Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 134/ШШ2017/00059

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр багт байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375, улсын бүртгэлийн дугаар 9016001017, утас: 70543678/-ийн хүсэлттэй

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Баттогтохыг эрэн сурвалжлуулах тухай  хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Баттогтох нь “Капитал банк” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн №2054000027 тоот гэрээ байгуулан 1 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэйгээр зээл авсан байдаг.

Зээлийн барьцаанд сар бүр цалингаасаа төлөхөөр цалин барьцаалсан бөгөөд иргэн Б.Баттогтох нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, банкны зүгээс эрэн сурвалжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл олдохгүй “Капитал банк” ХХК-ийг хохироосоор байна.

Б.Баттогтох нь зээл авах үедээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд няраваар ажиллаж байсан. Банкны зүгээс тухайн зээлдэгчтэй холбогдох гээд 94335439 гэсэн дугаартай утас руу нь залгахад тухайн дугаарын орох ярианы эрх нь хаагдсан байсан тул өмнө нь ажиллаж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б.Батогтохыг лавлаж асуухад, амьдарч байсан байраа хүлээлгэж өгөөд ажлаас гарсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн. 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бичиг хэргийн ажилтантай нь уулзаж, энэ талаар тодруулахад Б.Баттогтох нь Улаанбаатар хот руу шилжсэн, нөхөр нь БНСУ руу явсан гэдэг мэдээлэл өгсөн.

Иймд, зээлдэгч Б.Баттогтохыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мундаг овогт Батбаатарын Баттогтохыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно” гэжээ. 

Иргэн Б.Батбаатар нь “Капитал банк” ХХК-иас 1 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй зээлж, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2054000027 тоот гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ. 

Гэвч зээлдэгч Б.Баттогтох нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулалгүйгээр, албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа газраа өөрчлөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2054000027 дугаартай зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, зээл хүсэгчийн анкет, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Баттогтохыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/1298 дугаар тушаал, банкнаас зээлдэгчтэй холбоо барьсан тухай тэмдэглэл, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 74 тоот иргэний үнэмлэхний лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мундаг овогт Батбаатарын Баттогтохыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг  олж  тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Б.Баттогтох нь 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, ЕЙ90073000 регистрийн дугаартай, Улаанбаатар хотод байж болзошгүй, түүний ах Оюунтогтох нь 86544040 дугаарын утастай гэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мундаг овогт Батбаатарын Баттогтохыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Баттогтохыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Б.Баттогтох нь 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, ЕЙ90073000 регистрийн дугаартай, Улаанбаатар хотод байж болзошгүй, түүний ах Оюунтогтох нь 86544040 дугаарын утастай гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ЦОГЗОЛМАА