Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/220

  2021         02          10                                   2021/ШЦТ/220

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Тулга,   

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

хохирогч Ч.Оюунболор,

шинжээч эмч Ч.Эрдэмболор,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03383 3012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 26-652 тоотод иргэн Ч.Оюунболорын хүсэл зоригийн эсрэг буюу архи согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндэх гэмт хэрэг холбогджээ.                                                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Оюунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн 30 минутын орчим гэртээ байх үед гудамжны найз Номин над руу залгаад “бид нар одоо танай гэр рүү очлоо” гэж утсаар ярьсан ба 5-10 минутын дараа Номин, Эрхэмбаяр, Т гурав манай гэрт бэлэн гоймон, хиам, талх, лаазалсан загас, 8 ширхэг 0.5 литрийн Сэнгүр пивотой ирсэн. Бид дөрөв авч ирсэн пивыг ууж дуусгахад Т Сансараа гэх залуу руу залгаж пиво захихад Сансараа 2.5 литрийн нэг ширхэг Нийслэл пивотой ирсэн. Бид нар тэр пивыг хувааж ууж дуусгаад дахин дуудлагаар 2.5 литрийн 2 ширхэг пиво авч хувааж уусан бөгөөд Сансараа бид нарт хэлэлгүй гэр рүүгээ явсан байсан. Манай гэрт Номин, Т, Эрхэмбаяр бид нар үлдэж дахин дуудлагаар 2.5 литрийн 2 ширхэг Сэнгүр пиво авч ирүүлээд уусан. Би сүүлд авсан пивоноос огт уугаагүй. Номин, Т, Эрхэмбаяр нар манай гэрт хононо гэхээр нь би газар ор засаж өгөөд өөрөө буйдан дээр унтахаар хэвтсэн. Тэрнээс хойших асуудлыг би огт санахгүй байна. Нэг мэдсэн өглөө болсон байсан. Би гэртээ ганцаараа сэрсэн ба миний өмсөж унтсан саарал өнгийн фудволко урагдсан, доогуураа шалдан байсан. 10 цагийн үед Номин над руу залгаад “чи ажилдаа яваагүй юм уу, гараад ир” гэж хэлэхээр нь би гэрээс гэрч Номин, Эрхэмбаяр хоёртой уулзахад Номин надаас юу болсон талаар асуухаар нь би “мэдэхгүй байна, би шалдан сэрсэн” гэж хэлсэн. Номин “танай том эгч өглөө орж ирсэн байна шүү дээ, болсон асуудлыг санаж байна уу” гэж асуухаар нь би “санахгүй байна” гэж хэлээд Номин, Эрхэмбаяр бид гурав салаад би ажилдаа явсан. Би Т руу залгаад юу болсон талаар асуухад “танай эгч өглөө орж ирсэн, би танай гэрийг цэвэрлэж, хогийг чинь асгасан” гэж хэлээд утсаа тасалсан. Би ажил дээрээ очоод ариун цэврийн өрөөний толинд өөрийгөө харахад миний хүзүү улайчихсан, хэн нэгэнд шимүүлчихсэн байсан. Миний бэлэг эрхтэн зовуурьтай байгаад байхаар нь бие зассаны дараа цаасаар арчаад үзэхэд бэлэг эрхтнээс улаан өнгийн зүйл гарсан. Би ажлаасаа чөлөө аваад эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлэхэд намайг бэлгийн харьцаанд орсон байна гэсэн. Би Алтай хотхонд байрлах эгчийнхээ гэрт очиж усанд орж хувцас хунараа угаагаад тэндээ хоносон. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа яваад орой нь 16 дугаар хороололд байрлах том эгчийнхээ гэрт очсон. Том эгч тухайн өдрийн өглөө манай гэрт ирэхэд би орон дээрээ шалдан хэвтсэн ба миний хажууд нэг залуу надтай хамт хэвтэж байсан гэж хэлээд гар утсан дээрээ авсан зургийг надад үзүүлэхэд Тын зураг байсан. Тухайн үед манай эгч Таас манай дүү яагаад шалдан хэвтэж байгаа талаар асуухад Т “би танай дүүг яагаа ч үгүй” гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/

Гэрч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн үед төрсөн дүү Дашдоржийн гэрт очиход хаалга нь онгорхой, гэрт нь манай төрсөн дүү Оюунболор нь шалан дээр бүсэлхийнээсээ доошоо нүцгэн, дээгүүрээ саарал өнгийн цамц, саар өнгийн фудволкотой унтаж байсан ба хажууд нь үл таних залуу бүсэлхийнээсээ доогуур нүцгэн, дээгүүрээ фудволкотой унтаж байсан. Төрсөн дүүгээ сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь хажууд нь унтаж байсан залууг сэрээхэд тэр залуу сэрээд “цаашаа бай” гэж хэлээд байхаар нь “чи одоо манай гэрт юу хийж байгаа юм бэ, та нар яахаараа ингээд байж байдаг юм бэ? чи манай дүүгийн хажууд унтаж байдаг хэн юм бэ” гэж асуухад юм дуугарахгүй байхаар нь “бос хувцсаа өмс” гэж хэлээд хөнжлийг нь сөхөх гэхэд хөнжлөөр бие хааж байгаад хувцсаа өмссөн. Би тэр залуугаас хаана амьдардаг, нэрийн нь хэн болох талаар асуухад “намайг Сансараа гэдэг, төрсөн эх, эгчийн хамт амьдардаг” гэж хэлсэн. Би уурлаж загнасан ба тухайн үед хэдүүлээ байсан талаар асуухад “Номио, Эрхэмээ бид дөрөв байсан, тэр хоёр хононо гэж хэлээд ор засуулсан мөртөө гэртээ орсон байх, би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэр залууг босохоор нь орыг хураалгаад, уусан пивоны савнуудыг хаялуулаад гэрээсээ хөөж гаргаад “чамайг цагдаагийн байгууллагаар шалгуулна, яахаараа манай дүүтэй хамт унтаж байдаг юм бэ” гэж хэлэхэд “Оюунболорын багын найзууд, би танай дүүг яагаа ч үгүй, та Оюунболорыг сэрэхээр өөрөөс нь асуугаарай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч Б.Номингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Эрхэмбаяртай Офицерын буудал дээр уулзаад Чулуун овоонд байрлах дэлгүүр рүү явж байх үед Т залгаж “гэрийнхэнтэйгээ муудалцаад сэтгэл санаа тийм байна, пиво аваад ирээч” гэж хэлэхээр нь бид хоёр мөнгөгүй тухайгаа хэлэхэд Т Эрхэмээ бид хоёр дээр өөрөө ирж уулзаж байгаад дэлгүүрээс 3 ширхэг лаазтай пиво аваад буцаад гэр рүүгээ явах замдаа Оюунболор руу залгаад уулзъя гэхэд Оюунболор гэрийнхээ гадаа гараад ирсэн ба бид нар ярилцаж байгаад Оюунболорыг гэртээ орохыг зөвшөөрөхөөр нь авсан пивоо гэрт нь орж ууж дуусгасан. Сансарчулуунаар авч ирүүлсэн пивоноос би уугаагүй. Оюунболор, Т, Эрхэмбаяр нар ууж дуусгаад дуудлагаар 6 ширхэг 2.5 литрийн пиво 3 удаагийн давтамжтай захиалж авч ирүүлсэн. Пиво ууж байх үед Т “ээжээсээ санаа зовоод байна, яаж ийм байдалтай гэртээ орох юм бэ” гэж ярьсан. Тэр үед шөнийн 03 цаг болж байсан. Оюунболор өөртөө буйдан дээр ор засаад Тд буйдангийн урд газарт ор засаж өгсөн. Шөнийн 04 цаг 40 минутын үед Эрхэмбаярын хамт гэртээ орж унтсан. Оюунболорын гэрээс гарахдаа Оюунболор, Т нарт “бид хоёр гэртээ орлоо шүү” гэж хэлэхэд “за” гэж хэлээд пиво ууж байсан ширээний ард суугаад үлдсэн”.

... Оюунболор надтай уулзаад эгч үүрээр ирсэн. Т намайг шөнөжин оролдоод унтуулсангүй, миний фудволк  урагдчихсан, яаж урагдсаныг нь мэдэхгүй байна. Би доогуураа шалдан, Т турсикээ манайд үлдээсэн байна. Эгч хөнжил сөхөж үзээд явсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч О.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед би ажлаа тараад Номинтой Офицеруудын ордны орчим уулзаад Чулуун-Овоо хүртэл алхаж явах замдаа дэлгүүрээс 6 лааз пиво авсан. Тэр үед Т залгаад “надад пиво аваарай” гэж хэлэхээр нь бид хоёр мөнгөгүй болчихлоо гэдгээ хэлэхэд өөрөө бид хоёр дээр ирээд өөр дэлгүүрээс 3 лааз пиво авсан. Тэгээд Оюунболорын гэрт очоод авч ирсэн пиво ууж дуусгаад Сансараа гэх найзаараа 2.5 литрийн пиво авч ирүүлээд тэрийг уусан. Дараа нь дуудлагаар 2.5 литрийн 2 ширхэг пиво захиалж авч ирүүлээд уусан. Дараа нь дахиж 2.5 литрийн 4 ширхэг пиво захиалж аваад үүнээс 2 ширхгийг уугаад нэгийг нь задлаад ууж чадаагүй. Номин бид 2 шөнийн 04 цагийн үед гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8445 дугаартай:

“Ч.Оюунболорын биед хүзүүнд цус хуралт, бэлгийн их уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ч.Оюунболор нь бэлгийн харилцаанд орох чадвартай байна. Ч.Оюунболорын үтрээнээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй. Ч.Оюунболорын охин хальсанд гэмтэл тогтоогдоогүй. Ч.Оюунболор нь халдварт трихомониаз өвчтэй байна. Ч.Оюунболорын цус нь АВО системээр 01-р бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 45-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8551 дугаартай:

“Э.Тын биед гэмтэл тогтоогдоогүй. Э.Т нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Э.Т нь АВО системээр А (II) бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3523 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн богино ханцуйтай цамцанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан цооролт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан урагдалт болон ханзралтууд байна. шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоож гэмтэлгүй байна. Цооролт, урагдалт, ханзралтуудын байрлал, хэмжээг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу. Хувцсанд гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-68/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4473 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн фудволка дээр цус, шүлс, үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Дотоож дээр цус, шүлс, үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Бөөлжис мөн эсэхийг шинжлэх боломжгүй” гэх дүгнэлт, зургийн үзүүлэлт /хх-ийн 59-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1157 дугаартай:

“Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8445 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ч.Оюунболорын биед тухайн үед хүзүүнд цус хуралт, бэлгийн их уруулын дотор салстын язрал гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч.Оюунболор нь урьд бэлгийн харьцаанд орж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ч.Оюунболорын охин хальс 3-н цагийн байрлалд төрөлхийн сэтэрхийтэй, бүтэн байна. Ч.Оюунболорын охин хальс урагдаж гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Ч.Оюунболорын бэлгийн их уруулын дотор салстын язрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу гараар оролдох үед үүссэн байх боломжтой. Ч.Оюунболор нь бэлгийн замын халдварт өвчингүй эрүүл байна” гэх дүгнэлт /хх-ийн 81-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1158 дугаартай:

“Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8551 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Э.Тын биед гэмтэл тогтоогдсонгүй. Э.Т нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Э.Тыг урьд нь бэлгийн харьцаанд орж байсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Э.Тын өөрийн өгүүлэмжээр урьд нь бэлгийн харьцаанд орж байсан гэнэ. ХӨСҮТ-ийн БЗДХ-ын нян судлалын шинжилгээний дүнгээс үзэхэд Э.Т нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 91-92/,

Шинжээч эмч Т.Амартүвшиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Трихомониаз өвчин нь бэлгийн замын халдварт нэг төрлийн өвчин. Бэлэг эрхтнээс идээ гарах, загатнах, улайх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Уг өвчин хэдий хугацаанд эмчлэгдэх нь хүмүүсийн эмчилгээ өвчнөөс хамаарч харилцан адилгүй байдаг. 2020 оны 07 сараас 10 сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн байх боломжтой. Диплококк, Трихомонад нь бэлгийн замын халдварт өвчин, бэлгийн замаар дамжина. Диплококк  нь грамм эерэг болон сөрөг байна. Диплококк нь өвчин үүсгэгч бактер юм. Уг өвчин нь өвчин туссаны дараа 5-10 хоногийн дотор илрээгүй нууц үе дээрээ байж болно. Эмчилгээг бэлгийн замын нарийн мэргэжлийн эмчийн хяналтын доор бүрэн хийсэн тохиолдолд эдгэрэх боломжтой. Трихомоназ өвчин нь ахуйн замаар халдахгүй, бэлгийн замаар халддаг. Трихомоназ өвчтэй хүнтэй бэлгийн харилцаанд орвол халдварлана” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98/,

Шинжээч эмч Б.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Грамм эерэг Диплококк гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлэг эрхтэнд тодорхой цөөн тоогоор тохиолдог бактерийн нэг хэлбэр юм. Уг грамм эерэг Диплококк гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүний бэлэг эрхтэнд тоо хэмжээ нь нэг ихсэхэд бэлгийн замын бактерийн гаралтай үрэвсэл үүсгэгдэх үүсгэгч юм. Энэ нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин биш юм. Харин грамм сөрөг Диплококк гэдэг нь бэлгийн замаар дамжих заг хүйтэн өвчин үүсгэдэг бактери юм. Трихомонад болон грамм сөрөг Диплококкоор үүсгэдэг заг хүйтэн өвчин нь 2 тусдаа өвчин юм” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,

Шүүгдэгч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тараад гэртээ байх үед найз Номио над руу залгаад “Эрхэмээ бид хоёр хамт байна” гэж яриад бид гурав Чулуун овооны хойд талын буудлын дэлгүүрийн урд уулзсан. Тэр хоёр 6 лааз пиво авсан байсан. Би өөртөө 3 лааз пиво авсан. Номио “Оюунболорын гэрт хүн байхгүй байгаа, ярьчихсан” гэж хэлсэн. Тэгээд бид гурав Оюунболорын гэрийн гадаа очиход Номио Оюунболор руу залгаж яриад гэрт нь орсон. Тэгээд Номин, Эрхэмээ нар өөрсдийн авсан 6 ширхэг пивыг уусан. Оюунболор миний авсан пивоны нэгийг уусан. Найз Сансарчулуун над руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь би Оюунболорын гэрт Номио, Эрхэмээ нартай пиво ууж байгаа талаараа хэлэхэд яваад очъё гэж хэлсэн ба бид дөрөв ярилцаж байгаад Сансарчулуунд 2.5 литрийн нэг ширхэг пиво захисан. Сансарчулуун найз охинтойгоо хамт явж байгаа болохоор жаахан сууж байгаад явсан. Дуудлагаар 3 удаагийн давтамжтайгаар 6 ширхэг 2.5 литрийн пиво авч уусан. Тэгээд шөнийн 05 цагийн үед тарахаар болоод би “Эрхэмээгийн гэрт очиж хононо” гэж хэлэхэд Эрхэмээ “багтахгүй” гэж хэлээд Эрхэмээ, Номио нар харихаар явсан. Оюунболор надад буйдангийн урд ор зассан байсан ба өөрөө буйдан дээр унтахаар хэвтсэн байсан. Би гэрэл унтраагаад орондоо орж унтсан. 30-40 минутын дараа Оюунболорын эгч намайг сэрээхэд Оюунболор миний зүүн гар талд унтаж байсан. Эгч нь миний зургийг гар утсаараа аваад “чамайг цагдаад барьж өгнө, чи манай дүүг хүчиндсэн байна” гэж хэлэхээр нь би “тийм юм болоогүй” гэж хэлээд би босож хувцсаа өмсөөд пивоны савнуудыг аваад гэрээс нь гарч яваад Эрхэмээгийн гэрт очиж жаал унтаж байгаад 08 цагийн үед ажил дээрээ очоод байж байх үед Оюунболор над руу залгаад “эгч нээрээ ирсэн юм уу, эгч ирэх ёсгүй дээ” гэсэн. Эгч нь ирэхэд Оюунболор унтаж байсан”  гэх мэдүүлэг /хх 107-108/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 10-12/,

- эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, фото зураг /хх-ийн 23-25/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26-27/,

- Гялс төвийн шинжилгээний хуудас /хх-ийн 42/,

- бактериологийн лабораторид шинжилгээ хийлгэх 4744, 4743, 4863 дугаартай илгээх бичиг /хх-ийн 48-50/,

- хохирогчийн хувийн эмнэлэгт үзүүлсэн гэх шинжилгээний хариу, эмийн жорын хуудас /хх-ийн 51-52/,

- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн БЗДХ-ын нян судлалын шинжилгээний дүнгийн хуудас /хх-ийн 93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Э.Тын “2020 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 26-652 тоотод иргэн Ч.Оюунболорын хүсэл зоригийн эсрэг буюу архи согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн” гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж,  харьцуулан шинжилж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар үнэлж дүгнэхэд тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт болох шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын зураг зэргээр шүүгдэгч Э.Түвшинбаяр, хохирогч Ч.Оюунболор, гэрч Б.Номин, О.Эрхэмбаяр нарын нэг үеийн, нэг дорын 21-ээс дээш насны хүмүүс өөрсдийн сонирхлын үүднээс нэгдэж ярилцаж суухаар тохиролцон 2020 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-652 тоотод байрлах Ч.Оюунболорын амьдардаг гэрт нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ч.Оюунболор, Э.Т нар хамтдаа биеийн доод хэсгээрээ шалдан нэг оронд унтаж байсан үйлдэл тогтоогдож байна.

Энэ үйлдлийг Ч.Оюунболорын эгч Б.Одончимэг 2020 оны 07 сарын 19-ны өдрийн 06:25 цаг орчимд дээр дурдсан хаягт очиж үзсэнээр мэдэж Ч.Оюунболорыг сэрээх гэхэд сэрээгүй ямар ч ухаангүй байсан, Э.Тыг сэрээж гэрт байсан хог савыг цэвэрлүүлж хөөж явуулсан, хэн хэн нь доогуураа шалдан байсан, мөн дүү нь биеэ хянах чадваргүй байсан учир энэ байдлыг ашиглаж Э.Т нь бэлгийн харьцаанд орсон, Ч.Оюунболорыг хүчиндсэн гэж гомдол гаргажээ.

Дээрх тогтоогдсон байдлыг үндэслэж шүүгдэгч Э.Тыг хохирогч Ч.Оюунболорыг согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж таамаглах байдлаар дүгнэлт хийх нь бодит байдалтай нийцэхгүй гэж үзнэ.

Шинжээч эмчийн дангаар гаргасан дүгнэлтийг баталсан 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан “Ч.Оюунболорын биед тухайн үед хүзүүнд цус хуралт, бэлгийн их уруулын дотор салстын язрал гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч.Оюунболор нь урьд бэлгийн харьцаанд орж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ч.Оюунболорын охин хальс 3-н цагийн байрлалд төрөлхийн сэтэрхийтэй, бүтэн байна. Ч.Оюунболорын охин хальс урагдаж гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Ч.Оюунболорын бэлгийн их уруулын дотор салстын язрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу гараар оролдох үед үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ.

Хэдийгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хохирогч Ч.Оюунболорын биед бэлгийн их уруулын дотор салстын язрал гэмтэл учирсан талаар гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байх боловч уг гэмтлийг Э.Тыг Ч.Оюунболортой бэлгийн харьцаанд орж учруулсан гэж үзэх, хохирогч шүүгдэгч нар нь биеийн доод хэсгээрээ шалдан нэг оронд унтаж байсан, хохирогчийн хүзүүнд цус хуралт үүссэн байгаа юм чинь бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл заавал болсон байх ёстой, шүүгдэгч Э.Т нь хохирогчийг хүчиндсэн байх ёстой гэж төсөөлөн таамаглах боломжгүй бөгөөд энэ нь хөндлөнгийн өөр баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

Хохирогч Ч.Оюунболорын биед үүссэн бэлгийн их уруулын дотор салстын язрал гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэл буюу гараар оролдох үед үүссэн байх боломжтой гэж шинжээч нар дүгнэсэн. Уг гэмтлийг шүүгдэгч Э.Т хохирогчийн бэлэг эрхтнийг гараараа оролдож үүсгэсэн гэж үзэх боломжгүй бөгөөд эсрэгээрээ хохирогч өөрөө ч учруулсан байх боломжтой юм.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт нь хүний биед ямар гэмтэл хэрхэн үүссэн эсэх, уг гэмтлийг ямар арга хэлбэрээр учруулж болох, гэмтлийн аль зэрэгт хамаарах эсэх зэргийг,

Криминалистикийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт нь хувцсанд ямар гэмтэл үүссэн эсэх, гэмтэл үүссэн бол хэрхэн, юугаар учруулсан байх боломжтой эсэхийг л тогтоож нотолж байгаа баримт болно. Түүнээс хэн, хэзээ гэмтэл учруулсныг нотлох баримт биш юм.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээч эмч нарын мэдүүлэг нь хохирогчийн биед ямар гэмтэл үүссэн байсан, учирсан гэмтэл нь хэрхэн яаж учирч болох,  бэлгийн замын халдварт өвчинтэй эсэх, хэрхэн халдварлах, илрэх шинж тэмдэг, яаж эмчлэгдэх зэрэг асуудлыг тодотгосон мэдүүлэг байх ба энэ нь Э.Т хохирогчийг хүчиндсэн, хохирогчтой бэлгийн харьцаанд орсныг нотлоогүй.

Хохирогчийн биед хийсэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд Ч.Оюунболор нь халдварт трихомониаз өвчтэй байна гэжээ. Бактерлогийн шинжилгээний объектыг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шинжлээд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хариуд трихомониазын халдвартай болохыг тогтоожээ.

Шинжээч эмчийн “трихомониаз өвчин нь ахуйн замаар халдахгүй, бэлгийн замаар халддаг. Трихомониаз өвчтэй хүнтэй бэлгийн харилцаанд орвол халдварлана” гэсэн мэдүүлгээр бол уг өвчин илэрсэн хохирогч Ч.Оюунболортой шүүгдэгч Э.Т нь бэлгийн харьцаанд орж хүчиндсэн бол түүнд энэ өвчин халдахаар байна. Гэтэл шүүгдэгч Э.Тд бэлгийн замын халдварт өвчин шинжилгээгээр илрээгүй байна. Харин бэлгэвч хэрэглэсэн тохиолдолд өвчин халдахгүй гэх ба бэлгэвч хэрэг болсон газарт байсан эсэх нь тодорхойгүй байна.

Мөн хохирогчийн бэлэг эрхтнээс авсан арчдасаас эр бэлгийн эс илрээгүй. Эдгээр байдлаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг хүчиндсэн байх боломжгүй нөхцөл байдал давхар тогтоогдож байна гэж үзлээ.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээс хохирогч Ч.Оюунболор нь өөрөө орон дээр унтаж, шүүгдэгч Э.Т нь газар унтсан, харин өглөөний байдлаар хохирогч, шүүгдэгч нар нь газарт зассан оронд хамт унтаж байсан нь тогтоогдсон. Мөн хохирогч нь орон дээр унтсанаас хойш юу болсныг санахгүй байсан тухайгаа мэдүүлсэн. Хохирогч нь өөрөө орноосоо буусан, хохирогч шүүгдэгч нар нь өөрсдийн хүслээр хувцсаа тайлсан байж болохыг үгүйсгэх боломжгүй.

Ч.Оюунболор, Э.Т, Б.Номин, О.Эрхэмбаяр нарын уулзсан цагаас хойш пиво ууж, ярилцаж суусан үйл явдал өрнөж байх хугацаанд шүүгдэгч нь хохирогчид хандаж ямар нэгэн бэлгийн харьцааны шинжтэй, эсхүл өөрийн дур хүслийг илэрхийлсэн шинжтэй ямар нэгэн үйлдэл гаргаагүй нь гэрч нарын мэдүүлэг, хохирогчоос шүүх хуралдааны явцад асуухад хариулсан харилтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Тд бусадтай бэлгийн харьцаанд орох санаа, сэдэл төрөөгүй гэж дүгнэлээ.

Хохирогч Ч.Оюунболор нь өөрийнх нь хүсэл, сонирхлын эсрэг бэлгийн харьцаанд ямар нэгэн байдлаар орох үйлдлийг согтуурсан байхад нь Э.Т гаргасан гэх өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй байгаа байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь  шүүгдэгч Э.Түвшинбаяр, хохирогч Ч.Оюунболор, гэрч Б.Номин, О.Эрхэмбаяр нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ч.Оюунболор, Э.Т нар хамтдаа биеийн доод хэсгээрээ шалдан нэг оронд унтаж байсан үйлдлийг тогтоогдож байгаагаас бус хүчиндэх гэмт хэрэг гарсныг тогтоож чадахгүй байна гэж үзэв.

Хүчиндэх гэмт хэрэг гарсан гэж үзэх нотлох баримтууд нь хоорондоо уялдсан байх, нэг нотлох баримт нь өөр хөндлөнгийн нотлох баримтаар давхар тогтоогдож байх ёстой. Гэтэл дээрх баримтууд нь нотлох баримтыг үнэлэх дээрх шаардлагыг хангахгүй байна.

Прокуророос шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг таамагласан байдлаар үнэлж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна.

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч Э.Т нь “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна.

Э.Тд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн фудволкыг хохирогчид буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгөтэй, богино ханцуйтай, энгэртээ “Network” гэсэн бичиглэлтэй фудволк 1 ширхгийг хохирогч Ч.Оюунболорт буцаан олгосугай.

4. Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ  