Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0656

 

Б.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 518 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.П

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0477/З/Т/Н/Т

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.П-ээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.П-ыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц орон тооны хязгаар шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/135 дугаар тушаалаар албан хаагчдыг албан тушаалд томилохдоо Б.П-ийн ажлын байр байхгүй болсонтой холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн томилсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих....” гэж заасантай нийцэж байна.

3.2. Мөн нэхэмжлэгч Б.П-ийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь Эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэст Эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал байсан. Гэвч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Б.П-ийн ажиллаж байсан “Эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтэн” болон одоо томилогдохоор анхан шатны шүүхийн шийдвэр гарсан “Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн” гэсэн 2 албан тушаалын тодорхойлолтыг харьцуулж дүн шинжилгээ хийгээгүй байна. Тус 2 албан тушаал нь зорилго, зорилт, чиг үүргийн хувьд ялгаатай байхад албан тушаалын тодорхойлолтыг шинжлэн судалж, нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй тухайн орон тоог шууд нэр зааж шийдвэр гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

3.3. Маргаан бүхий Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Анхан лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өөр хүн томилогдсон учир Б.П-г энэ албан тушаалд томилох боломжгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Б.П-ээс анх “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” гэж тодруулжээ.

2.2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн баталсан байна.

2.3. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдамжийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153 дугаар тушаалаар Үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээний Бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/215 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны Лаборатори, параклиникийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн Эрүүл мэндийн газрын Осол гэмтэл, эрүүл мэндийн нөлөөллийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Эрүүл мэндийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар тус яамны 97 албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсний дотор Эрүүл мэндийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.П багтжээ.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Б.П-д Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаал болон 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” тушаалын төслийг танилцуулсан бөгөөд нэхэмжлэгчээс “Эрүүл мэндийн яамдаа аль ч албан тушаалд ажиллах саналтай” байгаа талаараа илэрхийлсэн болох нь тогтоогдож байна.

2.5. Гэтэл хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” А/136 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

2.6. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба үүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж хуульчилсан байна.

2.7. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Б/136 дугаар тушаалыг хууль бус гэж үзэн, хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу холбогдох баримт материалыг шалгаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1, 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, тодруулбал нэхэмжлэгч Б.П-ийн тухайд шилжүүлэн ажиллуулахаар түүнтэй тохиролцоогүй, мөн тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаагүй, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллах хууль зүйн үндэслэл бүрдээгүй, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэх ажиллуулах журмын дагуу албан ажлын зайлшгүй шаардлага гараагүй байхад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэр гаргасан болох нь тус тус тогтоогдож байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.

2.8. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахгүйгээр түүнийг Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь буруу байна.

2.9. Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эрүүл мэндийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь яамны зохион байгуулалт бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлахад устаж үгүй болоогүй хадгалагдсаар байсан нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 0-ний өдрийн А/118[1], 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/130[2] дугаар тушаалуудын хавсралтаар батлагдсан яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргээс тодорхой харагдаж байна.

2.10. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/130 тушаалын хавсралтын 47-д дурдсан Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байранд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг хадгалагдсаар байна.

2.11. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн хувьд эрх нь сэргэж болохуйц байх ёстой. Төрийн албаны маргааны хувьд нэхэмжлэгч өөрийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахаар маргах эрхтэйгээс биш аль сул байгаа эсхүл дурын орон тоонд томилуулахаар маргах эрхтэй гэж үзэх боломжгүй.

2.12. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулахгүйгээр Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд, тэрээр эрхийг нь зөрчсөн захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулж улмаар ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн учир тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхээ сэргээлгэх агуулгаар маргасан байна.  

2.13. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан байсан албан тушаалдаа ажиллах эрхийг зөрчсөн байгаа энэ тохиолдолд түүний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн “Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээрхээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 518 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.П-ийг Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

[1]  1 дүгээр хавтаст хэргийн 94-121 дүгээр талд,

[2] 2 дугаар хавтаст хэргийн 1-17 дугаар талд,