Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/264

 

 

 

   2021        03         04                                   2021/ШЦТ/264

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1806 08307 2952 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч П.Батнямын “эр ямаа худалдаж авна” гэж фейсбүүкэд тавьсан зарын дагуу 80638595 дугаарын утсаар холбогдож 300 ширхэг ямаа 1 ширхгийг нь 65.000 төгрөгөөр худалдахаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо орчмоос өөрийн Хаан банкны 5030483462 тоот данс руу урьдчилгаа мөнгө авах нэрийдлээр 700.000 төгрөг шилжүүлэн авч хохирогч П.Батнямд 700.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.                                                /яллах дүгнэлтэд бичсэнээр/  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08307 2952 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч П.Батнямын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би фейсбүүкээ эр ямаа авна гэсэн зар бичсэн юм. Culuunbat backa гэсэн хаягаас “ямаа зарах хүний утас 80103646” гэсэн чат ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Gantulaga Bvrnee гэсэн хаягаас “сайн ямаа хэдээр авах уу” гэхээр нь “85.000 төгрөгөөр авъя” гэхэд “300 ямаа байна, чи хаана авах вэ” гэхээр нь “би хотод байна“ гэхэд тэр хүн надад утасны дугаараа өгсөн. Би тухайн дугаар руу залгахад “би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас гараад Мөнххаан суманд ирчихсэн байсан, малаа зарах гэсэн чинь ченжүүд хямдхан авна гээд байна, чи нэг мөр 65.000 төгрөгөөр бодоод авчих, хүн хагалгаанд орох гээд надад мөнгө хэрэгтэй болоод байна, чи яаралтай 700.000 төгрөгийг миний данс руу яг одоо явуулчих, би шөнийн 03-04 цагийн орчим Улаанбаатар хот руу орчих байх” гэж хэлсэн. Надад Хаан банкны 5030483462 тоот дансыг өгөхөөр нь Баянзүрхийн товчоонд хүний мобайл банкийг гуйж 700.000 төгрөгийг шилжүүлээд нөгөө хүнээс мөнгө орсон эсэхийг асуухад “орсон, шөнө 03 цагийн үед тосож аваарай” гэж хэлсэн. Тэр шөнөдөө хүлээгээд байсан ч холбоо бариагүй. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим над руу залгаад “Хэнтий аймаг өнгөрөөд ирж явна” гэж хэлсэн ба орой нь 19 цагийн үед дахин залгаад “Багануурт машинаа янзлуулаад одоо хот явж байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаа огт аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

 

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фейсбүүк чат мэссэнжэр хуулбар /хх-ийн 20-21, 23, /,

- шүүгдэгч Д.Бы Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга /хх-ийн 88-89/,

 

Шүүгдэгч Д.Бы мөрдөн байцаалтад өгсөн:

“2018 оны 10 сарын үед фейсбүүкийн мал авч зардаг грүпэд “мал худалдаж авна” гэсэн зар байсан. Тэгэхээр нь тухайн үед ашиглаж байсан Gantulaga Bvrnee гэх хаягаас “мал хэдээр авч байгаа вэ” гэж асуухад “85.000 төгрөгөөр авч байгаа” гэж хэлсэн. Надад 300 ямаа байна гэж хэлээд гар утасных нь дугаарыг аваад залгаж “би хөдөө байна, хот оруулах зардлыг хувааж төлбөл аваачиж өгье” гэж хэлээд 3 хоног утсаар ярьж байгаад урьдчилгаа 700.000 төгрөгийг өөрийн 5030483462 дугаарт дансанд шилжүүлэн авч залилсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахдаа болон шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Д.Б нь хуурч хохирогчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг хуурч төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Д.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Д.Быг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өнгөрсөн 2 жил 5 сарын хугацаанд шүүгдэгч төлж барагдуулаагүй болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 700.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хуульд заасан бага хэмжээгээр оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Бы хэргийн учир 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Джийн Быг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг долоон сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бы цагдан хоригдсон арав хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 700.000 төгрөг гаргуулж хохирогч П.Батням /ок91030313/-д олгосугай.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ