Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

     2021       02          03                                   2021/ШЦТ/108

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Х.У,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Багачуул овогт Х.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000998 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр. 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамжны 534 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн ар талын 36-р байрны 6 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Багачуул овогт Х.У

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Х.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.У нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны хажуу талд иргэн Г.Ганбаатар, Г.Ганхүлэг нартай үл ялих зүйлээр шалтаглан зодолдож, улмаар хохирогч Г.Ганхүлэгийн нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Х.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ар талд байрлах караокед эхнэр болон найзуудын хамт байж байгаад эхнэр, найз Дашзэвэг нарын хамтаар гэрлүүгээ харихаар найзуудаасаа түрүүлээд гараад явж байтал караокены урд талд байрлах байрны буланд боржуур дээр нэг нь дээгүүрээ нүцгэн нөгөөх нь хувцастай 2 залуу сууж байсан юм. Тэгээд бид нар хажуугаар нь зөртөл дээгүүрээ нүцгэн залуу бид нарыг “та нар юу хийж байгаа пиздаанууд бэ” гэх зэргээр орилоод бахаар нь бид 3 тоохгүй яваад өгтөл “наад авгайгаа аваад зайлаач” гэхээр нь “чи одоо юу гээд байгаа юм бэ?” гэж хэлтэл нүцгэн байсан залуу миний нүүр лүү гараараа цохиод авахаар нь би зөрүүлж цохиод, маргалдаж байтал хажууд байсан хувцастай залуу нь дайраад ирэхээр нь би гараараа нүүр лүү нь цохитол уначихсан. Тэр үед дүү нь намайг ахиад цохих гээд ирэхээр нь дүүтэй барьцалдаж байтал ах нь ахиад босоод ирэхээр нь нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж унагаачхаад дээгүүрээ нүцгэн залуутай ахиад маргалдаж байтал дээгүүрээ нүцгэн залуу өмднийхөө тэлээг тайлаад цохих гээд эргүүлээд байхаар нь би бултаж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х-18х/,

- хохирогч Г.Ганхүлэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр миний төрсөн дүү Г.Ганбаатарын төрсөн өдөр болоод түүний найзуудтай нь бид 2 уулзаж 11В паласын “Коко” гэх нэртэй бааранд сууж байгаад манай дүү намайг хүргэж өгөхөөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 11 дүгээр байрны гадна ирээд бид 2 тамхи татаад сууж байтал хажуугаар 1 эмэгтэй, 2 залуу өнгөрсөн юм. Тухайн үед манай дүү халууцаад дээгүүрээ нүцгэн сууж байхад тэр 3 хараад байхаар нь манай дүү “юугаа харсан юм бэ” гэж хэлтэл нөгөө 2 залуугийн нэг залуу нь“харахаар яадаг юм” гээд шууд хүрч ирээд манай дүүг уг залуутай барьцалдаж авахаар нь би очиж салгах гэтэл манай дүүтэй барьцалдсан залуутай хамт явж байсан өндөр туранхай залуу миний хойноос татаж дэгээдээд унагаатал манай дүүтэй барьцалдаж авсан залуу гүйж ирээд миний нүүр лүү өшиглөсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х-14х/,

- гэрч Б.Туулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... манай нөхөр 2 залуу дайрахаар нь биеэ хамгаалаад зодолдсон юм. Уг хоёр залуу хэрүүл зодоон өдөөгүй бол манай нөхөр зодолдохгүй байсан. Манай нөхөр болон миний биед учирсан гэмтэл, шарх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,

- гэрч Б.Дашзэвэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 18-ны 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хойно байрлах караокеноос найз Уламбаяр, түүний эхнэр Туул нарын хамтаар гарч гэрлүүгээ явах гэтэл нэг нь дээгүүрээ шалдан залуу, нөгөөдөх нь цамцтай 2 залуу манай найз Уламбаяртай барьцалдаж аваад зодолдох гээд байхаар нь би очиж дээгүүрээ цамцтай залууг нь салгаж автал манай найз шалдан залуутай ноцолдож байтал удалгүй цагдаа нар ирсэн юм. ...Би түүнийг манай найз Уламбаяртай зодолдох гээд байхаар нь салгаж гэж байгаад унагаасан байх. Тэрнээс би түүнийг зодох зорилгоор унагаасан зүй байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10х/,

- гэрч Г.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны9 сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 25 дугаар эмийн сангийн ойролцоо төрсөн өдрөө тэмдэглэж байгаад 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ар талд байрлах 11 дүгээр байрны гадаа өөрийн төрсөн ах Ганхүлэгийн гэрт хонохоор гадаа нь тамхи татаад сууж байгаад хэсэг ухаангүй тасарчихсан байж байгаад нэг сэргэтэл зодоон болж байсан тэгээд удалгүй цагдаа нар ирээд зодоон хийсэн залуу бид хоёрыг эрүүлжүүлэх рүү авч яваад манай ах гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. Би ахынхаа гэр лүү ирж байхдаа газар унахдаа цамцаа төмрөнд урчихсан байсан юм. Миний биед учирсан гэмтэл, шарх байхгүй, миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/,

- шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 10969 дугаартай “Г.Ганхүлэгийн биед дээд уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 22х-23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Х.Уыг хохирогч Г.Ганхүлэгтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Ганхүлэг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн баримт хавтас хэрэгт авагдсан байх тул Х.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Х.У нь ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан торгох ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Багачуул овогт Х.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Уыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Х.Уыг торгуулийн ялыг 90 /ер/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.БАТГЭРЭЛ