Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/305

 

                                                                                                                      

 

 

   2021        03          10                                  2021/ШЦТ/305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Я.Сансар,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2885 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 9-р гудамжны 396 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хойд эцэг А.Раднааг зодож зүүн дээд 4-р шүд буйланд суух хэсгийн хугарал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг холбогдох эрүүгийн 2006 00000 2885 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч, хойд эцэг А.Раднаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч А.Раднаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дулаалаад гэрийнхээ хаяаг манаад усанд яваад хоол унд хийхэд миний дагавар хүү болох Б надад туслахгүй орондоо хэвтээд байхаар нь би уурлаж чи яагаад надад тусалдаггүй юм, хөгшин настай хүнийг өрөвдөж болохгүй байна уу чамайг гайгүй байх юм бол гэр орон бэлдэж тусдаа гаргах талаар бодож байна гэхэд миний урдаас хэрүүл хийж чамд ямар хамаатай юм гэх мэтээр хэрэлдээд байсан. Тэгээд маргааш өглөө нь би Налайх явж найзынхаа идэшийг хийж өгчихөөд архи уугаад гэртээ 14 цагийн орчимд халамцуу ирэхэд хүү Б нь орондоо унтаж байхаар нь би арай ч дээ босооч гэж хэлээд хөнжлийг нь татаж авах үед Б нь миний өөдөөс босож ирээд би яачаад байгаа юм гээд энгэрээс заамдаж аваад түлхэж унагаад нүүр рүү 2-3 удаа гараараа хүчтэй цохисон. Тэгэхэд нь би хүч мөхсдөөд айсандаа гал тогооны шүүгээн дээрх хайч барьж айлгах үед Б цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний хамар уруулнаас цус гарч цамц цусандаа будагдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаартай:

“А.Раднаагийн биед зүүн дээд 4-р шүд буйланд суух хэсгийн хугарал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. А.Раднаагийн биед учирсан зүүн дээд 4-р шүд буйланд суух хэсгийн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.Раднаагийн биед учирсан дээрх гэмтэл нь 24 орчим цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт. /Хх-ийн 27-28 хуудас/

 

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр гэртээ байж байхад хойд аав болох А.Раднаа гаднаас согтууруулах ундаа хэрэглэсэн орж ирээд надруу пиздаа минь би чиний боол хийж байна гээд орилоод байхаар нь би та чимээгүй байгаач гэж хэлэхэд А.Раднаа надруу бүүр дайрж давшлаад байсан. Би хэвтэж байхад А.Раднаа надруу ирээд цохих гээд байсан. Тэгэхээр нь А.Раднааг түлхээд нэг удаа уруул хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд А.Раднаа үргэлжлээд надруу дайраад байхаар нь би А.Раднаагийн дээр гараад тайвшруулсан. Ингээд А.Раднаа хэсэг хугацаанд гайгүй болохоор нь би орон дээрээ гараад суучихсан. Удалгүй А.Раднаа гал тогооноос хайч аваад над руу дайрсан би хайчыг нь булааж авах гэж түүнтэй ноцолдсон. Хайчыг нь булааж аваад гэрт байгаа бүх хутга мэсийг гаргаад дуудлага өгсөн. Хохиролыг бүрэн барагдуулсан. Одоо хоорондоо ямар нэгэн гомдол саналгүй болсон гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

 

Зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 6-8/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 47-54/,

ШШГЕГ-ийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5б/980 дугаартай “Э.Б /УК01252016/ нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн биелүүлсэн тул эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор дуусгавар болгосон байна” гэх албан бичиг /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бийн төрсөн эхтэй нь хохирогч А.Раднаа нь сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн ам бүл дөрвүүлээ хамтран амьдардаг нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 зүйлд “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хамааруулж хуульчилсан учир хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүл болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бийг хохирогч, хойд эцэг А.Раднаагийн эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын хэн хэнийх нь үл ойлголцол, бусдад хүндэтгэлгүй харьцсан харьцаа хандлага, гэр бүлийн доторх зан заншлын хэм хэмжээг хэрэгсээгүй байдал нөлөөлсөн байна.

Цаашид Э.Б нь гэр бүлийн доторх ажил хэрэг болон амьдралд ижил байр суурьтайгаар ахмад настай хүнд хүндэтгэлтэй хандаж оролцох, А.Раднаа нь бусдыг төвөгшөөсөн байдлаар аливаад хандахгүй байхад анхаарах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамт амьдардаг хойд эцэг А.Раднаагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч А.Раднаа нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх ба нотлох баримтаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.Бийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Э.Бийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Н.БААСАНБАТ