Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 135/шш2017/00423

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00392/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******  тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-гийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Дархан дахь геологийн хайгуулын экспедицэд цэргийн албанаас халагдан ирээд 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өрмийн ажилтан, өрмийн мастераар ажилласан. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэтэл уг байгууллагад анх ажилд орсон тушаал байхгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажиллаж байсан газраасаа аваагүй тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож, тэтгэвэрт гарах боломжтой болгож өгнө үү”  гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Л.******* нь тухайн үеийн нэрээр Дархан дахь геологийн хайгуулын экспедицэд 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өрмийн ажилтан, өрмийн мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Л.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Дархан дахь геологийн хайгуулын экспедицэд 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өрмийн ажилтан, өрмийн мастераар ажиллаж байсан болох нь Дархан дахь Геологи хайгуулын экспедицийн даргын 1982 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 49 тоот “Шагналт цалин олгох тухай” тушаалын 2 дугаар хавсралт дахь ******* өрмийн ажилтан гэсэн бичилт /хх 6/, тамирчдыг шагнах тухай саналын Л.******* 150 төг гэсэн бичилт /хх 7/, Дархан дахь Геологи хайгуулын ангийн 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Тамирчдыг шагнах, хооллох тухай” тушаалын хавсралт 1-д Лхамжав ******* өрмийн ажилчин гэсэн бичилт /хх 9/, Улсын геологийн төвийн харъяа геологи шинжилгээний “Дархан” нэгдийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 тоот тушаалын хавсралт дахь ******* өрмий ажилчин гэсэн бичилт /хх 11/, мөн даргын 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 72 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралт 1-д ******* өрмийн ажилчин, ажлын 28 хоног гэсэн бичилт /хх 13/, “Монгол алт” ХК-ийн 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалын хавралт дахь ******* өрөмдөгч гэсэн бичилт /хх 15/, “Эрдэс” ХК-ийн 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Эрдэс” ХК-д 1993 онд ажиллах хэсгүүдийн бүрэлдэхүүнийг батлах тухай”  05 тоот тушаалын хавсралт дахь ******* өрмийн мастер гэсэн бичилт /хх 17/, Дархан хотын “Эрдэс” ХК-ийн 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Ээлжийн амралт олгох, ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах тухай” 87 тоот тушаалын хавсралт дахь ******* ээлжийн масте 30 хоног гэсэн бичилт /хх 19/, Дархан хотын “Эрдэс” ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “1995 онд ажиллах хэсгүүдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 01 тоот тушаалын хавсралт дахь ******* өрмийн мастер гэсэн бичилт /хх 21/, Дархан-Уул аймгийн “Монгол алт” ХК-ийн ерөнхий захирлын 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Цохилтот өрмийн хэсгийг татан буулгах, шинээр зохион байгуулах тухай” 20 тоот тушаал дахь ... Өрмийн мастер Л.******* нарыг 1996 оны 03 дугаар сарын 28-наар үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн бичилт /хх 22/, 1985, 1990 онуудад хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх 23/, гэрч ******* ... Л.******* нь 1982 оны зун цэргээс халагдаж ирээд манай байгууллагад өрмийн мастераар ажилд орж байсан гэсэн мэдүүлэг /хх 35/, гэрч ******* Л.******* нь 1982 оны зун цэргээс халагдаж ирээд манай байгууллагад өрмийн ажилтнаар ажилд орж байсан байсан, 1997 он хүртэл ажиллаж байгаад байгууллага зарим хэсэг нь татан буугдахад бригадын ахлагч нар өрмөө хувьд аваад гарахад Л.******* нь өрмөө дагаад ажлаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 36/ зэргээр тогтоогдож байна. 

Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 261 тоот /хх 24/ албан бичгээр Л.*******г ажиллаж байх дээрх хугацаанд байгууллагын нэр өөрчлөгдөж байсан болохыг тодорхойлсон байна.

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: ******/-г тухайн үеийн нэрээр Дархан дахь геологийн хайгуулын экспедицэд 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өрмийн ажилтан, өрмийн мастераар ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ