Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/021

 

А.Гд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний 2018/ШЗ/114 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор А.Гд холбогдох 201605000236 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өлзийтүрүү овогт А.Г, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

А.Г нь 2016 оны 08 дугаар сарын 09-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 12 дугаар гудамжинд Ч.Сийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан улмаар Ч.С нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр А.Гд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж А.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан гэх 2.712.207 төгрөгийн хохирлоос 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, А.Гаас 1.812.207 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Энхтайванд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, А.Гын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүний цагдан хоригдсон 97 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, гомдол гаргах журмыг дурдан шийдвэрлэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/114 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын шүүхэд гаргасан “гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 7-д зааснаар уг шүүгчийн захирамжид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч ******* миний бие Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийн холбогдогч А.Гын хууль ёсны өмгөөлөгчөөр оролцсон билээ. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 240 тоот шийтгэх тогтоолыг сарын дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хуульд заасан 14 хоног буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 10-нд дууссан бөгөөд энэ хугацаанд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны хооронд томуу томуу төст өвчний учир эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байж уг хугацааг /ажлын 2 хоног/ 01 дүгээр сарын 11-12/ амралтын /01 дүгээр сарын 13-14/ 4 хоног хэтрүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, мөн хуулийн 38.2 дугаар зүйлд заасны дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 15-нд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг гаргаж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/114 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байх тул уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иймд өмгөөлөгч миний гомдлыг хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/114 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны ажлын 2 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 хоног нийт хэтэрсэн 4 хоногийн хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хугацаа дуусахаас өмнө боломж байсан хэдий ч биеийн байдлаас болон гомдол гаргах хугацаа дууссан байгаа тул хугацааг сэргээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Гд холбогдох эрүүгийн 201605000236 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 240 тоот шийтгэх тогтоол гаргасан байна.

Уг шийтгэх тогтоолыг шүүгдэгч А.Гд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1600 цагт, түүний өмгөөлөгч *******т 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1100 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гардуулан өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахаар хуульчилсан байна.

Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 26 дугаар талд авагдсан шийтгэх тогтоол гардуулсан баримтаас үзвэл шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гомдол гаргах хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны /лхагва гараг/ өдрийн 24 цагт дуусахаар байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргах хугацаа хоногоор тоологдохоор хуульчлагдсан, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2-т хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй бөгөөд өөрөөр хэлбэл өмгөөлөгч *******т шийтгэх тогтоол гардуулан өгсөн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг хугацаанд орж тоологдохооргүй байгаа болно.

Хэдийгээр өмгөөлөгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 цаг хүртэл нийт 10 хоногт давж заалдах гомдлоо гаргах боломжтой байсан хэдий ч гомдлоо гаргаагүйг буруутгах боломжгүй бөгөөд хугацааны сүүлийн өдрүүд болох 2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 10-ны өдрүүдийн хооронд өвчтэй байсан талаарх эмнэлгийн магадлагааг /хх-ийн 3-р хавтас 29-р тал/ шүүхэд ирүүлсэн, үүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй тул түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, өмгөөлөгч *******ын гомдол гаргах хугацааг сэргээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэнтэй холбогдуулан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд хүргүүлсэн болохыг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 1,

38.2 дугаар зүйлийн 6, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2018/ШЗ/114 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, өмгөөлөгч *******ын Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 240 тоот шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3-д зааснаар магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

             ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                        Н.ЭНХМАА