| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1986/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2051 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2051
2020 12 17 2020/ШЦТ/2051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Э.Чингис, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
иргэдийн төлөөлөгч Д.Энхболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарын оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 2523 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нарантуул ОУХТ-ийн хуучин бараа зардаг хэсэгт иргэн Б.Отгонгэрэлтэй маргалдаж түүнийг санаатай түлхэж унагаан улмаар Б.Отгонгэрэл нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр түлхэгдэж унасны улмаас үүссэн гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 5-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 10-13/, шүүгдэгч М.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 14-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 19-24/, оршуулгын зардлын баримт /хх-62-63/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2018 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-н 85-94/, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11235 дугаартай М.Бын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-н 101-102/, 2020.10.05-ны өдрийн 3922 болон 2020.10.08-ны өдрийн дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /хх-н 106-109, 119-123/, 2020.10.16-ны өдрийн 5305 дугаартай тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт /хх-н 112-114/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1046 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 128-129/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэгийн мэдүүлэг /хх-н 69/, гэрч С.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-н 70/, гэрч Ж.Батбаярын мэдүүлэг /хх-н 73-74/, гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-н 77/, гэрч Н.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-н 82/ шүүгдэгч М.Бын мэдүүлэг /хх-н 139-145/, М.Бын хувийн байдлын талаарх нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 158-159/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.
Шүүгдэгч М.Б нь амь хохирогч Б.Отгонгэрэлийг түлхсэний улмаас хатуу цементэн хучилттай газарт толгойн дагз хэсгээрээ хүчтэй унаж “дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, өөхлөгийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн тал бөмбөлгийн духны суурь хэсгийн голомтлог няцрал, дагзны баруун хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн дээд зовхинд цус хуралт” гэмтэл учирч амь хохирогч Б.Отгонгэрэл нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барж, М.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр над руу Завхан аймагт байх үед цагдаагийн газраас над руу Отгонгэрэлийг нас барсан гэдгийг хэлсэн. Оршуулгын зардалд баримттай нь 1.350.000 төгрөг болсон. Нийт 2.400.000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-н 68-69/,
Гэрч Ж.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цагийн үед хуучин эд зүйл зардаг хэсэгт эд зүйлээ зараад сууж байх үед тухайн газрын зүүн хэсэгт 45 насны 2 эрэгтэй хүн маргалдаж байгаад нэг нь нэгийгээ түлхээд газар унагаачихсан. Газарт унасан эрэгтэй нь нэлээд хүчтэй хойшоогоо ар дагз хэсгээрээ цемент дээр савж унасан. Унасан залуу дээр нэг эмэгтэй хүн ирээд босгох гэсэн боловч тэр эрэгтэй босоогүй. 20 минут орчим газарт хэвтэж байгаад босоод нэг эмэгтэй, нэг эрэгтэй нарын хамт яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 73-75/,
Камерын бичлэгт 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэг хийсэн:
“...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 06 минут 13 секунтэд нэг дэх эрэгтэй нь зүүн гараараа хоёр дахь эрэгтэйнхээ цээжний баруун хэсэгт түлхэхэд хоёр дахь эрэгтэй нь арагшаа саваад толгойн дагз хэсгээр цемент дээр унаж байна. Тэгтэл эргэн тойронд байгаа хүмүүс харж байх ба үсээ ардаа боосон цагаан өнгийн малгайтай цамцтай, саарал өнгийн өмд, хар өнгийн гуталтай эмэгтэй унасан эрэгтэй дээр очоод гар хөлийг нь барьж сэгсэрч байгаад 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 23 минут 50 секунтэд өөр хоёр хүнтэй нийлээд унасан эрэгтэйг босгоод суулгаж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 19-20, 21-24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2018 дугаартай:
“Б.Отгонгэрэлийн цогцост дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, өөхлөгийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн аалзан хальсан доох тархмал цус харвалт, зүүн тал бөмбөлгийн духны суурь хэсгийн голомтлог няцрал, дагзны баруун хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу арагш хүчтэй унах үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь бүгд нас барахаас өмнө үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь уушгины сүрьеэ өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цус нь АВО системээр О/1/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 85-89/,
Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн 1046 дугаартай:
“М.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Б сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Б нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна. М.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Б нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-н 28-129/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас/хх-н 01-02/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 05-09/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-13/,
- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-18/,
- хохирлын баримт /хх-н 62-63/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 64/,
Шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
“...Отгонгэрэл, түүнтэй хамт байсан хүмүүстэй дахин таарахад Отгонгэрэл надад хандаж “чи өглөө юу гээд томроод байсан бэ, чи ганцаараа бид нар олуулаа, чамайг Нарантуул захад гишгэх газаргүй болно шүү, дөрвөд минь” гэж хэлсэн. Отгонбаяр бид хоёр согтуу байсан тул хоорондоо маргалдаж, Отгонгэрэлийн цээжний дээд хэсэгт нэг удаа хүчтэй түлхэхэд унах шиг болсон. Би Отгонгэрэлийг биеийнхээ аль хэсгээр унасныг хараагүй, цаашаа яваад өгсөн. Тэгээд өөрийнхөө хоноглодог Хоме плаза дэлгүүрийн хажууд байрлах модон дунд орж хоносон. Маргааш нь Нарантуул зах руу очиход тэнэмэл байдалтай амьдардаг хүмүүс надад “чамайг цагдаа нар хайж байна лээ” гэж хэлсэн. Би 2020 оны 09 дүгээр сарын 25-аас 27-ны өдрүүдэд модондоо хоноглож байгаад тус оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Цээл сум руу мал маллах гэж явсан. Очсон өдрийнхөө маргааш нь мал маллаж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-н 142-145/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч М.Бын амь хохирогч Б.Отгонгэрэлийг түлхсэний улмаас амь хохирогч хатуу цементэн хучилттай газарт толгойн дагз хэсгээрээ хүчтэй савж унан шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон “дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, өөхлөгийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн тал бөмбөлгийн духны суурь хэсгийн голомтлог няцрал, дагзны баруун хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, зүүн дээд зовхинд цус хуралт” гэмтэл учирч уг гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барж шүүгдэгч М.Бын хүнийг алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч М.Б нь дээрх үйлдлийг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модоор хохирогчийн толгой руу цохивол гэмтэл учрах, хүний амь нас хохирч болох зэрэг хүрэх үр дүнг мэдсээр байж үйлджээ. Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Шүүгдэгч М.Бын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дүгнэхэд амь хохирогч болон шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан болох нь тогтоогдож, тухайн үйл явдалд дүгнэлт хийх, нөхцөл байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч М.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг нь хохиролтой холбоотой нотлох баримт бүрдүүлж чадаагүй болохоос биш нийт 2.400.000 гаруй төгрөгийн зардал гарсныг нэхэмжилнэ. Оршуулгын үйлчилгээний зардал нь л 1.350.000 төгрөгийн нотлох баримттай байсныг гаргаж өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Хүний амь нас хохирсны улмаас үүдэн гарах зайлшгүй зардал нь 2.400.000 төгрөг байх боломжтой учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь оршуулгын зардалд төлбөр, тусламж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн уг гэмт хэргийн улмаас үүссэн бусад хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэйгээр үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр тусгайлан зохицуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч М.Б нь хэргийн учир 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 77 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нарантуул ОУХТ дэх цагдаагийн тасгийн хяналтын камерын гэмт хэргийн талаарх дүрсийг бичсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Мын Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Баас гэм хорын хохиролд 2.400.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчимэг /ИЦ74111164/-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хамт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧИД Э.ЧИНГИС
Ц.МӨНХТУЛГА