| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/139 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/139
2021 02 26 2021/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Б.Өлзий-Орших,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ачган овогт М.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811009910909 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 14- ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэртээ хүүхдээ хардаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хотхоны 203-108 тоотод оршин суух, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оноож 1 жилийн хугацаагаар тэнссэн. Ачган овогтой М.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч М.Ц нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
1. Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номиулан Мөнх” шүдний эмнэлэг дотор байрлах үнэт эдлэлийн лангууг түрээслэн худалдаа эрхэлдэг хохирогч С.Уранчимэгт цагдаагийн дүрэмт хувцас өмсөж ирээд Цагдаагийн байгууллагад ажилладаг гэж хуурамч үнэмлэх үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж шүрэн толгойтой цагаан өнгийн хуучны хаш хөөргийг залилан авч 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч С.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би өөрөө 2016 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Номиулан Мөнх” шүдний эмнэлэг дотор байрлах үнэт эдлэлийн лангууг түрээслэн ажиллуулж байна. Ингээд 2017 оноос эхлэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртлээ өөрийгөө Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст байцаагчаар ажилладаг, цагдаагийн ахмад буюу мөрөн дээрээ 4 ширхэг таван хошуутай цолтой байсан гэж хэлээд мөн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас болох цэнхэр өнгийн ханцуйгүй цэнхэр цамц, хөх өнгийн ханцуйтай цамц, хөх өнгийн улаан өнгийн канттай өмдтэй, хар өнгийн хирээстэй цамц, хар өнгийн босоо захтай урд талдаа “эрдэнэцогт” гэсэн нэртэй хүрэм, мөн “роПсе” гэсэн бичигтэй саравчтай малгайтай, цагаан өнгийн цамц зэрэг хувцаснуудыг өмсөж манай лангуун дээр ирдэг байсан. Улмаар тэр эрэгтэй 2017 оноос хойш Эрдэнэцогт гэж өөрийгөө танилцуулж байсан сүүлд миний сураглаж мэдсэнээр Цогт-Эрдэнэ гэдэг хүн байсан ба манай лангуун дээр ирээд хавтастай хэрэг бололтой хулгай хийсэн байдалтай хүмүүсийн зургийг үзүүлээд, энэ хүмүүсийг хайж байна, танай дэлгүүрээс хулгай хийх вий, танай дэлгүүр хулгайн эд зүйл авч болохгүй шүү болгоомжтой байгаарай гээд Эрдэнэцогт гэх нэртэй цагаан өнгийн жижиг картын хэмжээтэй цаас мэт зүйл дээрх өөрийнхөн цагдаагийн ахмад цолоо зүүсэн хувцастай зурагтай үнэмлэхээ үзүүлж, мөн цагдаагийн алба хаагчийн читон билүү цагдаагийн сүлдтэй энгэрийн тэмдгийг хүртэл үзүүлж байсан. Тэр эрэгтэй 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу яг битүүний өмнөх өдөр анх удаа л над дээр ирж, цагдаагийн цалингаа буухаар мөнгийг нь таллаад хоёр хуваагаад өгөх гэсэн юм, өөрөө гарын үсэг зурж, бичиг үлдээгээд надаас бага гарын шүрэн толгойтой цагаан өнгийн хуучны хаш хөөргийг 3.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод аваад явсан. Одоо хөөргөө 3.500.000 төгрөгөөр үнэлж байна.
Мөн би Цагдаагийн байгууллагад 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан ба түүнээс хойш Цогт-Эрдэний хаана байгааг нь хайсан боловч огт олдохгүй, сураг сонсоход нэг ахынхаа цагдаагийн албаны дүрэмт хувцсыг өмсөж өөрийгөө худлаа Эрдэнэцогт гэж хэлж залилан хийдэг нь сонсогдсон. Улмаар 2018 оны 07 дугаар сарын 13-17-ны өдрийн хооронд байхаа би Баянзүрх дүүргийн Нарантуул төв зах дээр явж байгаад Цогт-Эрдэнийг барьж аваад улмаар өөрийнхөө машинд суулгаад хөөрөгний мөнгөө авья, эсхүл хөөргөө авья гэхэд шууд машины хойд баруун талын хаалгыг өшиглөж онгойж гараад, шууд намайг түлхээд зугтаачихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,
- хохирогч С.Уранчимэгээс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 20-22х/,
- нэгжпэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26-27х/,
- “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 128-129х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
2. Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг дүгээр дөчин мянгатын 5 дугаар байранд байрлах “Хөх Монгол” гэх нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрт худалдаа эрхэлдэг хохирогч Ч.Түмэнбаярт цагдаагийн дүрэмт хувцас өмсөж ирээд Цагдаагийн байгууллагад ажилладаг гэж хуурамч үнэмлэх үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж алтан нуухтай даваа толгойтой бага гарын гартаам хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, даваа толгойтой, алтан нуухтай, дунд гарын ногоон хаш хөөрөг 1 ширхэг, тархи мана хөөрөг 1 ширхгийг залилан авч нийт 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Ч.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 05 дугаар сарын үед манай эртний эдлэл зардаг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо 1-р 40 мянгатын 5-р байрны Хөх монгол дэлгүүрт Эрдэнэцогт гэдэг залуу ирээд өөрийгөө Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн хэлтэст ажилладаг гэж үнэмлэх үзүүлж танилцсан. Тэрээр “би хөөрөг сонирхдог” гэж лангуун дээр байгаа хөөргийг сонирхоод ирээд авдаг байсан. Тэгээд Эрдэнэцогт нь 2018 оны 02 дугаар сарын үед ирээд манай цагдаа нарт хөөрөг зараад өгье гэж хэлээд надаас нэг ширхэг манан хөөрөг авч яваад 300,000 төгрөгөөр зарж өгсөн, 2018 оны 03 дугаар сард дахиж ирээд 1,800,000 төгрөгийн үнэтэй алтан нуухтай даваа толгойтой бага гарын гартаам хөөргийг зарж өгнө гэж авч яваад дараа нь уг хөөргийг малчин хүнд зарсан мөнгийг нь ноолуурын үеэр өгье найдвартай хүмүүс гэж хэлсэн, 2018 оны 05 дугаар сард ирээд 4,000,000 төгрөгийн үнэтэй шүрэн толгойтой алтан нуухтай манан халтар манан дунд гарын хөөргийг өөртөө авъя мөнгийг нь цувуулж өгье гэж хэлээд аваад явсан, 2018 оны 06 дугаар сарын үед ирээд 2,500,000 төгрөгийн үнэ бүхий даваа толгойтой алтан нуухтай дунд гарын ногоон хаш хөөргийг зарж өгнө гэж хэлээд авч яваад улмаар хөөргийг Дундговь аймгийн таньдаг найздаа малаар зарсан, намар 11 дүгээр сард 1 тэмээ, 1 тооны адуу, 2 тооны хонь өгөхөөр болсон, тэр хүмүүс найдвартай хүмүүс гэж хэлсэн, 2018 оны 07 дугаар сарын үед ирж 350,000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын тархи манан хөөргийг цагдаад зарна гэж авч явсан. Ингээд дээрх хөөргөнүүдийн үнийг өгөөгүй удсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэцогт ирж уулзаад хөөргөнүүдийн мөнгийг намар гэхэд өгч дуусгана гэсэн. Тэрнээс хойш буцаж ирээгүй нэг ч удаа уулзаагүй. Тэгээд би Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг таньдаг хүндээ Эрдэнэцогтын зургийг үзүүлж таньдаг эсэхийг асуухад ийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд би залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 84х/,
- хохирогч Ч.Түмэнбаяраас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 82х/,
- нэгжлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26-27х/,
- “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 128-129х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
3. Шүүгдэгч М.Ц нь 2018 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн бүс” үнэт эдлэлийн дэлгүүрт лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг хохирогч Б.Гантөмөрт Цагдаагийн байгууллагад ажилладаг гэж хуурамч үнэмлэх үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж алтан нуухтай шүрэн толгой, даваа толгойтой гуйлан нуухтай, их гарын манан хөөргийг залилан авч нийт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Б.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би анх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн бүс" дэлгүүрт үнэт эдлэлийн лангууг Мөнгөн бүс дэлгүүр байгуулагдсан үеэс эхлэн түрээсэлж байгаад биеийн байдлаасаа шалтгаалаад 2019 оноос хойш ажиллуулахаа зогсоосон. Ингээд тэр залуу нь 2018 оны эхэнд /сар, өдрийг санахгүй байна/ өөрийгөө Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн хэлтэст байцаагчаар ажилладаг гэж хэлж, цагдаагийн албаны төмөр сүлдтэй читон буюу энгэрийн тэмдэг, мөн албаны үнэмлэх бололтой Хэвлэл мэдээлэл хэлтэс байцаагч ахмад М.Эрдэнэцогт гэсэн бичигтэй Эрдэнэцогтын өөрийнхөн цагдаа хувцастай зурагтай үнэмлэх зэргийг үзүүлж танилцуулсан. Тэгээд 2017 оноос хойш 1 жилийн гаруй хугацаанд манай дэлгүүрээр орж гараад надаас мөнгөн аяга зээлээр худалдаж аваад буцаагаад мөнгийг нь төлдөг байсан. Гэтэл Эрдэнэцогт нь 2018 оны 03 дугаар сард алтан нухтай дан хөөргөний шүрэн толгой 2.000.000 төгрөгөөр тооцож, хүүгээ хөөрөгтэй болгомоор байна гэж хэлээд аваад явсан. Дараа нь харин даваа толгойтой гуйлан нухтай 600.000 төгрөгийн үнэ бүхий их гарын манан хөөргийг зарчхаад өгье гэж хэлээд аваад явсан.
Одоо хөөргөний толгой 2.000.000 төгрөгөөр, харин манан хөөргөө 600.000 төгрөгөөр үнэлж байгаа ба надад Эрдэнэцогт нь энгийн хувцастай Мөнгөн завьяагийн үүдэнд явж байхад нь халц дайралдаж баригдах үедээ “манай цагдаагийн байгууллагын ажлынханд битгий хэлээрэй, нэр хүндэд муу” гэж хэлээд 100.000 төгрөг өгсөн. Иймээс 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх Эрдэнэцогт нь манай лангуун дээрээ ирэхдээ цагдаагийн ахмад цолтой, босоо захтай хар өнгийн хувцастай дүрэмт хувцастай нэг удаа ирж байсан. Би тухайн үедээ Эрдэнэцогт гэгчийн надад үзүүлж байсан цагдаагийн дүрэмт хувцастай зурагтай үнэмлэхийн зургийг гар утсандаа дарж авсан ба одоо нотлох баримтаар гаргаж өгөх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122х/,
-иргэн Б.Гантөмөрөөс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 119х/,
- хохирогч Б.Гантөмөрөөс гаргаж өгсөн цагдаагийн үнэмлэхийн зураг /хх- ийн 138х/,
- нэгжпэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26-27х/,
- “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 128-129х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Ц шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нийт гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурамч цагдаагийн дүрэмт хувцас, үнэмлэх, читон зэргийг ашиглаж, өөрийгөө цагдаагийн байгууллагад ажилдаг мэтээр хохирогч нарт итгүүлэн хуурч, хохирогч нарын худалдан борлуулдаг үнэт эдлэлийг бусдад худалдан борлуулж өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар өөртөө шилжүүлэн авсан эд зүйлээ бусдад худалдан борлуулсан, төлбөрийн хэсэг хугацааны дараа өгнө гэж ойлгуулан бодит байдлыг нуух заамаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулан залилан нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас хохирогч С.Уранчимэг, Ч.Түмэнбаяр, Б.Гантөмөр нарт учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллаагаа болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд байхад шүүгдэгч М.Ц нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Цд ял шийтгэл оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа бүрэн нөхөн төлсөн, урьд нэг удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албаны хөр өнгийн хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн өлгүүр 1 ширхэг, бор өнгийн хувцасны даавуун уут 1 ширхгийг М.Ц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл бай ба шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас ямар нэг санал гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ачган овогт М.Ц үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Цогт-Эрдэнийг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан М.Цогт-Эрдэнийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг нэг хоногийн, найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож нийт 176 /нэг зуун далан зургаан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 544 /таван зуун дөчин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан 544 /таван зуун дөчин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 /тав/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албаны хөр өнгийн хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн өлгүүр 1 ширхэг, бор өнгийн хувцасны даавуун уут 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ