Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 600

 

 

 

 

 

 

 

 

 

 “Хэмжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/00014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  “Хэмжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Си Эс Ти Эм” ХХК-д холбогдох

 

2 850 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

1 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Маралмаа  нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Хэмжил" ХХК-ийн төлөөлөгч Д.Майдарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд Ц.Алтанцэцэг нь Б.Жаргалсайханд холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 14 хоногийн хугацаатай зээлсэн 1 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь жинхэнэ нэхэмжлэгчээр "Хэмжил" ХХК-ийг солих хүсэлт гаргаж сольсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Иргэн Ц.Алтанцэцэг нь "Хэмжил" ХХК-д менежер ажилтай ба 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр компанийг төлөөлөн барилгын дээврийн засварын ажлыг хийлгэхээр "Си Эс Ти Эм" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхантай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсний урьдчилгаанд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-нд 900 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 290 000 төгрөг тус тус өгсөн. Харин "Си Эс Ти Эм" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан нь гэрээгээр тохирсон ажлыг 4 хоногт хийнэ гэж амласан боловч ажлаа хийгээгүй, алга болсон. Бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлүүл гээд хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү манай менежер Ц.Алтанцэцэг нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр захирал Б.Жаргалсайхантай тооцоо нийлэх гэрээ байгуулж, Б.Жаргалсайхан 1 900 000 төгрөгийг 205 оны 10-р сарын 12-ны өдөр төлөхөөр тохирсон боловч өдийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч "Си Эс Ти Эм" ХХК-ийн захирал Б.Жаргалсайханаас барилгын ажлын тооцооны үлдэгдэл 1 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Талуудын хооронд тооцоо нийлсэн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний 4-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөх үүрэгтэй гэж заасан тул 1 900 000 төгрөг төлөх ёстой 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш алданги тооцоход 395 хоног хэтэрсэн байна. Гэвч хуульд алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 950 000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Алдангийн талаар мөн "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 6.1-д талууд тохирсон байгаа. "Си Эс Ти Эм" ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг аваад ажлыг 4 хоногийн дотор хийж гүйцэтгэж дууссаны дараа ажлын үлдэгдэл төлбөрийг авахаар тохирсон боловч ажлыг эхлээд 3 м хийгээд л буруу хийж эхэлсэн тул манай зүгээс энэ талаар хэлэхэд ажлаа хаяж явсан. Бид ажлаа хийж гүйцэтгэхийг шаардаж, боломжтой хугацаа хүртэл олгосон боловч гүйцээж хийгээгүй учир манайх ажлыг иргэн Э.Энхбаатартай 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлсэн. “Хос” худалдааны төвийн өргөтгөлийн дээврийн буруу хийгдсэн 3 м хэсгийг авч хаясан. Хэрэгтэй гэвэл түүнийг буцааж өгч болно. Иймд хариуцагч "Си Эс Ти Эм" ХХК-иас 2.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажлаа хийгээгүй, хүлээлгэн өгөөгүй, уг зардал гарсан гэдгийг нотлох баримт байхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй учир гарсан зардлыг төлөхгүй гэжээ.

Хариуцагч "Си ЭсТи Эм" ХХК-ий тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: 2015 оны хавар “Хэмжил” ХХК-ийн барилгын өргөтгөлийн сэндвичин дээврийн хэмжээ богинодсон хэмжээг нэмэгдүүлэхээр ярьж тохирон төмөр өнгөлгөөний хавтангаар өнгөлүүлэхээр тохиролцож 4.0 сая гаран төгрөгөөр 2 ажлыг ажлын хөлс материалтай нь цуг хийхээр тохиролцож гэрээ хийсэн. Уг ажлыг бид 4 хоногт хийнэ гэж хэмжин тооцоолсон боловч сэндвичин дээврийн хуучин тагийг хуулж авах дээврийн хэсгийн ажил явуулах бэлдэх зэрэг ихээхэн цаг алдсан. Бид 4 хүний бүрэлдэхүүнтэй “Хэмжил” ХХК-ийн өгсөн санхүүжилтээр  “Сэндвич" ХХК-иас сэндвичээ 0,40x0,95x103ш буюу 0,40 см-ийн урттай 0,95см-ийн өргөнтэй 0,15 см-ийн зузаантай нийт 41,2 м буюу 1 359 600 төгрөгийн сэндвич орохыг тооцоолон урьдчилгаа 700 000 төгрөгөөр авсан.

Манай зүгээс богино хугацааны ажил учир эхний ажлын хөлсийг бөөнд нь авах
санал тавьсан боловч "юу ч гэсэн 1 000 000 төгрөг аваад ажлаа явуулж бай" гэсний
дагуу ажлаа эхэлсэн. 2 дахь санхүүжилт буюу 900 000 төгрөгийг авч үлдэгдэл
сэндвичээ захиалан авч ажил хэвийн явагдаж байсан. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 290 000 төгрөг
авч бид үлдэгдэл сэндвич авч хийсэн ч бидэнд ам дарах таглаа, унаа хоол зэрэг
санхүүжилт дууссан байсан тул эхлээд менежерт тайлбарлан учирлаж
гуйсан. Гэвч татгалзсан хариу өгч захиралтай уулз гэсний дагуу уулзсан боловч
зөвшөөрөөгүй. Бид 1-р ажлаасаа алдагдалд орж эхэлсэн. Тооцооолсноос их зардал
гарч байгаагаа хэлэхэд захирал нь би өөрөө 100 айлаас материалыг нь авч өгөөд
ажлын хөлс төлнө гээд өөр зүйл ярьж эхэлсэн. Бид анхнаасаа 1-р ажлаас бага ашигтай, зардлаа гаргаад 2-р ажлаасаа ашгаа олохоор тооцоолж байсан учир хүнд байдалд орсон. 6 хоногийн дараа захирал Майдар залгаж уулзаад үлдэгдлээ дуусга гээд хамгийн сүүлийн санхүүжилт буюу 290 000 төгрөгийг өгсөн боловч уг мөнгөөр үлдэгдэл сэндвичээ дүүргэж, сэндвичний таглаа боолт, шруп, силкон хөөсөнд нь мөнгө үнэхээр хүрээгүй учир арга буюу 2-р ажлын мөнгөө өгөөч хэмээн дахин гуйсан боловч зөвшөөрөөгүй. Гэрээнд 1-р ажлыг заавал дуусгаж байж дараагийн ажлын санхүүжилтийг авна гэсэн заалт байгаагүй. Ингээд ажил зогсож 3 ажилчнаа тараасан. 2015 оны 8-р сард Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст Алтанцэцэг луйвардсан гэж өргөдөл өгсөн байсан. Мөрдөн байцаагч мөнгийг нь өг гэж дарамталсан. Хэд хоногийн дараа дахин дуудаж чи Алтанцэцэгийн мөнгийг өг, хэмээн тулгаж нэг талыг баримтлан 1 900 000 төгрөг зээлсэн болгож гарын үсэг зуруулж нотариатаар баталгаажуулсан. Үүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг ажлыг явуулахад 2 194 600 төгрөгийн зардал гаргасан. Үүнийгээ "Хэмжил" ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 0,40 зузаантай 1м нь 30 000 төгрөгийн үнэтэй 45,3 м буюу 30 000 төгрөгийэ нийт 1 359 600 төгрөгийн сэндвич, туслах материал хөөс 20ш х5 000=100 000 ажлын бээлий 10ш х500=5 000,  шруп 1хайрцаг х 20 000 төгрөг=20 000, тавлагч хадаас 4ш х3500=14 000 төгрөг, таслагчны ир 1 хайрцаг=20 000 төгрөг нийт 159 000 төгрөг, угсардаг япон шат 65 000 төгрөг, ажлын хөлс 3 хүн тус бүр 150 000 төгрөгөөр тооцож 450 000 төгрөг, нийт 1 900 000 төгрөгийг "Хэмжил" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 352.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч "Си Эс Ти Эм" ХХК-иас 2 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хэмжил" ХХК-нд олгож, "Хэмжил" ХХК-иас 1 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн "Си Эс Ти Эм" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсыи тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч "Си Эс Ти Эм" ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:                      "Хэмжил" ХХК 2015.04.23-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын санхүүжилтыг тогтоосон хугацаандаа төлөөгүй, мөн тухайн ажлын гэрээг надад мэдэгдэлгүйгээр цуцлаж ажлыг зогсоосон. Уг ажлыг гэрээний дагуу 80 хувьтай гүйцэтгэхэд гаргасан зардал нь 1 900 000 төгрөг болсон. Үүнд дээврийн сэндвич 1 359 000 төгрөг, туслах материал 159 000 төгрөг, угсардаг япон шат 65 000 төгрөг, ажлын хөлс 3 хүн тус бүp 150 000 төгрөгөөр тооцож 450 000 төгрөг болно. Иймд миний эрхийг зөрчсөн шүүхийн шийдвэр гарсан байх тул 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 614 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Хэмжил” ХХК нь хариуцагч “Си Эс Ти Эм” ХХК-д холбогдуулан 2 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс, материалын зардалд 1 900 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,  хариуцагч “Си Эс Ти Эм” ХХК барилгын өргөтгөлийн усны хаяавчны залгаа сэндвич 69 м, гадна фасадны 65 м2 ажлыг батлагдсан зургийн дагуу 4 хоногт хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Хэмжил” ХХК ажлын хөлс 4 222 000 төгрөг, үүнээс урьдчилгаанд 1 000 000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 900 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 290 000 төгрөг хариуцагч “Си Эс Ти Эм” ХХК-ийн захирал Б.Жаргалсайханд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч “Си Эс Ти Эм” ХХК  мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч буюу “Хэмжил” ХХК-д хүлээлгэн өгөөгүй, ажлын үр дүнг 4 хоногт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.  

Нэхэмжлэгч “Хэмжил” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт  зааснаар талуудын аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 1 900 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, шүүх ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч, ажил гүйцэтгэгчийн хүлээх эрх, үүргийн талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Харин хэргийн 3 дугаар талд авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Ц.Алтанцэцэг, Б.Жаргалсайхан нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ гэх баримтыг үндэслэн хариуцагчаас алдангид 950 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруу гэж үзэв. 

Учир нь шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан “... би Алтанцэцэг гэдэг хүнээс 1 900 000 төгрөг зээлээгүй, энэ бол зүгээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байсан....” гэх тайлбараас үзвэл дээрх зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн баримтаар   хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан төлөх 1 900 000 төгрөгийн өр төлбөрийг баталгаажуулсан  байх ба уг баримтын дагуу зээлийн үүрэг үүсэхгүй, талуудын хооронд бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрэний үүргийн хугацааг хэтэрсэн гэж үзэж алдангид 950 000 төгрөг гаргуулах боломжгүй.

 Хариуцагч “Си Эс Ти Эм” ХХК сөрөг нэхэмжлэлээр 1 359 000 төгрөг, туслах материал 159 000 төгрөг, угсардаг япон шат 65 000 төгрөг, ажлын хөлс 3 хүн тус бүp 150 000 төгрөгөөр тооцож 450 000 төгрөг, нийт 1 900 000 төгрөг шаардсаныг шүүх хариуцагч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй байдалд өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон болохоо баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотой хариуцагч материалын зардал, хохирол гаргасан гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.