Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

 

    2021        03          05                                    2021/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч  И.Ариунсанаа,

шүүгдэгч  Б.Н,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Айрагынхан овогт Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011018310029 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт асрагч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээл 1а гудамжны 50тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Айрагынхан овгийн Б.Н

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ яллагдагч Б.Н  нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Н нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, өөрийнх нь жолоодож явсан тээврийн хэрэгсэлд нь суусан хохирогч Н.Наранбилэгийн гээгдүүлсэн “Самсунг А10” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж  өөртөө завшиж нийт 367 200 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би Наранбилэгийн гар утсыг тухайн үед олдсон тэр хэвээр нь эргүүлэн түүнд өгсөн бөгөөд гэм буруугаа хүлээж байна. ” гэх мэдүүлэг /хх-н 38-39х/,

- хохирогч Н.Наранбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 10 сарын 01-ний өглөө өмнөх шөнө нь хэрэглэсэн согтууруулах ундаа гараагүй нэлээн согтуу байдалтай 21 дүгээр хорооллоос тухайн үед түрээслэн амьдарч байсан чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо зам гүүрийн авто бааз орчим байдаг нийтийн байр руу явахаар такси барьтал уг машины жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд урд хажуугийн суудал дээр нь 9-10 орчим насны хүүхэд унтаж байсан. Нэг сэрсэн чинь жолооч эмэгтэй намайг сэрээгээд машинаасаа буу гээд хөөгөөд байхаар нь би уг машинаас бууж гэрээсээ 1 буудал орчим зайтай буусан гэдгээ мэдээд өөр такси бариад эхнэрээ гэрээсээ миний картыг авч ирээд таксины мөнгө төл гэж хэлэх гэтэл миний гар утас байхгүй болсон байхаар нь сүүлд суусан машины жолоочийн утаснаас өөрийн гар утас руу залгатал дуудаж байсан боловч хариу өгөхгүй байсан. Тэгээд гэртээ хүргүүлж эхнэр болон ээж нарын утаснаас удаа дараа залгасан боловч хариу өгөхгүй байсаар орой 17-21 цагийн орчим утас унтарсан байсан.Би уг машинд ‘ суугаад өөрийн гар утсаараа шөнө хамт хоносон Золбоо гэх хүнтэй ярьсан болохоор машин дотор миний гар утас байсан. Би буугаад тэр газраа шууд өөр машинд суугаад гар утсаа хайтал байхгүй болсон байсан. Гэхдээ яг өөрөө гар утсаа уг эмэгтэйд өгсөн эсэхээ сайн мэдэхгүй байна. Өөрийн гар утсаа яг хэвээр нь эргүүлж авсан болохоор надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

- гэрч Б.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2020 оны 10 асарын сүүлээр Баянхонгор аймаг руу дадлагаар явах болсон бөгөөд энэ үедээ ашиглах үзүүлэлт сайтай гар утас авах санаатай байгаа талаараа ээжийн дүү Нямцэцэгт хэлтэл өөрт нь нэг гар утас байгаа хүнээс мөнгөний оронд авсан юм ... гээд надад самсунг А10 эс загварын гар утсыг надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14х/,

-эд зүйлийн үнэлгээний баримт /хх-ийн 30х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг  хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүгдэгч Б.Нийг  хохирогч Н.Наранбилэгийн гээгдүүлсэн самсунг А10 загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Наранбилэгт учруулсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Айрагынхан овогт Б.Н гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                               

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             С.БАТГЭРЭЛ