 192х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

5. Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” дэлгүүрийн 8 дугаар давхарт байрлах “Интер чарм” гоо сайхны эмнэлэгт гоо сайхны вилайн ботокс-ын үйлчилгээ аваад төлбөрийг Голомт банкны валютын дансаар шилжүүлсэн учир Монгол банкаар дамжин маргааш дансанд чинь орно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 350.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Э.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажиллаж байхад манай 93113000 дугаарын утас руу 15 цагийн үед 95966763 дугаарын утаснаас Ви лайн ботокс хийлгэх цаг авъя гээд 15 цаг 30 минутын орчимд орж ирээд өөрийн 95966763 утасны дугаар болон Баянаа гэх нэрээр үйлчилгээ авсан. Баянаа гэх эмэгтэй нь 40 ботокс хийлгэж нийт 350.000 төгрөгийн үйлчилгээ аваад төлбөрөө хийхдээ “би Голомтын валютын данснаас шилжүүлчихлээ, өнөөдөр бүтэн сайн өдөр учраас маргааш 1 дэх өдөр ажлын өдөр учраас шууд мөнгө чинь орчих байх” гэхээр нь би Голомт банкны лавлах руу залгаж үзээд асуухад “Даваа гарагийн үдээс хойш Монгол банкнаас гүйлгээ хийгддэг юм” гэхээр нь итгээд явуулчихсан юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянаа гэх хүний 95966763 дугаарын утас руу залгаад “Таны мөнгө орж ирээгүй байна, та мөнгөө шилжүүлсэн юм уу” гэхэд “би өөрийнхөө дансыг шалгачхаад хариу хэлье” гээд салгасан. Тэгэхээр нь би шилжүүлчих байх гэж бодоод орхичихсон. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд дахин залгаж сануулахад “би өөрөө очиж бэлнээр тооцоогоо хийе” гээд удалгүй залгахад “очиж байна” гээд утсаа салгаад алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх2-ийн 165х/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх2-ийн 159х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

6. Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Теди” худалдааны төвийн 29-6 тоот лангууны худалдагч хохирогч А.Алтанчимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон А.Алтанчимэгээс “Айфон 11 про макс” гар утсыг шилжүүлэн авч 3.360.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч А.Алтанчимэгийн “2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр намайг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвийн 4 дүгээр давхрын 29-6 дугаар лангуунд ажлаа хийгээд байж байхад гаднаас тайрмал хар үстэй, шар царайтай, туранхай биетэй хар өнгийн нарны шил зүүчихсэн эмэгтэй хүн орж ирээд “Айфоне про макс” байна уу гэж асуухаар нь лангуунаасаа силвер өнгөтэй 256 gb багтаамжтай “Айфоне про макс” гар утсаа гаргаж ирээд үзүүлсэн. Тэгтэл тэр эмэгтэй “...за энэ гар утсыг чинь авчихъя. Та банкны дансаа өгчих...” гэж хэлэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5085132250 дугаарын дансаа өгтөл тэр эмэгтэй хэсэг хугацаанд гар утсаараа оролдож зогсож байгаад надад хандан “...мөнгийг чинь хийчихлээ” гэж хэлэхээр нь өөрийнхөө дансны мэдээллийг шалгаад үзэхэд мөнгө ороогүй байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйд хандан мөнгө ороогүй байна шүү” гэж хэлтэл "... би сая валютын данснаасаа шилжүүлсэн юм. Валют шилжүүлэх хугацаа нэг хоног байгаа юм. Монгол банкнаас 1 хоногийн хугацаатай гуйвуулга хийдэг юм байна лээ...” гэж хэлээд өөрөө банкны ажилтантай ярьж байгаа юм шиг хүнтэй ярьж байсан аа маргааш өглөө 10 цагийн үед мөнгө чинь орох юм байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь тэр эмэгтэйтэй цуг доод давхар руу буугаад ТҮЦ машинаас тэр эмэгтэйн хурууны хээгээр гардаг иргэний үнэмлэхийн лавлагааг нь гаргуулж авсан ба Эрдэнэсонингийн Батбаянаа гэж хүн байсан. Ингээд тухайн эмэгтэйд айфоне 11 про макс маркийн 35391102853448 дугаарын имей кодтой гар утсаа өгсөн. Тэгээд маргааш өглөө мөнгө орохгүй болохоор нь тэр эмэгтэйн 95966763 дугаарын гар утас руу залгатал миний хадгаламжийн дансны хүү болох мөнгө орох ёстой байгаа юм. Та дахиад 1 хоног хүлээчих, болохгүй бол би гар утсыг чинь аваад очъё гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн. Ингээд маргааш өдөр нь бас мөнгө орохгүй болохоор нь дахиад гар утас руу нь залгатал би гар утсыг чинь аваад очъё гэж хэлсэн бөгөөд ирэхгүй болохоор нь залгатал утас нь холбогдох боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх2-ийн 198-199х/,

- дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх2-ийн 209-212х/,

- харилцагчийн дансны хуулга /хх2-ийн 225х/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх3-ийн 37х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

7. Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “smart deal” ХХК-с тус компанийн борлуулалтын ажилтан Ц.Мөнхцэцэгийг “утасны төлбөрийг танай компанийн дансруу шилжүүлсэн, 2 цагийн дараа орно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Ай фоне 11 Про” загварын /IPhone 11 Рrо/ гар утсыг залилан 3.599.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үл таних эмэгтэй хүн орж ирээд “IPhone 11 Рrо маркийн гар утас авах гэсэн юм” гэж хэлээд манай дэлгүүрт борлуулагдаж байсан Gold өнгөтэй, 64 GВ багтаамжтай, 353844101635252 дугаарын имей кодтой, 3.599.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 11 Рrо маркийн гар утсыг авахаар болсон. Тэгээд би тухайн хүнээс та тооцоогоо яаж хийх вэ гэж асуухад тухайн эмэгтэй “Мобайл банкаар шилжүүлчихье, надад дансаа өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Хаан банкны 5111552597 дугаарын дансыг өгтөл тэр эмэгтэй гар утсаа оролдож байгаад “мөнгөө шилжүүлчихлээ” гэж хэлэхээр нь байгууллагынхаа нягтлан руугаа залгаад “дөнгөж сая 3.599.000 төгрөгийн орлого орсон уу, та хараад өгөөч” гэж хэлтэл манай нягтлан надад хандан мөнгө ороогүй байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь гар утас худалдаж авсан үл таних эмэгтэйд хандан “мөнгө ороогүй байна шүү, та ямар банкны дансаар мөнгө шилжүүлсэн юм бэ" гэж асуутал “Голомт банкны валютын дансаар мөнгөө шилжүүлсэн. Би Голомт банкны лавлах руу залгаж асуугаадахъя” гэж хэлээд Голомт банкны лавлах утасруу залгаж байгаа бололтой гар утасныхаа чанга яригч дээр нь тавьтал цаана нь нэг эмэгтэй хүн яриад байсан ба гар утас худалдаж авсан эмэгтэй лавлах оператороос “валютын данснаас бусад банкруу мөнгө шилжүүлэхэд хэр уддаг билээ” гэж асуухад цаана байсан хүн нь 2 цаг болдог гэж хэлэхээр нь тухайн үед би итгэчихсэн байсан ба гар утсаа өгөөд явуулчихсан...” гэх мэдүүлэг /хх3-ийн 13-14х/,

- дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-ийн 27-

29х/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх3-ийн 37х/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх3-ийн 26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

8. Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 05 дугаар сарын 06, 15-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг “Номин Трейд” ХХК-аас 2.999.990 төгрөгийн үнэ бзхий  “I рhопе ХS max” /Ай фоне Экс Эс Макс/ загварын гар утас, 4.399.990 төгрөгийн үнэ бүхий “МасBook Рго 13 inch 128GВ” зөөврийн компьютер зэргийг зээлээр худалдан авахаар “Номин Юнайтед” ББСБ-аас зээл хүссэн өргөдлийг гаргахдаа зээлийн хүссэн өргөдлийн хамт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/42 дугаартай “Түрээсийн гэрээ” гэсэн баримт, Дүнжингарав ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 435 дугаартай “Тодорхойлолт гаргах нь” гэх албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Голомт банкны 3645106816 дугаарын дансны хуулга зэргийг хавсарган өгч, уг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж ашиглаж, залилахыг завдсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Б гэх эмэгтэй нь өмнө нь буюу 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагын харьяа байгууллага болох “Номин трейд” ХХК-иас IPhone ХS max маркийн 2.999.990 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зээлээр худалдан авах хүсэлт өгч, Голомт банкны 3645106818 дугаарын дансны хуулга, “Дүнжингарав” ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 435 дугаартай албан бичиг зэргийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байдалтай авчрахаар нь зээл хүлээгдэнэ, өнөөдөртөө гарах боломжгүй гэхэд материалаа буцааж авна гэхээр нь байгууллагаас бүрдүүлсэн материалынхаа зургийг дараад эргүүлээд буцааж өгсөн. Үүний дараа өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөн дээрх Э.Б гэх эмэгтэй нь 542 дугаартай орон сууцны түрээсийн гэрээ болон “Дүнжингарав” ХХК-ны лангууны 2 түрээсийн гэрээг авчирч үзүүлээд манай байгууллагын харьяа байгууллага болох “Номин трейд” ХХК-иас Маcbook рго маркийн 13 inch 128 GВ багтаамжтай зөөврийн компьютерийг худалдан авахаар зээлийн хүсэлт дахин зээл хүссэн. Тэгэхээр нь 542 дугаартай байсан түрээсийн гэрээн дээрх нотариатчийн тамга, тэмдэг, гарын үсэг зэрэг нь хуурамч байдалтай харагдахаар нь нотариатч Ц.Цэцэгмаа гэх хүн рүү 99190999 дугаарын утсаар холбогдоход Ц.Цэцэгмаа нь “би харчхаад эргээд холбогдъё” гэж хэлээд улмаар ирж тэр түрээсийн гэрээг харахад Ц.Цэцэгмаагийн гарын үсэг биш, мөн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн байна гэж хэлсэн. Энэ Батбаянаа гэх эмэгтэй нь нийтдээ 2 удаа хуурамч баримт бичиг үйлдэж, манай байгууллагаас зээл авах гэж оролдсон...” гэх мэдүүлэг /хх1-ийн 228- 229х/,

- гэрч Ц.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дээрх 4 хуудас бүхий 542 дугаартай түрээсийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болон хойших өдрүүдэд огт батлаагүй юм байна. Энэ баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Баталгааны тэмдгийн дардас дээр бичигдсэн 542 гэсэн дугаар миний бүртгэлийн дугаар биш ээ. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр харахаар 542 гэсэн дугаар хүртэл олгогдоогүй. Мөн баталгааны тэмдгийн дардас дээрх хөх ягаан өнгөөр бичсэн 2019.05.27 гэсэн бичиглэл нь мөн биш байна. Би он, сар, өдрийг улаан өнгийн дардсаар дардаг. Мөн гарын үсэг минийх биш ээ. Хуурамчаар өөрөөр зурсан байна. Энэхүү 542 гэсэн гэрээг харахаар баталгааны тэмдгийн дардас нь миний өөрийн эх дардсаас арай том хэмжээ, хэлбэртэй харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх1-ийн 230х/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Хулангийн “...101, 102, 103 гэж дугаарласан 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/42 дугаартай “Түрээсийн гэрээ” гэсэн баримт дээрх 3 ширхэг тамганы дардас мэт зүйл болон 1 ширхэг тэмдгийн дардас мэт зүйл, мөн 107 гэж дугаарласан иргэний үнэмлэхийн хуулбар бүхий 1 хуудас баримт дээрх 2 ширхэг тамганы дардас мэт зүйлс нь хуурамч байна...Дээрх хуурамч тамга, тэмдгийн дардсуудыг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж үйлдсэн байна...84 гэж дугаарласан 2020.04.28 гэсэн огноотой, 435 дугаартай Дүнжингарав ХХК ‘Транскапитал ББСБ-д Тодорхойлолт гаргах нь” гэсэн баримт дээрх “УЛААНБААТАР ХОТ ДҮНЖИНГАРАВ ХХК ТТБ2915...2346265” гэсэн бичигтэй, 1 ширхэг улаан өнгийн тэмдгийн дардас мэт зүйл, мөн 31, 32 гэж дугаарласан 2020/05/24 гэсэн огноотой, Голомт банкны “Дансны хуулга” гэсэн баримт дээр “ГОЛОМТ БАНК БАНКИР, 015” гэсэн бичигтэй, 2 ширхэг улаан өнгийн тэмдгийн дардас мэт зүйлс нь хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн хуурамч тэмдгийн дардас байна...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/42 дугаартай “Түрээсийн гэрээ” гэсэн баримтын 3 дугаар хуудасны доод хэсэгт байх тэмдгийн дардас мэт зүйлийн “Нотариатч” гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Цэцэгмаагийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт /хх2-ийн 82-107х/,

     - Э.Бгийн нэр дээрх Голомт банкны 3645106816 дугаарын дансны хуулга /хх1-ийн 233х/,

- Дүнжингарав ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн В2 дугаартай түрээсийн гэрээ гэх баримтын хуулбар /хх2-ийн 34х/,

-  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/42 дугаартай “Түрээсийн гэрээ” гэх баримтын хуулбар /хх-2-ийн 42х/,

- Дүнжингарав ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 435 дугаартай “Тодорхойлолт гаргах нь” гэх албан бичиг /хх2-ийн 33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Бг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох, эд хөрөнгөтэй болох зорилгоор гар утасны худалдаа эрхэлдэг хувь хүн, аж ахун нэгжүүдээс өөрөө “Голомт” банканд валютын харилцах дансгүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгон, валютын данснаас шилжүүллээ  төлбөр нь маргааш орно гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 7 удаагийн үйлдлээр өмлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан. Мөн түрээсийн гэрээ, аж ахуйн нэгжийн тодорхойлолт гэх албан бичгийг хуурамч болохын мэдсээр байж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг өртөө шилжүүлэн авч залилахыг завдсан гэмт үйлдлүүдийг тус тус хийсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцно.” гэж хуульчилжээ.

Тиймээс Э.Бгийн 7 удаагийн төгссөн, 1 удаагийн завдсан гэмт үйлдлүүдийг нэгтгэн зүйлчилж, түүнийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, хуурамч бичиг баримт ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас дүгнэж үзэхэд: ихэнх хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар хохирогч нарт буцаан өгсөн, хэрэг шүүхэд хянагдаж байх үед болон шүүхээс хохирол төлөх завсарлага авах хугацаанд  заримыг  мөнгөөр нь төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэн одоо шүүгдэгч Э.Бгаас нийт 7.009.900 төгрөгийг гаргуулж,  хохирогч Г.Цэнгэлд 4.059.900 төгрөг, хохирогч А.Алтанчимэгт 2.650.000 төгрөг, хохирогч Э.Туяад 300.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв 

   

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, урьд энэ төрлийн  гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шитгүүлсэн болох хувийн байдлыг нь  тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялд, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг тогтоон, оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой дүрс бичлэгүүд хийгдсэн бай тул хэрэгт нь үлдээж, хичээлийн дэвтэр 1 ширхгийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас ямар нэг санал гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Өргөн цээж овогт Э.Б үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, хуурамч бичиг баримт ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.

             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Бд оногдуулсан 8 /найм/ сар хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 200 /хоёр зуун/ цагийг 25 /хорин тав/ хоногийн хорих ялд шилжүүлэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 /найм/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Э.Бд шүүхээс оногдуулсан 8 /найм/ сар, 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт нь үлдээж, хичээлийн дэвтэр 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бгаас нийт 7.009.900 /долоон сая есөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж,   хохирогч  Г.Цэнгэл  /РД: УШ96111332/-д 4.059.900 /дөрвөн сая тавин есөн мянга есөн зуун/ төгрөг,  хохирогч         А.Алтанчимэг /РД:ТД86042964/-т 2.650.000 /хоёр сая зургаан зуу тавин мянга/ төгрөг, хохирогч Э.Туяа /РД:АЮ95011802/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай. 

 

8. Шүүгдэгч Э.Бд урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

             

            10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ