| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0077/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/106 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/106
2021 02 03 2021/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Г.Б,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржгон овогт Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011017931158 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа ТҮЦ болон машин угаалгын газар ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-403 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, өмнө 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 88а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг,126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж 2018 оны 10 дугаар сарын 23- ний хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх Боржгон овогт Г.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Г.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18-19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СU” түргэн хоолны газрын урд талын зам дагуу алхаж явж байсан БНХАУ-ын иргэн хохирогч Су Даны /SU DAN/-ны куртикны халаасанд байсан “Хувай Нова-4” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Су Дан /SU DAN/-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, С11 түргэн хоолны газрын урд талын зам дагуу алхаж явтал цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн гадуур хүрэмтэй, тайрмал үстэй, цагаан царайтай, туранхай, дунд зэргийн хөмсөгтэй_ өндөр хамартай үл таних залуу миний хоолой руу түлхээд намайг уучлаарай гэсэн. Тэгээд би өөрөө халаасандаа утсаа үзэхэд миний гар утас байхгүй болсон байсан. Тэр залууг барьж аваад миний гар утсыг өг гэтэл өөрийнхөө халааснаас өөр гар утас гаргаж ирж үзүүлчихээд яваад өгсөн. Тэгээд би өөрийн найз болох Бүржлхам руу “би гар утсаа алдчихлаа” гэхэд цагдаа дуудаж өгсөн. Би 2019 оны 3 сард Хятадаас Хувай Нова-4 загварын гар утсыг 2699 юанаар худалдаж авч байсан юм. Ямар нэгэн гэмтэл байхгүй, шинээрээ гар утас байсан юм. Одоо 2000 юан байгаа байх би энэ үнээр нь үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 5-6х/,
- хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7х/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-24х/,
- Г.Баас "Хувай Нова-4” загварын гар утсыг 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 42х/,
-Алдагдсан гэх “Хувай Нова-4 загварын гар утсыг хохирогч Су Данд /SU DAN/ 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43х/,
- “Дамно” хөрөнгө үнэлгээний компаниас алдагдсан гэх “Хувай Нова-4” загварын гар утасны үнэлгээг 510.000 төгрөг гэж гаргасан үнэлгээний тайлан /хх-ийн 95-96х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Бт шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Су Дан /SU DAN/ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Г.Б нь тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа ял шийтгүүлсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт Г.Бын гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржгон овогт Г.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ