Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/263

 

 

 

  2021       03          04                                   2021/ШЦТ/263                                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Ч.Батбаатар,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

хохирогч М.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00003 0024 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганц худгийн уулзвараас Монел явах замд Хьюндай Портер маркийн 16-10 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэл өнхөрч явган зорчигч М.Эрдэнэбаатарыг автомашинтай хавсарч мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Эрдэнэбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч М.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... би өөрийнхөө автомашиныг Хьюндай Портер автомашины урд хэсэгт байрлуулсан байсан юм. Тухайн үед би өөрийнхөө автомашиныг асаахаар Хьюндай Портер автомашины урд очиход машины гэрэл асаад гэнэт урагшлаад миний машинтай хавсарч биеийн ташаа хэсэг рүү хажуу талаас мөргөөд зогссон. Жолооч нь бууж ирээд миний гараас татаад байхаар нь “боль, машинаа холдуул” гэж хэлээд машиныг хойшоо ухруулсан. Намайг мөргөсөн жолооч түргэн тусламж, цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх 17-19/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 11 дүгээр сард би найз болох Бөд 13.000.000 төгрөгөөр зарсан. Эхний ээлжид 7.000.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг өгөх дутуу байгаа болохоор эзэмшигчийн нэрээ шилжүүлж чадаагүй байгаа юм.

Ослын талаар мэдэхгүй, Найз Б над руу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр залгаж “би хүн мөргөчихлөө” гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг боловч Бийн эзэмшлийн автомашин юм. Тухайн үед Б жолоодож яваад осол гаргасан болохоор би төлбөр төлөхгүй. Ослын улмаас автомашинд учирсан гэмтэл байхгүй. Бийн машин учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 46, 48/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн:

“...Зам орчны нөхцөл байдал нь асфальт, шулуун тэгш, бетон хуурай, цастай, суурин газрын доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эгнээний тоо 2, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Хэргийн газар очиход Хьюндай Портер маркийн 16-10 УАР улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай, Тоёота Истана маркийн 74-87 УБН улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байдалтай зорчих хэсгийн хөвөөн дээр болсон осол байлаа. Явган зорчигч автомашинуудын завсар хавчуулагдсан гэх цэгийг А үсгээр тэмдэглэн жолооч Э.Бөөр заалгав” гэх тэмдэглэл /хх-ийн 06-07/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13419 дугаартай:

“М.Эрдэнэбаатарын биед бүсэлхийн 5 дугаар нугалмын зүүн талын фасет үеийн хугарал, ууцны 1, 2, 3 дугаар нугалмуудын зүүн sacral foramen болон median crest дайрсан хугарал, хоёр талын суудал яс хугарал, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх 57-58/,

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн:

“Хьюндай Портер маркийн 16-10 УАР улсын дугаартай автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 12.9 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 7500cd8  ойр дээрээ 5600cd байгаа нь осол гарахад нөлөөлсөн байх боломжтой байна. Урд нүүр хонхойсон гэмтэл нь тухайн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх 62-65/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн:

“...Уг зогсоолд цагаан өнгийн Тоёота Истема маркийн автомашин ертөнцийн зүгээр хойшоогоо харсан байрлалтай түүний баруун гар талд ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байрлалтай цэнхэр өнгийн Хьюндай Портер маркийн автомашин зогсож байв. ...Бичлэгийн 19:36:20 минутад Хьюндай Портер маркийн автомашины жолооч дугуй засварын газраас гарч ирээд автомашиныхаа баруун урд талын дугуйн доор байсан ивээс чулууг аваад автомашиныхаа хойд талаар тойрч жолооч тал руу явах үед дугуй засварын газраас засварчин гарч ирээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд алхаад зогсоол дээр зогсож байсан 2 автомашины голоор бичлэгийн 19:37:00 минутад гарах үед Хьюндай Портер маркийн автомашин урд их гэрэл асаж байгаад гэнэт урагшлаад урдуураа явж байсан засварчныг цагаан өнгийн Тоёота Истема маркийн автомашинтай хавсарч мөргөөд зогсоод буцаж ухрахад мөргүүлсэн засварчин 2 автомашины завсарт хэвтэж байв” гэх тэмдэглэл /хх 71/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх 04-05/,

- тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 08-12/,

-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 13/,

- мөрдөгчийн бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 14-15/,

- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 20-21/,

- эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухайн тэмдэглэл, хохирлын баримтууд /хх 22-37/,

-  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Хан-Агьт” ХХК барьцаат зээлийн гэрээ, Дэббу ХХК-ийн ½ дугаар тодорхойлолт /хх 38-43, 44/,

 - түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх 96/,

 

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Машинаа асаах гэж гарсан. Засварчин залуу миний машины урдуур явж таарсан ба би машиныхаа хаалганы гадна талаас баруун хөлөөрөө консоо гишгээд тухайн хүнийг ирэх үед консон дээрээс хөлөө аваад буух гэхэд машин урагшлаад засварчин залууг автомашинтай нь хавсарч мөргөчихсөн. Тухайн үед миний автомашин араатай байсан болохоор конс авах үед урагш хөдөлж мөргөсөн. Би машинаа ухраагаад түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 79/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Бийн жолооны үнэмлэхийн хуулбар, техникийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 81/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 82/, жолоодох эрхийн лавлагаа /хх 83/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 84/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 85/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 86/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 87-88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 90/, цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн жолоочийн лавлагаа /хх 91/, шүүгдэгчийн Тээврийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэст гаргасан хүсэлт /хх 97/,

шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ДЭББУ ХХК-ийн тодорхойлолт, Х.Эрдэнэчимэгийн дансны хуулга 3 хуудас,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлснийг нотолсон гэх кассын орлогын баримт 2 хуудас, зарлагын баримт 1 хуудас, дансны хуулга 7 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-т заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө...” гэсэн заалтыг зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Хохирогч М.Эрдэнэбаатар нь 1.011.415 төгрөгийн дүн бүхий өөрт учирсан хохирлын талаар нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад, 100.000 төгрөгийн дүн бүхий нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгч нийт 1.111.415 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Э.Б нь хохирол төлбөрт нийт 3.400.000 төгрөгийг төлсөн болох нь  хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн хохирогч М.Эрдэнэбаатар нь ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого гэж 12.000.000 төгрөгийг нэхэмжилж, уг орлогыг нотлох баримтаар ДЭББУ ХХК-ийн “М.Эрдэнэбаатар нь манай байгууллагад гагнуурчнаар ажилладаг. Нийгмийн даатгал төлөхгүйгээр сарын 3.000.000 төгрөг гар дээр авдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт, Энхболд гэх хүний данснаас “гагнуур” гэсэн утгаар 2021 оны 1 болон 2 дугаар сард эхнэрийн данс руу мөнгө шилжүүлсэн гэж Х.Эрдэнэчимэг гэх нэр бүхий хүний дансны хуулгыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.

 

Хохирогч М.Эрдэнэбаатар нь уг гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс бүрэн гаргуулж авсан болон эмчилгээ, шинжилгээ, асаргаатай холбоотойгоор нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн ба харин гэмтсэний улмаас өөрийн эрхэлдэг ажлыг хийж гүйцэтгэж чадаагүйн улмаас авах ёстой цалин орлого гэж 12.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэлийг тооцож гаргуулахад түүний хэзээнээс хэзээний хооронд ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн талаарх баримт, мөн түүний цалин орлогыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх учир тооцох боломжгүй байна. Цалин орлогыг нотлох баримтад ямар орлогоос НДШ, хуульд заасан татвар төлдөг болохыг нотлох баримт хамаарна.

Ажил олгогчоос ажилтанд олгосон цалин нь ажилтныг ажиллуулж эхэлсэн хугацаанаас эхлэн тогтмол байдлаар, тогтсон цаг хугацаанд олгогдож байх ёстой хөдөлмөрийн хөлс байдаг.

Хохирогч шүүх хуралдаанд “2020 оны 9 сараас эхлэн ДЭББУ ХХК-д ажилсан, өдрийн 100.000 төгрөгийн цалин авдаг байсан. Осол болсноос хойш ажил хийж чадаагүй” гэж тайлбарласан. Тэрээр 2020 оны 09, 10, 11 дүгээр саруудад тус компани болон түүнийг эрхлэх субъектээс цалинд хэдэн төгрөг ямар байдлаар тооцож авч байсныг нотлох баримт байж байж түүний олох ёстой байсан орлогыг харьцуулан тогтоох боломжтой байжээ.  

Харин хохирогчоос гаргаж өгсөн баримтууд болох компанийн тодорхойлолт, дансны хуулгаар түүний олох ёстой байсан болон олдог байсан гэх орлогыг нотлох үндэслэлгүй байна. Хохирогч нь хувь хүнтэй хамтарч ажиллах, хувь хүн эрхэлдэг ажилд ажилтнаар ажиллаж цалин авдаг байх боломжтой ч Х.Эрдэнэчимэгийн дансны хуулга дахь дүн бүхий шилжүүлсэн мөнгийг М.Эрдэнэбаатарын цалин болохыг тогтоох боломжгүй юм.

 

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд энэ хэргийн тохиолдолд хохирогчийн биед учирсан гэмтлийг арилгахад шууд зориулагдсан эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, гэмтлийг эмчлүүлэхээр явсан унаа тэрэгний шатахууны бодит зардал, хохирогч гэмтээгүй байсан бол олж болох орлого хамаарна. Харин хүний анхдагч хэрэгцээний зүйл болох хүнсний нэрийн бүтээгдэхүүн худалдан авсан зардал гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаардаггүй болно.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэж гаргуулж шийдвэрлэх учиртай. 

Иймд хохирогч М.Эрдэнэбаатарын уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Тус хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судалж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн 03036122 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 608237 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч З овогт Эы Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эы Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Эы Бөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, 03036122 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Э.Бийн 608237 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

 

6. Шүүгдэгч Э.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх хууль ёсны нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ