Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01433

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00377 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1027 дугаар магадлалтай

Б.Дгийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох

Хууль бус эзэмшлээс автомашин чөлөөлүүлэх тухай тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Туяажаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гялс зуурмаг” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд “Б” ХХК-иас “Гялс зуурмаг” ХХК нь зээлээр худалдан авсан цементийн төлбөрийн үлдэгдэл 19 197 700 төгрөгийг “Гялс зуурмаг” ХХК-ийн захирал Б.Эрдэнэзул болон надаас нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гарган улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулан, Б.Эрдэнэзул нь 16 037 400 төгрөгийг, миний бие өөрийн өмчлөлийн Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг “Нет капитал” ББСБ-д барьцаанд тавьсан байсан 3 160 300 төгрөгийг “Б” ХХК-иар чөлөөлүүлсэн тул энэ мөнгийг тус тус “Б” ХХК-д төлөхөөр гэрээ байгуулсан. Миний бие өөрийн төлөх ёстой 3 160 300 төгрөгийг “Б” ХХК-д төлж ямар нэгэн тооцоогүй болсон боловч Б.Эрдэнэзулын төлөх ёстой 16 037 400 төгрөгийг намайг төлөхгүй бол машиныг чинь өгөхгүй гээд өдийг хүртэл хашаандаа хадгалж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарч бидний эвлэрлийн гэрээг баталж миний бие гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө төлсөн байтал миний машиныг дур зоргоор хашаандаа хадгалж миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Энэхүү барьцаанд авч байгаа асуудал буюу 19 197 700 төгрөгийн асуудал өмнө нь шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй. Энд ямар нэгэн барьцааны гэрээ байхгүй, барьцаалах эрхгүй, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар дурдаагүй байгаа. Б.Дгийн эзэмшилд байж байгаад “Нет Капитал” ББСБ-д барьцаанд тавьж мөн барьцааны гэрээгээ чөлөөлж, төлбөрийг төлсөн нь барьцааны гэрээ, “Нэт Капитал” ББСБ-аас гаргаж өгсөн албан бичгээр тогтоогдож байгаа. Автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэх гэхээр бичиг баримт, машиныг “Б” ХХК авчихаад өгөхгүй байсан учир шилжүүлэх боломжгүй байсан. Саяхан журамд өөрчлөлт орж тээврийн хэрэгслийг өмнөх гэрчилгээ бичиг баримтгүйгээр нэр шилжүүлэх болгонд шинээр гэрчилгээ гаргадаг болсон. Бид өчигдөр хууль ёсны дагуу өөрийн нэр дээр болгон авсан байгаа. Иймд хууль бусаар эзэмшиж байгаа автомашиныг “Б” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Гялс зуурмаг” ХХК нь “Б” ХХК-иас цемент худалдан авахдаа урьдчилгаа 6 000 000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 16 037 400 төгрөгийг 2 хоногийн дотор төлнө гэж хэлээд “Гялс зуурмаг” ХХК-ийн өмчлөлийн гэх Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ улсын дугаар бүхий автомашиныг тооцооны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд манай компанийн эзэмшилд байлгахаар түлхүүр, бичиг баримтын хамт манай байгууллагын хашаанд үлдээгээд явсан юм. Түүнээс хойш манай компанийн зүгээс удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч огт төлбөр төлөөгүй. Гэтэл дараа нь “Нэт капитал” ББСБ-ын зүгээс манай компани руу яриад уг Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ улсын дугаар бүхий дугаартай автомашин нь манай нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй автомашин тул манай байгууллага уг машиныг авна гэж шаардах болсон. Бид тухайн үед уг машиныг манай компанийн хашаанд үлдээгээд явах үед нь машины бичиг баримтыг харж шалгаагүй бөгөөд “Гялс зуурмаг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг машин гэж ойлгосон юм. Гэтэл “Нэт капитал” ББСБ-иас манай компани руу холбогдож асуудал үүсгэсний дараа бичиг баримтыг нь харахад “Нэт капитал” ББСБ-ын нэр дээр гэрчилгээтэй буюу тус байгууллагын өмчлөлийн автомашин байсан юм. Компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Гялс зуурмаг” ХХК-тай уулзалт хийж барьцаанд үлдээгээд явсан машины талаар тодруулж асуухад “Гялс зуурмаг” ХХК-ийн захирал Б.Эрдэнэзул манай компани Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ дугаартай машиныг “Нэт капитал” ББСБ-аас авсан зээлийн барьцаанд тавьсан байгаа бөгөөд уг зээлийн үлдэгдэл төлбөр нь 3 160300 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Одоогоор манай компани “Нэт капитал” ББСБ-ын зээлийг төлөх боломжгүй байгаа тул танай компани манай компанийн өмнөөс “Нэт капитал” ББСБ-ын зээлийн үлдэгдэл 3 160 300 төгрөгийг төлбөл, манай компани дараа нь уг зээл болох 3 160 300 төгрөгийг танайд төлөх хүртэлх хугацааны хүүгийн хамт тооцож төлье, мөн танайхаас худалдаж авсан цементийн төлбөр 16 037 400 төгрөгийн хамт төлж барагдуулах болно гэж манай компанид хүсэлт гаргасан юм. “Б” ХХК нь “Гялс зуурмаг” ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний “Нэт капитал” ББСБ-д төлөх төлбөр төлөх 3 160 300 төгрөгийг төлсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар “Гялс зуурмаг” ХХК болон “Б” ХХК нарын хоорондох нийт 19 197 700 төгрөгний төлбөр тооцооноос шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд 3 160 300 төгрөгийг л төлсөн бөгөөд үлдэгдэл 16 037 400 төгрөг төлбөр төлөгдөөгүй хэвээр байгаа. Мөн өнөөдрийн байдлаар Б.Д нь уг Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ дугаартай автомашины өмчлөгч биш бөгөөд харин уг автомашин өнөөдрийн байдлаар “Нэт капитал” ББСБ-ын нэр дээрх өмчлөлийн албан ёсны гэрчилгээтэй эд хөрөнгө тул Б.Д нь энэхүү автомашинтай холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй этгээд байгаа юм. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00377 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 1658-УБВ улсын дугаар бүхий Mitsubishi Outlander /Мицүбүши аутландер/ маркийн автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1027 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Дгийн зүгээс “Б” ХХК-д холбогдуулан “Өөрийн өмч болох Мицүбүши аутландер маркийн 1658-УБВ автомашиныг “Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

Гэтэл Б.Д нь тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах үед уг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ дугаартай автомашин нь “Нэт капитал” ББСБ-ын нэр дээрх өмчлөлийн эд хөрөнгө буюу тухайн шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Д нь энэхүү автомашинтай холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй, тухайн автомашины өмчлөгч биш этгээд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус өмчлөгч биш этгээдийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, бүр цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

Нотлох баримтаар хэрэгт “Нэт капитал” ББСБ-ын өмчлөлийн Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашины гэрчилгээний хуулбар авагдсан байгаа болно.

Анх 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Гялс зуурмаг” ХХК нь манай “Б” ХХК-иас цемент худалдан авахдаа урьдчилгаа 6 000 000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 16 037 400 төгрөгийг нь 2 хоногийн дотор төлнө гэж хэлээд “Гялс зуурмаг” ХХК-ийн өмчлөлийн гэх Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг тооцооны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд манай компанийн эзэмшилд байлгахаар түлхүүр, бичиг баримтын хамт манай байгууллагын хашаанд үлдээгээд явсан юм.

Түүнээс хойш манай компанийн зүгээс удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч огт төлбөр төлөөгүй юм. Гэтэл дараагаар нь “Нэт капитал” ББСБ-ын зүгээс манай компани руу яриад “уг Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ дугаартай автомашин нь манай ББСБ-ын нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй автомашин тул манай ББСБ уг машиныг авна гэж шаардах болсон.

Бид тухайн үед анх уг машиныг манай компанийн хашаанд үлдээгээд явах үед нь машины бичиг баримтыг харж шалгаагүй бөгөөд “Гялс зуурмаг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг машин гэж ойлгосон юм. Гэтэл ББСБ-иас манай компани руу холбогдож асуудал үүсгэсний дараа бичиг баримтыг нь харахад “Нэт капитал” ББСБ-ын нэр дээр гэрчилгээтэй буюу тус байгууллагын өмчлөлийн автомашин байсан.

Ийнхүү “Гялс зуурмаг” ХХК-ийн өмчлөлийн автомашин биш байсныг мэдээд манай компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Гялс зуурмаг” ХХК-тай уулзалт хийж барьцаанд үлдээгээд явсан машины талаар тодруулж асуухад “Гялс зуурмаг” ХХК-н захирал Б.Эрдэнэзул “Манай компани Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ дугаартай машиныг “Нэт капитал” ББСБ-иас авсан зээлийн барьцаанд тавьсан байгаа бөгөөд уг зээлийн үлдэгдэл төлбөр нь 3 160 300 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Одоогоор манай компани “Нэт капитал” ББСБ-ын зээлийг төлөх боломжгүй байгаа тул танай компани манай компанийн өмнөөс ББСБ-ын зээлийн үлдэгдэл 3 160 300 төгрөгийг төлбөл, манай компани дараа нь уг зээл болох 3 160 300 төгрөгийг танайд төлөх хүртэлх хугацааны хүүгийн хамт тооцож төлье, мөн танайхаас худалдаж авсан цементийн төлбөр 16 037 400 төгрөгийн хамт төлж барагдуулах болно” гэж манай компанид хүсэлт гаргасан юм.

“Гялс зуурмаг” ХХК-ийн захирал Б.Эрдэнэзулын 2016.02.25-нд гаргасан хүсэлт хэрэгт авагдсан байгаа болно.

Иймд манай “Б” ХХК нь “Гялс зуурмаг” ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний “Нэт капитал” ББСБ-д төлөх төлбөр төлөх 3 160 300 төгрөгийг төлсөн юм. Гэтэл өнөөдрийн байдлаар “Гялс зуурмаг” ХХК болон “Б” ХХК-иудын хоорондох нийт 19 197 700 төгрөгийн төлбөр тооцооноос шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд 3 160 300 төгрөгийг л төлсөн бөгөөд үлдэгдэл 16 037 400 төгрөг төлбөр төлөгдөөгүй хэвээр байгаа юм.

Иймд “Гялс зуурмаг” ХХК нь манайд 16 037 400 төгрөгийн төлбөрийг төлөх үлдэгдэл тооцоотой байгаа тул анх тохиролцсон ёсоор энэхүү төлбөр тооцоог төлж дуусгах хүртэлх хугацаанд энэхүү нэхэмжлэлд дурдагдсан Мицүбүши аутландер маркийн 1658 УБВ автомашиныг манай компанийн зүгээс “Гялс зуурмаг” ХХК болон өөр ямар нэгэн этгээдэд өгөх үндэслэлгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/000377 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1027 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Д нь “Б” ХХК-д холбогдуулан өөрийн эзэмшлийн 16-58 УБВ улсын дугаартай Мицүбиши аутландер маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Д 2016 оны 03 дугаар сард “Нет капитал” ББСБ-аас 4 000 000 төгрөгийн зээл авахдаа маргааны зүйл болох 16-58 УБВ улсын дугаартай Мицүбиши аутландер маркийн автомашиныг барьцаалж, Фидуцийн гэрээгээр эзэмших эрхийг нь шилжүүлсэн ба зээлийн үлдэгдэл 3 160 300 төгрөгийг “Гялс зуурмаг” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн “Б” ХХК төлж барагдуулсан, тус төлбөрийг Б.Д “Б” ХХК-д төлсөн, улмаар автомашины эзэмших эрхийг “Нет капитал” ББСБ-аас өөрийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

“Гялс зуурмаг” ХХК нь “Б” ХХК-иас 2016 оны 04 дүгээр сард цемент худалдан авахдаа төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл маргааны зүйл болох автомашиныг “Б” ХХК-ийн эзэмшилд үлдээж, барьцаалсан, Б.Д автомашиныг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж хариуцагч маргасан байна.

Анхан шатны шүүх “Гялс зуурмаг” ХХК, “Б” ХХК-ийн хооронд тус автомашиныг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тухай баримт хэрэгт авагдаагүй, Б.Д нь “Б” ХХК-иас “Нет капитал” ББСБ-д түүний өмнөөс төлсөн 3 160 300 төгрөгийг “Б” ХХК-д төлж барагдуулсныг үндэслэн хариуцагч нь маргаж буй автомашины хууль ёсны эзэмшигч болохоо нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 16.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Б.Д нь “Нэт капитал” ББСБ-аас 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 4 000 000 төгрөгийн зээл авахдаа маргааны зүйл болсон автомашиныг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Фидуцийн гэрээ байгуулсан, зээлийн үлдэгдэл төлбөр 3 160 300 төгрөгийг “Б” ХХК Б.Дгийн нэрийн өмнөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1., 235.4.-т заасан үндэслэлээр Б.Дгийн “Нет капитал” ББСБ-тай байгуулсан фидуцийн гэрээ дуусгавар болж, Б.Дгийн эд хөрөнгөө буцаан шаардах эрх нь нээгдсэн байна.

Б.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Нет капитал” ББСБ-д Б.Дгийн өмнөөс төлсөн төлбөрийг “Б” ХХК-д төлсөн үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Б.Дг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн “Б” ХХК нь “Гялс зуурмаг” ХХК-ийн төлбөрт маргаж буй автомашиныг барьцаалах эрхтэй болохоо нотлоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн тул “...үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг тус хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжилсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00377 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1027 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Туяажаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД