Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/022

 

Д.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Шүүгдэгч Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бд холбогдох эрүүгийн 1714000740050 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өөлд овгийн Д.Б, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Нисэхийн техникч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1- ийн А-д зааснаар замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ, мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д зааснаар жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвөөс Өлзийт сумын чиглэлтэй зам дээр 49-83 БНА улсын дугаартай автомашин жолоодож яваад улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоцикль дээр зорчиж явсан иргэн Э.Дийн амь нас хохирч, мотоцикль жолоодож явсан иргэн А.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өөлд овогт Д.Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Бг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар Д.Б нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч *******ийн нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.Бы 20219 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, томографикийн зураг 2 ширхэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт 1 ширхэг. СD 2 ширхэгийг хэрэгцээний дагуу хохирогч А.Над буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар Д.Бы эзэмшлийн “Dell icore-5” маркийн иж бүрэн компьютер, 49-38 БНА улсын дугаартай тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Бд буцаан олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШЗ/85 тоот “Шийтгэх тогтоол залруулах тухай” шүүгчийн захирамжид: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...хохирогч *******...” гэхийг “...хохирогч *******...” гэж, шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт “...хохирогч *******...” гэхийг “...хохирогч *******...” гэж, “...хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт...” гэхийг “...хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Хохирогч *******...” гэхийг “...хохирогч *******...” гэж тус тус залруулжээ.

Хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Бд холбогдсон хэргийг хянан хэлэлцэж улмаар түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, миний нэхэмжилсэн хохирлоос 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Миний хүү Э.Д нь Баянхонгор аймгаас Өлзийт сум руу явж байхад нь Д.Б нь эгнээндээ явж байсан мотоцикльтой хүнийг араас нь дайрч 124 метр түрж амь насыг нь хохироосон. Миний хүү ид залуу буюу 23-хан насандаа Д.Бы буруутай үйлдлээс болж амь нас нь хохирсонд эцэг хүний хувьд харамсаад харамсаад барахгүй байна. Би юугаар ч үнэлэшгүй маш том эрдэнээ алдсан учраас маш их гомдолтой байна. Д.Б нь миний хүүгийн амь насыг хөнөөчхөөд тус хэрэгтээ гэмшиж биднээс буруутай гэдгээ хүлээж хүлцэл өчих байтал бидний уй гашуу, хагацал зовлонгоор тохуурхаж, мөнгө төгрөг өгье, тусалж дэмжье, шүүх цагдаад гомдол мэдүүлэхгүй байгаачээ гэж ах дүүсээрээ гуйлгаж байхад нь хүүгээ юугаар ч үнэлэшгүй, гэхдээ нэгэнт босгоод ирэх биш гэж бодон бид хууль зүйн туслалцаа ч аваагүй, өөрийг нь харсан, хүлээсэн байр суурьтай байсан. Гэтэл өгнө гэсэн мөнгө төгрөгөө өгөхгүй, элдэв нэгээр хэл амаар доромжилж эхнэр нь "бид мөнгө төгрөг үйлдвэрлэдэг хүмүүс биш, хохь чинь" гэх мэтээр хэлсэнийг бодоод маш их гомдолтой байна.

Гэтэл Д.Б нь шүүх хурал дээр надаас уучлалт гуйх нь битгий хэл энэ талаар нэг ч үг дуугараагүй. Би хүүгийнхээ халуун амь насыг үнэлж баршгүй боловч хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилж хүүгийнхээ гэгээн дурсгалыг алдаршуулсан зүйл хийж сэтгэл санаагаа хагасхан боловч тайтгаруулья гэж бодож байсан ч шүүх миний нэхэмжлэлээс 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн энэ хэрэгт мотоцикль жолоодож явсан хүн нь миний хүүд каскан малгай өмсүүлээгүйгээс болж үхэлд хүрсэн гэж боддог. Гэтэл мотоциклийн жолоочийг шалгаагүй, энэ хэрэгт хамааралгүй гэж үзэн орхисныг ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоол дээрээ хохирогчоор тогтоогдсон миний нэрийг ******* гэж буруу бичсэн зэрэг алдаа гарсан байгааг уншиж мэдлээ. Хүүг 50 метр хүртэл чирээгүй бол амь нас нь хохирохгүй байсан. Гэтэл хэрэг хийсэн нөхцөл байдлыг нь харгалзан тэнслээ гэж байгаа нь буруу дүгнэлт гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Миний хүү Өлзийт суманд соёлын төвд хөгжмийн багшаар ажилладаг байсан, оюуны бүтээл туурвиж хэд хэдэн дууг өөрөө зохиож дуулсан маш их авьяас билэгтэй сайн хүү байсан ч хүний буруутай үйлдлээс болж амь насаа алдсан.

Хүний амь хохироосон хүн зохих шийтгэлээ эдлэх ёстой байтал шүүх эдлүүлээгүй тэнсээд явуулсан. Би энэ шийтгэх тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж, Д.Бд тохирох хариуцлагыг нь хүлээлгэж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гомдолтой байна. Миний хүү амьд сэрүүн байсан бол маш их зүйлийг бүтээх байсан. Иймд Д.Бд эдлэх ёстой ялыг нь эдлүүлмээр байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Б нь тээврийн хэрэгсэлээ зогсоох арга хэмжээ аваагүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаас үзвэл хохирлыг нөхөн төлсөн, хор уршигийг арилгасан гэсэн ойлголт байгаа. Мөн тухай хэрэгт А.Н нь гэм буруутай эсэхийг шалгаж тогтоолгүйгээр түүнийг зөвхөн хохирогч гэж үзсэн нь бодит байдалтай нийцээгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэг болсонд маш их гэмшиж хохирогч нараас уучлалт гуйж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бидний зүгээс хэрэгт авагдсан зардлын баримтууд болон хүн ёсыг бодож бүх зардлыг нөхөн төлсөн байгаа. Д.Б нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Д.Бы гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хохирогч нарт 10 сая төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 21 тоот дүгнэлтэд /хх-ийн 2-р хавтас 29-31-р тал/ А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн талаар тусгагджээ.

Мөн хавтаст хэргийн 1-р хавтас 195-196 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 7798 дугаар химийн шинжээчийн дүгнэлтээс үзвэл А.Нын биеэс авсан цусанд 1.2 промилл спиртийн агууламж илэрсэн, согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн бөгөөд А.Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн эсэх, дээрх 21 тоот дүгнэлтэд тусгагдсан зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нь тухайн осол болоход нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй орхигдуулсан нь буруу юм.

Хэдийгээр А.Н нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл бус болсон, байдлыг зөв тусган ойлгох чадваргүй гэдэг нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр /хх-ийн 62-р хавтас 15-16-р тал/ тогтоогдсон хэдий ч энэ өвчин нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөх эсэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай зэргийг тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж хохирогч *******ын гаргасан А.Ныг тухайн хэрэгт гэм буруутай эсэхийг шалгуулах болон шүүгдэгч Д.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн талаарх давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч Д.Бы эцгийн нэрийг буруу бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1-д заасан шаардлагад нийцээгүй болохыг дурдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Д.Бд холбогдох эрүүгийн 1714000740050 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                          Н.ЭНХМАА