Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

 

 

  2020        12          23                                     2021/ШЦТ/02

                                   

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Халзан нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 03932 2769 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 дугаар сараас2019 оны 10 дугаар сарын хооронд “***” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, *** ХХК-д 46,802,741,76 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Э.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Э.Б 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын хооронд “***” ХХК-ны захын салбарын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа компанийн дансанд орох ёстой орлогын мөнгийг дундаас нь авч байсан. Мөн бараа материал дутааж хувьдаа авсан байна. 2019 оны 6 дугаар сард хийсэн санхүүгийн шалгалтаар Э.Б нь “***" ХХК-ны захын салбаруудаас 36,262,268 төгрөг завшиж хохирол учруулсан байна. 2019 оны 6 сарын 25, 26-ны үеэр ажлаа хаяад явсан. Манай компанийн гүйцэтгэх захирал О.М-тай ярилцаад 46,802,741,76 төгрөгийн завшсан гэж хэлээд өргөдөл, хүсэлт бичиж өгсөн гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...манай байгууллагын худалдааны борлуулагч Э.Б нь өөрийнхөө данс руу дэлгүүрүүдээс борлуулсан барааны мөнгийг авсан олон тохиолдол гарч ирсэн учир манай байгууллагын ерөнхий нягтлан бодогч С.М-н удирдлага доор дөрвөн нягтлан бодогч Э.Б-д холбогдох шалгалтыг хийсэн. Э.Б нь захуудын харилцагч нараас бараа бүтээгдэхүүн борлуулсан барааны төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авч өөртөө завшсан үйлдэл тогтоогдсон. 46.802.741 төгрөг завшсан гэж тогтоогдсоныг танилцуулахад өөрөө хүлээн зөвшөөрсөн. Менежер М захиралтай ярилцаад 10.549.313 төгрөгийг хассан. Э.Б нь 2016 оны 04 сарын 07-ны өдөр буюу ажилд авсан тушаал гарсан өдрөөс эхлэн 2017 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар 24 сая төгрөгийг завшсан байсан ба байгууллагаас албан тушаалыг нь өөрчлөөд өөр газар ажиллуулахад дахин 10 сая гаран төгрөгийг завшсан байсан гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Гэрч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:

... Э.Б нь дансаар бэлнээр мөнгө авснаа зөвшөөрч өөрийн биеэр гараар бичиж өгсөн. Би тэгээд Э.Б нь 33.909.400 төгрөгийг завшсан байна гэдгийг санхүүгийн албандаа танилцуулсан. Байгууллагын зүгээс тухайн үедээ 33.909.400 төгрөгийг Э.Б нь завшсан байна гэдгийг тогтоосон. Удалгүй манай байгууллага дээр Э.Б-ий аав н.Э гэдэг хүн ирж уулзаад барьцаа хөрөнгө гаргаж өгье тэгээд цаашид ажиллаж тооцоогоо дарж дуусгана гэж амаар тохиролцож, ажиллах хугацаандаа цалингаасаа төлж барагдуулна гэж тохирсон. Тэгээд тохиролцоо хийж үргэлжлүүлэн ажиллаж байхдаа 12.893.341 төгрөгийг дахин завшсан үйлдлийг нь манай байгууллагын санхүүгийн албаныхан илрүүлж энэ хүнийг цаашид ажиллуулж болохгүй байна гэдэг санал тавьсан. Тэгээд манай байгууллагаас дахин Э.Б-тэй уулзаж боломж олгон өөрийнх нь ажлын байрыг мөнгө төгрөгтэй шууд харьцдаггүй газарт ажиллуулж, өөрийнх нь болон ар гэрийнх нь хүсэлтээр эхнэр болох З.У-г ажилд авч ажиллуулсан. Энэ нь болохоор нэг хүнийх нь цалингаар өрөө дарж барагдуулах хүсэлт гаргасан учраас тийм шийдвэр манай байгууллага гаргасан. Тэгсэн Э.Б нь эхнэртэйгээ гэр бүлийн асуудалтай байсан болохоор энхэр З.У нь 3 орчим cap ажиллаж байгаад хаяад явсан. Нэг ёсондоо худалдааны төлөөлөгч Э.Б нь манай байгууллагад ажиллах хугацаандаа 46.802.741 төгрөг завшсан байсан. Миний бие 10.385.878 төгрөгийг дундын харилцагч нар лангуун дээрээ байж байгаад алга болсон учраас Э.Б-ээс авахгүй байх хүсэлтийг байгууллагадаа гаргасан. Тэгээд санхүүгийн албанаас зөвшөөрч 10.385.878 төгрөгийг хассан гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол хүлээж авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-н 3-4/,

“***” ХХК-д санхүүгийн тооцоо нийлсэн акт /хх-ийн 60/,

“***” ХХК-ний хүний нөөцийн менежер С.М, Э.Б нарын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилтны анкет /хх-н 75-80/,        

“***” ХХК-ний санхүүгийн тооцоо нийлсэн актууд, “***” ХХК- ний Захирлын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 443 дугаартай захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-н 81-85, 90/,

Санхүүгийн дотоод хяналт шалгалтын акт /хх-н 100-102/,

 

Шүүгдэгч Э.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “***” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр анх ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би *** ХХК-д захууд хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хамгийн анх 2017 оны 02 дугаар сард бараа бүтээгдэхүүний орлогын тооцооноос хувьдаа авч ашигласан. Тэгээд тэр үеэс удаа дараа байгууллагын тооцооны мөнгийг өөртөө авч хувийн хэрэгцээндээ ашигладаг байсан. Тухайн үедээ би тооцооны мөнгөнөөс авч ашиглаж байхдаа цалингаасаа нөхөж хийнэ гэж бодож байгаад хийж чадаагүй.

Тэгээд би 2017 оны 03 дугаар сард н.Л гэдэг 22 настай бүсгүйтэй танилцаад дотно харилцаатай болсон. Тэр эмэгтэй надтай уулзаж байх хугацаандаа сургалтын төлбөр дутуу байгаа, гар утсаа сольчихмоор байна гэж хэлэхээр нь ажлынхаа мөнгөнөөс гар утас авч өгөх, сургалтын төлбөрийн дутууг өгч байсан. Надад таалагддаг байсан болохоор мөнгө өгчихдөг байсан. Тэгээд ажиллаж байхад намайг хариуцаж ажиллаж байсан захын борлуулалт хариуцсан менежер Г.М нь cap болгон харилцагч нарын тооцооны үлдэгдлийг тулгаж шалгадаг байсан. Би тэр үед нь анх авсан харилцагч нарынхаа тооцооны мөнгийг сүүлд авсан харилцагч нарынхаа тооцооны мөнгөнөөс нөхөж хийдэг байсан. Тухайн үед манай захын борлуулалт хариуцсан менежер Г.М мэдээгүй байж байхад манай байгууллагаас тооцооны нягтлангууд миний хариуцсан харилцагч нартай тооцооны тулгалт хийж явж байхад менежер Г.М намайг тооцооны мөнгөнөөс хувьдаа ашиглаж байгааг 2017 оны 07 дугаар cap билүү 08 дугаар сард мэдсэн. Тэгээд захын борлуулалт хариуцсан Г.М намайг дуудаж уулзахаар нь би хүлээн зөвшөөрч үнэнээ хэлээд гараараа мөнгө авсан болон зарцуулалтаа бичиж өгсөн. Тэгээд намайг манай байгууллагын зүгээс 2017 оны 09 дүгээр сард жижиг дэлгүүрийн борлуулалтын худалдааны төлөөлөгчөөр ажиллуулахаар болж цалингаасаа өрөө төлөх нөхцөлтэйгөөр ажиллуулсан. Тэгээд би жижиг дэлгүүрт 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа 5, 6 харилцагч нарын тооцооны мөнгөнөөс яг хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй байна. Багцаагаар 1.000.000 гаран төгрөгийг өөртөө авч ашигласан. Ингэж ашиглах болсон шалтгаан нь 2017 онд жижиг дэлгүүр лүү худалдааны төлөөлөгчөөр ажиллах болсноос хойш цалин бараг авдаггүй байсан болохоор хэрэглээндээ авсан. Би энэ мөнгийг авч ашиглахдаа буцааж борлуулалтын орлого гэж цалингаас гадна жилд хоёр удаа ордог мөнгөнөөсөө төлнө гэж бодож байсан юм. Тэгсэн би эхнэр болох З.У-той ар гэрийн маргаанаас болж ажил дээр ирээд маргаад байхаар нь ажлаасаа гарах шийдвэр гаргасан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *** ХХК-с дуудаж тооцоо нийлсэн акт гаргамаар байна гэж хэлсэн. Тэгээд би очоод цуг 46.802,741 төгрөгийн тооцоо гарсан. Би энэ тооцоог хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ 46.802.741 төгрөгийн тооцооноос 36.262.268 төгрөгийг би эцсийн байдлаар төлөхөөр болсон. Шалтгаан нь Тэгш анар ХХК-ийн зүгээс надад хамааралгүй гэж үзсэн буюу харилцагч нар нь алга болсон гэх 10.540.473 төгрөгийг хасаад 36.262.268 төгрөгийг тооцоо нийлсэн акт ахин гаргаж тэрийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд би 36.262.268 төгрөгийн тооцоогоо барьцаа хөрөнгө байршуулаад cap болгон төлөхөөр тохирсон юм. Тэгээд тооцоогоо төлж барагдуулах боломж олдохгүй байсан ба 2020 оны 10 дугаар сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Намайг *** ХХК-д ажиллаж байх хугацаанд үүссэн борлуулалтын урамшууллын цалин гэж 1.025.000 төгрөгийг хасаж хамгийн сүүлийн байдлаар 35.237.268 төгрөгийн тооцоо үлдсэн байгаа. Энэ мөнгийг би *** ХХК-д хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалаад cap болгон төлж барагдуулахаар тохирсон байгаа. Гэхдээ одоогоор барьцаа хөрөнгөө хайж байгаа. Ер нь бол удахгүй учруулсан хохирлоо төлж барагдуулна.

Би анхандаа өөрийн хувийн хэрэгцээндээ байгууллагын мөнгөнөөс авч байхдаа өөрөө дотроо тооцоо хийж үзэхэд 7.000.000 төгрөг гарсан. Энэ мөнгийг яаж хурдан нөхөж хийх вэ гэж бодож байгаад мөрийтэй тоглоом тоглож алдаад бүүр илүү өрөнд орсон. Би 3 дугаар хорооллын Номин худалдааны төвийн хойд талд байдаг автомат тоглоомын газарт ордог байсан. Одоо тэр газар байхгүй болсон байна лээ гэх мэдүүлэг /хх-н 26-31/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Э.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63/, хорооны тодорхойлолт /хх-н 65/, приүс такси ХХК-ны Э.Б-г 1.200.000 төгрөгийн цалинтайгаар ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-н 66-67/, зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

   Шүүгдэгч Э.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нар, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, санхүүгийн тооцоо нийлсэн акт, *** ХХК-ийн санхүүгийн дотоод хяналт, шалгалтын акт, *** ХХК-ийн санхүүгийн алба болон захиралд Э.Билүүний гараар бичиж өгсөн тайлбар, хүсэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүний бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогчийн итгэмжлэлийн үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлсэн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тэрээр эзэмшиж, ашиглаж байгаа давуу байдлаа урвуулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр авч ашиглаж байгаа бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болно.

 

Шүүгдэгч Э.Бий *** ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулж өгсөн хохирогч *** ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан орлогын мөнгийг өөртөө авч ашиглаж байгаа үйлдэл нь бусдад тооцоо нийлсний дараах байдлаар 35.237.268 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрнө. Хохирлыг цаашид төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэж тайлбарлан шүүх хуралдаанд оролцлоо.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “Э.Б нь 2016 оны 03 сараас 2019 оны 09 сар хүртэл ажиллахдаа 46.802.741 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 10.385.878 төгрөгийг төлж барагдуулсан гэж тооцсон. Одоо үлдэгдэл 35.237.268 төгрөгийн хохирлыг төлөөгүй тул нэхэмжилж байна. Ковид-19 өвчинтэй холбоотой шүүх хуралд оролцох боломжгүй байгаа учир намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч “***” ХХК-д 46.802.741 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд *** ХХК-ийн санхүүгийн дотоод хяналт, шалгалтын үр дүнгээр 11.565.473 төгрөгийг тодорхой шалтгааны улмаас хасаж 35.237.268 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, санхүүгийн тооцоо нийлсэн акт, *** ХХК-ийн санхүүгийн дотоод хяналт, шалгалтын акт, зэргээр тогтоогдож байна. Дээрх нотлох баримтаар тогтоогдсон 35.237.268 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Бээс гаргуулж хохирогч *** ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад Э.Б-ий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, завшсан мөнгийг үрж байгаа шалтгаан нөхцөл, ажил олгогчоос дахин итгэл үзүүлж хохирлыг төлж барагдуулах боломжтой байдлаар ажил хийлгэж байхад дахин мөнгө завшиж байгаа нөхцөл, хохирогчид хор уршиг учраад өнгөрсөн хугацаа, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дундаж хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Эын Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ээс 35.237.268 /гучин таван сая хоёр зуун гучин долоон мянга хоёр зуун жаран найм/ төгрөг гаргуулж хохирогч “***” ХХК /*****/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ