Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/235

 

 

 

 

   2021        02         26                                   2021/ШЦТ/235  

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2106 00000 0236 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 02-395 тоотод И.Одбаярын зүүн өгзөг тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 0236 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч И.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би өчигдөр найзынхаа ажил дээр 0.75 литрийн 2 шил архи хоёр найзынхаа хамт хувааж уугаад 23 цагийн үед гэртээ ирсэн. Хүү Сүлдбаярыг үнсье гэхэд ирэхгүй байхаар нь жаахан чанга дуугаар “чи аав дээрээ ирэхгүй байна уу” гэж хэлсэн ба гэрт эхнэрийн дүү Отгонбаяр орж ирээд надтай маргалдаж зодолдсон. Хадам ээж М араас нь орж ирээд Отгонбаярыг аваад гарсан. Би араас нь гарч хадам ээжийн гэрт орж Отгонбаяртай дахиж зодолдсон. Нэг мэдсэн миний өгзөг хэсгээс цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх 12-13/,

 

Гэрч М.Од-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

“23 цагийн үед нөхөр Одбаяр согтуу ирээд хүү Сүлдбаярыг “үнсье, аавтайгаа хамт унтъя” гэж хэлэхэд хүү унтахгүй гээд уйлсан. Манай дүү Отгонбаяр гэрт орж ирээд Одбаяртай маргалдаж хоорондоо зодолдоод гарч явсан. Араас нь Одбаяр гарч явсан бөгөөд удалгүй ээжийн гэрт хүмүүс орилоод байхаар нь яваад ороход Одбаяр Отгонбаярын дээр суусан ноцолдож байсан. Ээж бид хоёр тэр хоёрыг салгаад Одбаярыг сандал дээр суулгахад түүний өгзөгний хэсгээс цус гарсан. Цагдаа ирэхэд ээж “би Одбаярыг хутгалсан” гэж хэлсэн. Би Одбаярыг хэн хутгалахыг хараагүй” гэх мэдүүлэг /хх 15-16/,

  

Гэрч М.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“... хүү Сүлдбаяр нь гэнэт уйлахаар нь би яваад ороход эгч хүүгээ тэвэрсэн гэрийн зүүн талд сууж байсан ба Одбаяр нь гэрийн баруун талд орон дээр хэвтэж байсан. Намайг гэрт нь ороход “гар, зайл, гэртээ ор” гэж хараагаад бид хоёр муудалцаж зодолдсон. Тэр үед манай ээж орж ирээд ээж бид хоёр гэртээ ороод байж байх үед Одбаяр араас орж ирээд “чам шиг бацаанаас айхгүй шүү” гэж хэлээд над руу дайрч бас ээжийг доромжлоод байхаар нь би босож очоод барьж аваад дээрээс нь дараад сууж байх үед гэнэт миний гуя цус болохоор нь дээшээ босоод Одбаяр сандал дээр суухад бөгснөөс нь их хэмжээний цус гарсан. Тэр үед ээж хутга бариад зогсож байхыг хараад ээж Одбаярыг хутгалсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх 21-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1093 дугаартай:

“И.Одбаярын биед зүүн өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 28-29/,

 

Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Одбаяр араас манай гэрт орж ирээд хүү Отгонбаяртай муудалцаж зодолдсон. Отгонбаяр Одбаярын дээрээс нь дараад байж байх үед хөргөгчний хажууд байсан шар иштэй хутгаар бөгсний зүүн талд нэг удаа хатгасан. Цус гараад байхаар нь эхнэр Од-Эрдэнэ бид хоёр түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх 18-19/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 01/,  

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-07/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 08/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 43/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 4748/, оршин суух газрын тодорхойлолт /хх 49/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай хүсэлт /хх 52-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 02-395 тоотод И.Одбаярын зүүн өгзөгний тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 

Иймд шүүгдэгч Б.Мгийн иргэн И.Одбаярын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч И.Одбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ