Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

    2021         02          09                                   2021/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч С.Б,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржигон овогт Саранцэцэгийн Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011014140038 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Имарт сүлжээ дэлгүүрт тогооч ажилтай, нөхөр, 1 хүүхэд, хадам эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, үйлдвэрчний эвлэл 5 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 27 дугаар байрны 5 тоотод түр оршин сууж байгаа, ам бүл 4, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Боржигон овгийн С.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч С.Б  нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  С.Б нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” кино театр дотор байрлах “Хаан банк’’-ны автомат мөнгөний машинаас 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Г.Сэргэлэнгийн гээгдүүлсэн бэлэн 350.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө завшсаны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Тэнгис кинотеатрын автомат мөнгөний машинаас мөнгө авах гэтэл мөнгө гарч ирсэн юм. Тэгээд уг мөнгийг аваад явсан. Уг мөнгийг тоолж үзэхэд 350.000 төгрөг байсан бөгөөд 100.000 төгрөгийг найздаа зээлүүлээд үлдсэн мөнгийг банканд өрөндөө өгсөн. Би Сэргэлэнд 250.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа бөгөөд үлдэгдэл 100.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цалин буухаар төлж дуусна...” гэх мэдүүлэг /хх-н 66х/,

             - хохирогч Г.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын доод давхарт байрлалтай Хаан банкны АТМ-ээс өөрийнхөө 5819429999 дугаарын данснаасаа 350.000 төгрөгийг бэлэн хэлбэрээр нь гаргасан бөгөөд тухайн үед хүнтэй утсаар ярьж байсан тул дээрхи мөнгөө авалгүй гараад ирсэн юм. Ингээд хэсэг хугацааны дараа мөнгөө орхисноо мэдээд дээрхи АТМ дээр очиход мөнгө маань байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Би мөнгөө буцаагаад авчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17х/,

            - дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 23-28х/,

- хохирогч Г.Сэргэлэнгийн хаан банкны 5819429999 дугаарын данснаас 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 52 минутад 350.000 төгрөгийн зарлага хийгдсэн гэх дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 31х/,

- Төрийн банкнаас ирүүлсэн “...9496*****2007 тоот дугаартай карт эзэмшигч нь Саранцэцэг овогтой Баярмаа, ХЙ86042607, гэрийн хаяг Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 27-5 тоот, утасны дугаар 90571074, зураг хавсаргав” гэх 026/5746 дугаартай албан тоот /хх-ийн 36х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг  хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүгдэгч С.Бг хохирогч Г.Сэргэлэнгийн гээгдүүлсэн бэлэн 350.000 төгрөгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж хувийн хэрэгцээндээ зарцуулж өөртөө завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн бай тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт С.Б бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.Бг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТГЭРЭЛ