Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 134/ШШ2017/00060

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр багт байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375, улсын бүртгэлийн дугаар 9016001017, утас:70543678/-ийн хүсэлттэй,

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Ганбаярыг эрэн сурвалжлуулах тухай  хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Ганбаяр нь “Капитал банк” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн №2054000372 тоот гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээл авсан байдаг.

Зээлийн барьцаанд сар бүр цалингаасаа төлөхөөр цалин барьцаалсан бөгөөд иргэн М.Ганбаяр нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, банкны зүгээс эрэн сурвалжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл олдохгүй “Капитал банк” ХХК-ийг хохироосоор байна.

Зээлдэгч Мөнхдоржийн Ганбаяр нь зээл авах үедээ Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байсан. М.Ганбаяр нь ажлаасаа гарснаас хойш банкны зээлийн төлөлт хийгдээгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Одоогоор 5.770.006 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 319 хоног хугацаа хэтэрсэн, эргэлзээтэй ангилалд шилжсэн байна. Зээлдэгчийн хувийн хэрэгт авагдсан анкетнаас тухайн зээлдэгчийн 98628680 дугаараар холбогдоход, холбогдох боломжгүй, эхнэрийх нь утас бас холбогдох боломжгүй байсан. М.Ганбаярын ээж болох Догилтой нь холбогдоход М.Ганбаяр нь АНУ-д байгаа гэсэн тайлбар өгсөн.

Иймд, зээлдэгч М.Ганбаярыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мөнх овогт Мөнхдоржийн Ганбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно” гэжээ. 

Иргэн М.Ганбаяр нь “Капитал банк” ХХК-иас 7 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлж, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2054000372 тоот гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ. 

Гэвч зээлдэгч М.Ганбаяр нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулалгүйгээр, албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа газраа өөрчлөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2054000372 дугаартай зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, зээл хүсэгчийн анкет, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “М.Ганбаярыг ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаал, зээлдэгчтэй холбоо барьсан тухай тэмдэглэл, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 70 тоот иргэний үнэмлэхний лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мөнх овогт Мөнхдоржийн Ганбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг  олж  тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

М.Ганбаяр нь 1981 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, УД81103117 регистрийн дугаартай, зээл авах үед Говьсүмбэр аймаг, Өлгий, 11 дүгээр хороо, 4 дүгээр байр,  77 тоотод оршин суух бүртгэлтэй байсан, ээж Догил нь М.Ганбаярыг АНУ-д амьдарч байгаа гэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч “Капитал банк” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мөнх овогт Мөнхдоржийн Ганбаярыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.Ганбаярыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Ганбаяр нь 1981 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, УД81103117 регистрийн дугаартай, зээл авах үед Говьсүмбэр аймаг, Өлгий 11 дүгээр хороо, 4 дүгээр байр, 77 тоотод оршин суух бүртгэлтэй байсан, ээж Догил нь М.Ганбаярыг АНУ-д амьдарч байгаа гэсэн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              П.ЦОГЗОЛМАА