| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0212/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/241 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/241
2021 02 26 2021/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лид холбогдох эрүүгийн 2106 00000 0099 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 72 хотхоны 01 дүгээр байрны 00 тоотод Ц.Батмөнхтэй маргалдаж улмаар зэвсэг болох хутгаар зүүн өгзөг орчимд нь хутгалж биед нь зүүн өгзөгний зүсэгдсэн шарх, баруун гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 0099 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2021 оны 01 дүгээр сарын 11-ний 12-нд шилжих шөнө манай гэрт найз Ариунболд хонохоор ирээд бид гурав 1 шил архи, 5 лааз пиво дэлгүүрээс худалдан авч, ууж эхэлсэн. Нэг мэдсэн Л бид хоёр хэрэлдээд би Лийн нүүр тус газарт буюу хацар орчим хэдэн удаа алгадсан. Ахуйн хэрэглээнд хэрэглэж байсан хар алаг өнгийн бариултай хутгаар миний зүүн ташаан тус газарт нэг удаа хутгалахаар нь би Лийг толгойн тус газарт нэмж олон удаа цохиж зодсон. Ариунболд түргэн, цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,
Хэргийн газарт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үзлэг хийсэн:
“Уг хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны 01 дүгээр байр гэх хойшоо урагшаа байрлалтай 5 давхар угсармал байрны хойд талаасаа 2 дугаар орцоор орж, шатаар өгсөхөд 01 дүгээр давхарт шатны өөдөөс харсан шаргал өнгийн модон хаалга байх ямар нэгэн номер дугаар үгүй байв. ...Уг хөнжил дээр хар өнгийн бариултай хуванцар иштэй, иш болон амины хэсгийг голоор махийсан, нумарсан хэлбэртэй хутга байсныг хэмжихэд өргөн 2.5 сантиметр, ишний урт 10 сантиметр, өргөн хэсэг нь 2.5 сантиметр нийт уртыг тодорхойлох боломжгүй /иш нь эвдэрсэн учраас/, хутга байсныг 4 дугаараар тэмдэглэж үзлэгийг цааш үргэлжлүүлэв. ...Үзлэгт дурдсан хөнжил дээр байх хар иштэй нумарч эвдэрсэн хутгыг цаасаар дугтуй хийж хураан авч, нийт үзлэгийн явцыг 11 кадр фото зураг авч бэхжүүлэв” гэх тэмдэглэл /хх-ийн 13-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 638 дугаартай:
“Ц.Батмөнхийн биед зүүн өгзөгний зүсэгдсэн шарх, баруун гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗЦГазрын ЦХ-1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 01-02/,
- мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 54/
Шүүгдэгч Б.Лийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн орчим хамт байр хөлсөлдөг найз Батмөнх нь Ариунболд гэх найзын хамт 0.75 литрийн нэг шил архи, хэдэн лааз пивотой ирсэн. Бид гурав архи, пиво уусан ба шөнийн 01 цагийн үед Батмөнх бид хоёр ойр зуурын юмнаас болж муудалцаад би түүний зүүн ташаа хэсэгт ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан хутгаар хутгалсан. Би тухайн үед согтуу байсан ба болсон асуудлыг үүр түүрхэн санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-62/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай хүсэлт /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 72 хотхоны 01 дүгээр байрны 00 тоотод Ц.Батмөнхтэй маргалдаж улмаар зэвсэг болох хутгаар зүүн өгзөг орчимд нь хутгалж биед нь зүүн өгзөгний зүсэгдсэн шарх, баруун гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б.Лийн иргэн Ц.Батмөнхийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Л нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бгийн Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Лид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ