| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0124/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/151 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/151
2021 03 04 2021/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Б.Б, М.Л
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овогт Б.Б, Очир овогт М.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211100000084 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тосон тав” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 44-535 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогтой Б.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн огоо” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 107-41 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Очир овогтой М.Л
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч М.Л, Б.Б нар нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр хохирогч Б.Бтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд шарх, баруун зовхи, хацар, шанаад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-шүүгдэгч М.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр би автобусаа бариад ажил хийгээд явж байсан бөгөөд өглөө 17-н автобусны буудал дээр ирж зогстол гадна 2 настай хүн 2 залуу нийт 4-н хүн орж ирээд суусан. 1 залуу нь орж ирэхдээ картгүй 200 төгрөг тавьсан байсан. Би хөдлөх гэтэл миний урдуур өөр автобус ирээд зогссон. Тэгээд 200 төгрөг өгсөн залуу урд автобусанд сууя гэж хэлээд мөнгөө авья гэж хэлсэн. Би мөнгийн нь аваад өгч байх хооронд урд автобус хөдлөөд явсан. Тэгтэл тэр залуу хурдан хөдлөхөд яадаг юм гээд уурлаад миний жолооч бүхээгийн хаалгыг өшиглөсөн. Би тэр залууд хандаад чи яах гэж хаалга өшиглөөд байгаа юм гэж хэлсэн бөгөөд бүхээгний цонхоор миний цээж рүү өшиглөсөн. Би хаалгаа нээгээд гартал урдаас миний нүд рүү цохисон. Ингээд хойшоо суудал дээрээ саваад унасан. Энэ үед хойно сууж байсан настай зорчигч ирээд нөгөө залууг боль гээд татсан. Ингээд би хөдлөөд уруудаж байхдаа цагдаад мэдэгдсэн ба 57-н буудал дээр очоод хаалгаа нээтэл нөгөө залуу арын хаалгаар буусан. Тэр залууг бууж байхад өмнөөс нь 1 залуу ирээд тэр 2 залуу барилцаад авсан. Би үүнийг хараад тэр 2 дээр очоод нөгөө намайг цохисон залууг барьж аваад автобус руугаа чирч оруулсан. Ингээд би оруулаад суудал дээр суулгаад дээр нь дарж байтал нөгөө 2 залуу хоорондоо сарваганаад байсан. Би сандал дээр сууж байхад нь нөгөө Бэхбат гэх залуугийн нүүр рүү нь 2,3 удаа цохисон. Ингээд байж байтал цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан. Би дээрх гэмтлийг Б.Бын биед учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,
- хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би өглөө 17 дугаар сургуулийн автобусны буудлаас Шадивлан-Чингис Сосэ чиглэлийн автобусанд суусан. Би суугаад 5-10 минут болсон ба явахгүй байхаар нь би автобусны жолооч дээр очоод бууя гэхэд хаалгаа нээхгүй байсан. Тэгэхээр нь жолоочийн бүхээгийн хаалгыг тогшсон бөгөөд сонсохгүй байсан. Би тэгээд хаалга нээхээр нь би ямар удаан явдаг юм бэ гээд буухдаа автобусны хаалгыг цохисон юм. Тэгтэл ардаас хаалга эвдлээ пизда чинь гээд хэл амаар доромжилсон. Би уучлал гуйх гэтэл бид 2-н дунд маргаан үүссэн. Маргалдаж байтал жолооч цагдаа дуудсан. Ингээд автобусанд дотор байж байтал 2 буудал жолооч яваад 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр очсон. Зогсоод 2 хаалгаа нээсэн бөгөөд би ард талын хаалгаар буух гэтэл өмнөөс үл таних бүдүүн залуу ирээд заамдаад авсан. Тэгээд бид 2 зууралдаад барилцаад авсан ба автобусны жолооч ирсэн. Тэгээд тэр 2 нийлээд намайг автобус руу чирээд оруулсан. Би автобусанд орохгүй гэтэл хажуугаас автобусны жолооч миний шанаа хэсэгт цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа мөргөсөн. Ингээд автобусанд орсон бөгөөд автобусны жолооч намайг боож автобусны сандал дээр суулгаад хажуугаас толгой тархи руу гар, хөлөөрөө цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 663 дугаартай “...Б.Бын зүүн зовхинд шарх, баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр хохирогч М.Лтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2021.01.13-ний өдөр би өглөө 17-р сургуулийн автобусны буудлаас Шадивлан-Чингис Сосэ чиглэлийн автобусанд суусан. Би суугаад 5-10 минут болсон ба явахгүй байхаар нь би автобусны жолооч дээр очоод бууя гэхэд хаалгаа нээхгүй байсан. Тэгэхээр нь жолоочийн бүхээгийн хаалгыг тогшсон бөгөөд сонсохгүй ба би тэгээд хаалга нээхээр нь би ямар удаан явдаг юм бэ гээд буухдаа автобусны хаалгыг цохисон юм. Тэгтэл ардаас хаалга эвдлээ пизда чинь гээд хэл амаар доромжилсон. Би уучлал гуйх гэтэл бид 2-н дунд маргаан үүссэн. Маргалдаж байтал жолооч цагдаа дуудсан. Ингээд автобусанд дотор байж байтал 2 буудал жолооч яваад 57-р сургуулийн автобусны буудал дээр очсон. Зогсоод 2 хаалгаа нээсэн бөгөөд би ард талын хаалгаар буух гэтэл өмнөөс үл таних бүдүүн залуу ирээд заамдаад авсан би юу болсон талаар асуутал чи манай найзтай маргасан гэж хэлсэн. Тэгээд бид зууралдаад барилцаад авсан ба автобусны жолооч ирсэн. Тэгээд тэр 2 нийлээд намайг автобус руу чирээд оруулсан. Би автобусанд орохгүй гэтэл хажуунаас автобусны жолооч миний шанаа хэсэгт цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа мөргөсөн. Ингээд автобусанд орсон бөгөөд би бүдүүн залуутай зууралдаад ноцолдсон ба автобусны жолооч намайг боож автобусны сандал дээр суулгаад хажуунаас толгой тархи руу гар, хөлөөрөө цохиод байсан. Би дээрх гэмтлийг М.Лийн биед учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/,
- хохирогч М.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Шадивлангаас урагшаа явсан бөгөөд 17 дугаар сургуулийн автобусны буудал хүртэл хүнгүй ирсэн. 17 дугаар сургуулийн автобусны буудлаас 4 хүн суусан. Надтай маргасан залуу орж ирэхдээ надад 200 төгрөг өгөөд орсон. Хөдлөх гэтэл миний урдуур өөр нэг автобус дараад ороод ирсэн бөгөөд нөгөөд автобус 2-3 хүн буулгаад энэ үед нь 200 төгрөг өгсөн залуу бууя гэж хэлсэн. Би карт уншуулдаг төхөөрөмжийн хажуу талд байсан саванд хийсэн 200 төгрөгийг нь өгөх хооронд нөгөө автобус нь хөдлөөд явсан. Тэгтэл тэр залуу хурдан хөдлөхөд яадаг юм гээд намайг пизда чинь хурдан хөдлөхөд яадаг юм суух гэж байсан автобус явчихлаа гэж хэлээд жолоочийн хаалтын шилийг өшиглөсөн. Би яагаад хаалга үүд өшиглөөд байгаа юм бэ гээд хаалгаа нээх гэтэл урдаас хаалганы жижиг зай байдаг бөгөөд уг зайгаар хөлөөрөө 1 удаа цээж рүү өшиглөсөн. Тэр нүх нь хөл багтахаар нүх бөгөөд хөлийг нь бариад автал хөлөө сугалаад авсан. Би хаалгаа нээтэл миний зүүн талын нүд рүү 1 удаа гараараа цохисон. Тэгтэл би хойшоо саваад автобусны суудал дээр унасан. Тэгтэл хойно сууж байсан 2 настай хүний 1 нь ирээд намайг цохисон залууг чи яагаад байгаа юм гээд хойш нь татаад явсан. Би 17-н буудлаас хөдлөөд уруудаж байх замдаа цагдаа руу залгаад хүнд зодуулсан 57-н автобусны буудал дээр хүлээж байя гэж хэлсэн. Би замаараа 32-н буудал дээр хальт зогсоод эргээд 57-н автобусны буудал дээр зогсоод хойд хаалгаа нээтэл намайг цохисон залуу хойд хаалгаар буух гэтэл өмнөөс нь 1 залуу ирээд тэр хоёр хойд хаалган дээрээ барилцаад авсан. Тэгээд намайг цохисон залуу автобуснаас буухаар нь ардаас нь очоод татаад автобус руу оруулсан. Яагаад гэвэл би цагдаа дуудсан байсан учраас ийм үйлдэл хийсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаартай “...М.Лийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Л, Б.Б нар нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хэн алиндаа хохирогч байх ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул тэдгээрт тохирох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Лид шүүхээс оногдуулсан торгох ялыг өөрийнх нь санал, орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Бад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суудаг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 44-535 тоот гэрээс, түүний ажил болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны 27 тоотод байрлах “Ган” бөөний худалдааны төвийн хооронд зорчихыг зөвшөөрч, бусад газар руу 1 сарын хугацаанд зорчихыг хязгаарлахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Очир овогт М.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Боржигон хайрхан овогт Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Лийг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн, Б.Быг зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Лийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Быг шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар эдлүүлж, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 44-535 тоотоос, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны 27 тоотод байрлах “Ган” бөөний худалдааны төвийн хооронд чиглэлээр зорчихоор тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Л, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ