Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/267

 

 

 

 

 

   2021        03          04                                  2021/ШЦТ/267

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч М.Отгонжаргал, 

хохирогч Ө.Энхболор, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Д.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03424 2775 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ногоон Төгөл хотхоны гадна урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж А.Энхболорыг төөрөгдөлд оруулан “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн Самсунг А 70 загварын гар утас болон гар утасных нь арын гэрэнд байсан иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэргийг авч залилсан,

Мөн хохирогч А.Энхболорыг төөрөгдөлд оруулан залилан авсан Самсунг А 70 загварын гар утасных нь ар гэрэнд байсан Хаан банкны картаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг 55 минутад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 3.550.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5753 дугаарын бэлэн мөнгөний машинаас хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Ч нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн А.Энхболорын Самсунг А 70 загварын гар утас болон гар утасных нь арын гэрэнд байсан иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэргийг авч залилсан,

мөн хохирогч А.Энхболороос залилан авсан Самсунг А 70 загварын гар утасных нь гэрэнд байсан Хаан банкны картаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг 52 болон 55 минутад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 3.550.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5753 дугаарын бэлэн мөнгөний машинаас хууль бусаар авч хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ө.Энхболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2019 оны 06 дугаар сард Чтай танилцаад хамтран амьдарч байгаад 2020 оны эхээр холбоогоо тасалсан. Гэтэл 4 хоногийн өмнө над руу залгаад “сүүлчийн удаа уулзъя, гуйж байна” гэж ярьсан. Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед манай гэрийн гадна байж байсан. Бид хоёр миний машинд уулзсан ба Ч надад “машингүй явж байна, намайг 13 дугаар хороололд хүргээд өгөөч” гэж гуйхаар нь Ногоон Төгөл хотхоны гадна хүргэж өгөхөд “утсаар чинь яриад өгье” гэж хэлэхээр нь би гар утсаа өгөхөд миний гар утсаар яриад “найзын машин байна уу, хараадахъя” гэж хэлээд цаашаа алхаж явсан. Би тухайн үед анзаараагүй бөгөөд 3 минут орчим алга болохоор нь машинаасаа буугаад харахад алга болсон байсан. Дэлгүүрийн урд явж байсан хоёр охины гар утаснаас өөрийнхөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Цагдаад дуудлага өгөхөд 10 орчим минутын дараа ирсэн. Би тухайн үед миний гар утасны арын гэрэнд Хаан банкны виза карт, нэрийн хуудас байсан болохоор нь цагдаагийн гар утаснаас өөрийнхөө Хаан банкны интернэт банк руугаа орж шалгахад миний данснаас 3.550.000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан” гэх мэдүүлэг /хх 12-13/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦГ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх 06-08/,

- эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 20-21/,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 25-29/,

- мөрдөгчийн магадалгаа, олон улсын эрхтэй алтан кредит картын мэдээлэл /хх 31-34/,

 

Шүүгдэгч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр надад мөнгө хэрэгтэй болоод Энхболор руу залгаж “хаана байгаа юм вэ, хамт тамхи татах уу” гэж асуухад “манай нөхөр ирж байгаа, чи гэрийн гадаа ирвэл гарч болно” гэж хэлсэн. Би 5 дугаар сургуулийн зүүн талын байрны гадна очиж Энхболор руу залгаж дуудахад байрныхаа гадна гараад ирсэн. Бид хоёр ярилцаж байх үед нөхөр нь залгасан ба ажил дээр хүрээд ир гэсэн юм шиг байгаа юм. Намайг гэрийн гадна хүргэж өгөхөөр явж байх үед нь Энхболорт би “надад мөнгө, гар утас хэрэгтэй байна, гар утсаа хэрэглүүлээч” гэж хэлэхэд “за за, ойлголоо” гэж хэлээд өмнө нь надад мөнгө өгч байсан шигээ Самсунг А70 маркийн хар өнгийн хавтсан гэртэй гар утас, Хаан банкны алтан картаа өгсөн” гэх мэдүүлэг /хх 40-41/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Шүүгдэгч Б.Ч нь нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж А.Энхболорыг төөрөгдөлд оруулан “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн Самсунг А 70 загварын гар утас болон гар утасных нь арын гэрэнд байсан иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэргийг авч залилсан,

мөн хохирогч А.Энхболорыг төөрөгдөлд оруулан залилан авсан Самсунг А 70 загварын гар утасных нь ар гэрэнд байсан Хаан банкны картаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг 55 минутад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 3.550.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5753 дугаарын бэлэн мөнгөний машинаас хууль бусаар авч хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Чыг Баянзүрх дүүргийн прокурор газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч А.Энхболор, шүүгдэгч Б.Ч нар нь гэмт хэрэг болох болон тэрнээс өмнөх хугацаанд хоорондоо хувийн харилцаа /үерхдэг гэх/-тай байсан байх бөгөөд хохирогч нь өөрийн гар утасны кодыг, худалдааны байгууллагаар үйлчлүүлж байхдаа банкны картын нууц дугаар зэргийг шүүгдэгчид мэдэгдүүлсэн байжээ. Өөрөөр тайлбарлавал хохирогч нь шүүгдэгчээр дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авхуулах зэрэгт өөрийн банкны картыг өгч явуулж байсан, хувийн харилцаатай байх үедээ гар утсаа ашиглуулж байсан нь шүүгдэгчид код нууц дугаарыг нь мэдэх боломжийг бүрдүүлжээ.

Энэ харилцааны явцад тэдний хооронд итгэлцэх харилцаа үүссэн байх бөгөөд энэ байдлыг далимдуулан шүүгдэгч нь өөрийн хэрэгцээг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсэхэд нь хохирогчийн гар утсыг залилж авч гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч хохирогчийн гар утсыг дээрх байдлаар 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цаг өнгөрч байх үед уулзан авснаар залилах гэмт хэрэг төгссөн байна.

Улмаар залилах гэмт хэрэг үйлдэж авсан гар утасны гэрэнд байсан банкны картаар Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5753 дугаарын бэлэн мөнгөний машинаас 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг 52 минутад 3.500.000 төгрөгийг, 23 цаг 55 минутад 50.000 төгрөгийг хохирогчийн биед хүч хэрэглэн халдахгүйгээр, түүнд мэдэгдэлгүйгээр авсан нь хулгайлах гэмт хэргийг төгс үйлдсэн үйлдэл юм.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “... хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгчийн залилах гэмт хэрэг үйлдэж авсан гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн эд зүйл хураан авч хүлээлгэн өгөх тогтоолын дагуу 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр биет байдлаар буцаан олгосон байна.

Хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3.550.000 төгрөг болон хохирогчийн гар утасны гэрэнд байсан иргэний үнэмлэх, банкны картыг дахин захиалж авах төлбөр 80.000 төгрөг, нийт 3.630.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөгийг хохиролд шилжүүлсэн нь тэдний тайлбараар тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Б.Чаас 3.430.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ.  

 

Шүүх шүүгдэгч Б.Чт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдэгдээд өнгөрсөн хугацаа, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялуудыг хооронд нь нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Бийн Чыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Чыг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Чт оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чаас 3.430.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Энхболор /ЦБ82071566/-т олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ