| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0243/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/270 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/270
2021 03 04 2021/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 2106 00155 0116 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 50а-27 тоотод иргэн Б.Даваанямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “хоёр зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүүнд зулгаралт, хуйханд цус хуралт, дээд доод уруулын дотор салст, баруун хацрын дотор салстад зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00155 0116 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2020 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд найз Сэргэлэнбаатарын гар утас руу залгаж танай гэрт хүн байна уу, очиж хонож болох уу гэж асуутал би гэртэй байна, чи ирэхдээ 3 пиво аваад ирээрэй гэсэн. Би замаараа 2.5 литрийн хэмжээтэй том пиво 3 ширхгийг аваад шөнийн 03 цагийн орчмын үед Сэргэлэнбаатарын гэрт буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55а-72 тоотод ирсэн. Сэргэлэнбаатар гэртээ нэг эрэгтэй, хоёр эмэгтэйтэй хамт байсан. Би гэрт нь тэр хэдтэй хамт ууж танилцсан. Пиво уугаад сууж байхад Сэргэлэнбаатар бие засах гээд босох шиг болохоор нь би Сэргэлэнбаатарыг наашаа ирээд суугаад уулдаа пизда минь гэж хэлэхэд Ганаа гэх тэр залуу “чи миний найзыг юу гээд байна аа” гэж хэлээд намайг шууд цохиод авсан. Би ухаан балартаад, хэсэг хугацааны дараа ухаан орсон. Цагдаад мэдэгдэх гэхэд Ганаа намайг чи цагдаад мэдэгдээд ямар ч амжилт олохгүй шүү, чи манай 2 эмэгтэй найзыг хүчиндэх гэхээр нь би цохисон гээд хэлчихнэ гэж хэлээд дахиад нэг цохисон. ...Б.Г нь миний нүүр хэсэг рүү хамгийн эхлээд гараараа цохисон. Тэгээд би ухаан балартсан, ухаан балартсаны дараа хэрхэн яаж цохисон талаар мэдэхгүй байна. Намайг цохиод л байсан. Дээрх гэмтлүүдийг Б.Г надад учруулсан...гэх мэдүүлэг/хх-н 10-11/,
Гэрч М.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:
... унтаж байхад 2 охин нь орилоод бөөн юм болоод байх шиг байсан. Босож очоод хартал Г Даваанямыг цохиж байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 270 дугаартай:
Б.Даваанямын биед хоёр зовхинд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүүнд зулгаралт, хуйханд цус хуралт, дээд доод уруулын дотор салст, баруун хацрын дотор салстад зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 35-36/,
-хохирлын талаарх баримтууд /хх-ийн 16, 19-20/,
Шүүгдэгч Б.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн:
... маргалдаж байгаад Даваанямын нүүр хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд явахаар болоод хувцсаа өмсөж байхад ардаас гүйж ирээд би чамайг цагдаад өгнө гэж хэлээд зууралдаад бид 2 үүдний хэсэгт зодолдсон. Даваанямын биед учирсан гэмтлийг би тухайн үед учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
Хохирогч Б.Даваанямын “2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Гтэй муудалцсан нь үнэн болно. Б.Ггээс хохирлын мөнгө болох 250.000 төгрөгийг хүлээн авсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 63/,
Шүүгдэгч Б.Ггийн “... миний бие 2020 оны 12 сарын 19-ний өдөр Даваанямын биед хөнгөн зэргийн бэртэл учруулсан нь үнэн болно. Би хохирлын 250.000 төгрөгийг 2021 оны 1 сарын 2-ны өдөр Даваанямд бэлнээр өгч барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 62/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Г нь иргэн Б.Даваанямын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Даваанямд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г нь төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэж шүүгдэгчийг нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б ийн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ