Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 449

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Л.Ганчимэг

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл 

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэрийн Л.Ганчимэгт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 135 дугаар шийдвэрийн дагуу Иргэн Л.Ганчимэгт эзэмшүүлэх 1044 м.кв газраас 300 м.кв газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хохирол 1,393,600.00 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мшүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ: “... Л.Гби өөрийн газар эзэмших эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 2011 оны 196 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон, 1044 м.кв хэмжээгээр Л.Гминий газар эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалган шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1317 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 37 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна. 

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар барилгажилтын зөвлөл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал түүнийг биелүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн эрх хэмжээнд халдсан эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл болж байна. Нийслэлийн Засаг дарга нь Газар барилгажилтын зөвлөлийн гаргасан шийдвэрт үндэслэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас Л.Гби дахин дахин хохирсоор байна. 

Би Монгол Улсын иргэний хувьд шүүхийн шийдвэрийг аливаа байгууллага, иргэн заавал гүйцэтгэх үүрэгтэй гэж ойлгодог. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт аливаа нэг этгээд дураараа өөрчлөлт оруулж шийдвэрлэх ямар нэг эрх байхгүй гэж бодож байна. 

Нэгэнт хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй гэсэн захиргааны акт дахин гаргаж байгаа тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Төрийн байгууллагын эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж байгаа дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь энгийн иргэн миний эрх ашгийг дахин дахин зөрчиж байна. 

Л.Гби хариуцагч нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан хохирлоо тодорхойлуулахаар газар эзэмших эрхдээ зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төвд хандан дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр 1,650,000.00 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

Би энэхүү Газар барилгажилтын зөвлөлийн гаргасан шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээр очиж материалтай танилцах явцдаа олж мэдсэн.” гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 135 дугаар шийдвэрийн дагуу Л.Ганчимэгт 300 м.кв газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн Л.Ганчимэгт 744 м.кв газрыг эзэмшүүлэхгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хохиролд 1,393,600.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01235 дугаар шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаар захирамжийн Л.Ганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгон, Л.Ганчимэгт 1044 м.кв хэмжээгээр эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших гэрээ байгуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар захирамжийн Ф.Цогоод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар оруулсан юм. 

Хурлаас Л.Ганчимэгт 1044 м.кв газрыг эзэмшүүлэхээр орц, гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй тус “эс зөвшөөрөв” гэсэн дүгнэлт гаргасан юм. 

Анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 55 дугаар захирамжаар Л.Ганчимэгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 1044 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар олгож байсан бөгөөд Л.Ганчимэгийн байшингаас гадна 2 амины орон сууц баригдсан бөгөөд маргаан бүхий газраар 3 байшингийн оршин суугчид бүгд зорчдог болно. 

Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учирч байгаа бөгөөд одоогоор Л.Ганчимэгийн амины орон сууц нь бусдад удаан хугацаагаар түрээслүүлсэн байна. Ер нь тус амины орон сууц нь хэд хэдэн хүнд дамжигдан худалдаалагдсан мэдээллийг хөрш оршин суугчид нь хэлж байгаа тул Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газраас шүүхийн журмаар лавлагаа гаргуулах хүсэлттэй байна. 

Мөн нэхэмжлэгч нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 24а байрны сул чөлөөтэй 550 м.кв газрын эзэмших эрхийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 1,650,000.00 төгрөгөөр үнэлүүлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тунхагласан байдаг тул төрийн мэдлийн газрыг үнэлж хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. 

       2. Л.Гнь баригдсан амины орон сууц худалдаж авсан, тухайн үеийн ерөнхий төлөвлөгөөгөөр урагшаагаа зам төлөвлөгдсөн байсан гэх бөгөөд үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд Л.Ганчимэгийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 135 дугаар шийдвэрийн дагуу Л.Ганчимэгт 1044 м.кв хэмжээгээр эзэмшүүлэх газраас байшингийн хэмжээгээр 300 м.кв газрыг эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах гэсэн нь Л.Ганчимэгт эзэмшүүлсэн 700 м.кв талбай бүхий газарт өөрийн байшин нь бүхэлдээ орсон байх бөгөөд 18642308920335 нэгж талбарын зургаас илүү талбай хэмжээгээр байшин барилга баригдсан шинж харагдахгүй байх бөгөөд энэ ойлгомжгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна. 

Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хохиролд 1,393,214.400 төгрөг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Л.Ганчимэгт учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж хуульчилсан мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг.” гэж хуульчилсан ба хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Л.Ганчимэгээс Нийслэлийн Засаг дарга, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэрийн Л.Ганчимэгт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 135 дугаар шийдвэрийн дагуу Иргэн Л.Ганчимэгт эзэмшүүлэх 1044 м.кв газраас 300 м.кв газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хохирол 1,393,600.00 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

“Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэрийн Л.Ганчимэгт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Иргэн Л.Г“Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаар захирамжийн Л.Ганчимэг, 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаар захирамжийн М.Ганхөлөг, 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжийн Ф.Цогоо нарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулж, Л.Ганчимэгт 1044 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулж газар эзэмших гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-н ий өдрийн 196 дугаар захирамжийн Л.Ганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгон, Л.Ганчимэгт 1044 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших гэрээ байгуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, ...” шийдвэрлэжээ. 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1317 дугаар захирамж, мөн өдрийн 37 дугаар гүйцэтгэх хуудас гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ. 

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Газар барилгажилтын зөвлөл /хуучин нэр/-ийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар хурлаар  иргэн Л.Ганчимэгт 1044 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцсэн боловч “Орц гарц бүхий нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшилд шилжүүлэх боломжгүй, эс зөвшөөрөв.” гэж шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, гэж заасныг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл иргэн Л.Ганчимэгийг 1044 м.кв газар  эзэмших эрхтэй болохыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон учир холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй юм. 

Иймд Газар барилгажилтын зөвлөл /хуучин нэр/-ийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэрээр Л.Ганчимэгт 1044 м.кв газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж дүгнэлт гаргасныг хууль  нь хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

“Хохирол 1,393,600.00 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Дээр дурдсанаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр иргэн Л.Г1044 м.кв газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хохирол нэхэж байгаа үндэслэлээ “...Нэгэнт хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй гэсэн захиргааны акт дахин гаргаж байгаа тул Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ...” гэж тодорхойлсон байна. 

Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа, Газар барилгажилтын зөвлөл /хуучин нэр/-ийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэрээр Л.Ганчимэгт 1044 м.кв газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж дүгнэлт гарсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна.” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шүүхийн шийдвэр биелэх учиртай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.”, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;” гэж зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч Л.Ггазар эзэмших эрх олгосон захирамжийг гаргаагүйгээс учирсан хохирол 1,393,600.00 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж заасантай нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, биелүүлэхгүй байгаа асуудал нь захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүсэн хууль бус эс үйлдэхүйд хамаарахгүй тул хохирол гаргах үндэслэлгүй юм.

Харин Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр Л.Ганчимэгт 1044 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших гэрээ байгуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэснээс хойш газар эзэмших эрхтэй холбоотой өөр бусад хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэгч Л.Гхолбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.

“Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 135 дугаар шийдвэрийн дагуу Иргэн Л.Ганчимэгт эзэмшүүлэх 1044 м.кв газраас 300 м.кв газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр Л.Ганчимэгт 1044 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших гэрээ байгуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн учир шүүх 1044 м.кв газраас 300 м.кв эзэмшүүлэхийг даалгах боломжгүй байна. 

Нийслэлийн Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг биелүүлж 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/423 дугаар захирамжаар Л.Ганчимэгт Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 1044 м.кв газрыг эзэмшүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан Л.Ганчимэгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэрийн Л.Ганчимэгт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 135 дугаар шийдвэрийн дагуу Иргэн Л.Ганчимэгт эзэмшүүлэх 1044 м.кв газраас 300 м.кв газар эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хохирол 1,393,600.00 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөс 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН