| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0094/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/128 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/128
2021 02 10 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бор хамар овогт Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011017720005 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монкабель системс ХХК-д суурилуулалтын ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 24-415а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бор хамар овогтой Б.Ч
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандухай” зочид буудлын гаднах хаалганы орчимд хохирогч Д.Пүрэвсүрэнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Мандухай зочид буудлын 2 давхарт байрлах караокед найз Бат-Оргил, Отгонжаргал, Пүрэвсүрэн нарын хамт очиж үйлчлүүлсэн. Караокед ороод 1 цаг гаран дуу дуулж, 4-5 шил Сэнгүр пиво уусан. Тэгээд тэр караокеноос 04 цаг өнгөрөөд 05 цаг болох гэж байхад гарсан. Мандухай зочид буудлын гадаа байж байхдаа би Отгонжаргалын хамт явах гэж байсан чинь Пүрэвсүрэн гэдэг охин явуулахгүй гэсэн. Пүрэвсүрэн бид 2 энэ асуудлаас болж хоорондоо маргалдаж, муудалцсан. Би маргалдаж байхдаа Пүрэвсүрэнгийн зүүн хацар руу гараараа 1 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х, 33-34х/,
- хохирогч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Оргил, Чинзориг, Отгонжаргал бид нар үргэлжлүүлээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандухай зочид буудал руу явцгаасан бөгөөд тэндээ үүрийн 05 цаг хүртэл пиво ууцгаасан ба бүгдээрээ нэлээд халцгаасан. Ингээд ууж дуусаад миний бие Отгонжаргал найзыгаа аваад явах гэтэл Чинзориг гэх залуу нь Отгонжаргалыг явуулахгүй гээд байсан ба миний бие Чинзоригтой маргалдаж эхэлсэн. ...Тэгээд маргалдаж байхдаа Чинзориг нь миний нүүрэн тус газарт миний уруул орчимд зүүн гараараа гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Би тухайн үед цохиулснаас болоод газарт унасан ба тухайн үед би маргалдахаа болиод шууд цагдаад дуудлага өгсөн. ...Гэхдээ миний бие гомдолтой байна. Намайг цохисноос үүдэж миний уруул орчимд одоог хүртэл арилашгүй сорви үүссэн. Эмчилгээний зардал болон уг сорвийг арилгуулах зардлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
- гэрч Б.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Отгонжаргал нь Чинзоригтой уулзах үед Пүрэвсүрэн нь Отгонжаргалыг авч явах гээд байсан ба Чинзориг тухайн үед “би Отгонжаргалтай юм ярьж байна" гэж хэлээд маргалдаж байгаад нүүрэн тус газарт нь уурласан уурандаа согтуудаа 1 удаа цохисон ба Пүрэвсүрэн нь “чи намайг цохичихлоо, би чамайг цагдаад өгнө” гээд удалгүй цагдаа ирээд Пүрэвсүрэн, Чинзориг хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
- гэрч Э.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ямар ч байсан миний хажууд Чинзоригийг Пүрэвсүрэнг цохисон гэж хэлсэн. Би тэр үед нэлээн согтуу байсан. Маргааш нь надад Пүрэвсүрэн тэгж хэлсэн. Яг юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11746 дугаартай “...Д.Пүрэвсүрэнгийн биед дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Ч хохирогч Д.Пүрэвсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хацар руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд эмчилгээний зардал нэхэмжлэхээ илэрхийлсэн боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрэхтэй болохыг дурдаж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Чт ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх Б.Чт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосон хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулахыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бор хамар овогт Б.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чт 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Чийг торгуулийн ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Чийг шүүхээс оногдуулсан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Хохирогч Д.Пүрэвсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ