| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2021/0126/Э |
| Дугаар | 2021/ ШЦТ/153 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ ШЦТ/153
2021 03 05 2021/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Х.А,
нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Тайжууд овогт Х.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000001113 тоот хэргийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гануурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-246 тоотод оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 541 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Тайжууд овогт Х.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Х.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.А нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн 1-246 тоотод байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.Уранчимэгтэй “бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг духан тус газарт нь мөргөх, цээжин тус газарт нь хазах зэрэг үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Уранчимэг надад “дугаараа нууцалсан дугаараас чинь 2 удаа залгасан. Оюунцэцэг чинь залгаад байна” гэснээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн. Би уурандаа архинаас 2-3 аяга ууж байтал Уранчимэг надад “би чамаас залхаж байна, одоо цаашдаа чамтай амьдармааргүй байна” гэхээр нь би явлаа гээд гарах гэтэл намайг гаргахгүй гэхээр нь би цонхоор гарна гэтэл намайг хориглоод байхаар нь уурандаа түүний хувцаснаас нь заамдаж хоолойг нь боож байгаад толгой руу нь духаараа 1-2 удаа мөргөж ноцолдож байгаад орон дээр дарж унагааж байгаад дагз руу нь тохойгоороо нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23x/,
- хохирогч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сараас эхлэн одоогийн амьдарч байгаа нийтийн байранд хамтран амьдарч эхэлсэн юм...хамтран амьдарч байх үеэс эхлэн уг танихгүй эмэгтэй надруу олон удаа залгаж, мессеж бичиж дарамтлаад байх болсон тул энэ асуудлаас болж Алтангэрэл бид хоёр удаа дараа маргалдаж байсан...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Алтангэрэл өөрийнхөө найзынх руу очиж ажилд нь тусална гээд явсан бөгөөд би гэртээ үлдсэн. Нэлээд оройхон Алтангэрэл гэртээ ирэхдээ эрүүл саруул, гартаа том шилний талаар архитай орж ирээд хоол ундаа идчихээд найзыгаа уг архийг өгсөн гээд архиа ганцаараа уусан. Тухайн өдөр нь танихгүй эмэгтэй нь надруу утсаар дохиод байсан болохоор нь би энэ талаар Алтангэрэлд хэлснээс болж бид хоёр маргалдаж эхэлсэн...Маргаанаа үргэлжлүүлж байтал Алтангэрэл миний духны зүүн баруун хэсэгт тус бүр нэг нэг удаа духаараа мөргөөд миний цээжний орчим 1 удаа хазсан. Тэгээд намайг айлгах гээд хутга гартаа барьчхаад хол зогсоод байсан.,.2020 оны 09 сарын орчим мөн л нөгөө эмэгтэй надруу ярьсантай холбоотойгоор маргалдаж байгаад Алтангэрэл миний хоолойг гараараа базаж түлхэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13210 дугаартай “...Д.Уранчимэгийн биед хоёр зовхи, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Х.Аийг гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч, хохирогч Д.Уранчимэгийг эр, эмийн хардалтын улмаас түүнтэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Уранчимэг нь тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өгсөн бичгийн баримт, хүсэлтээр “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул Х.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Х.Ад ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний санал, орлого олох боломж зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Х.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Ад 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Ад нь торгох ял биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ