| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2021/0080/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/84 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/84
2021 01 29 2021/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г /онлайнаар/,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мажигсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох 2009000001345 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, түр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 20-501 тоотод оршин суух, ял шийтгэл эдлэж байгаагүй хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Б. Регистрийн дугаар: ЖА0000000,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч М.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн 0000УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЮуБи март” худалдааны төвийн урд буусан үйлчлүүлэгч насанд хүрээгүй Ц.Ганбатын таксины төлбөрт өгсөн 20.000 төгрөгийг чи өөрөө мөнгөө задлуулаад ир гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдүүлж явуулан, цүнхтэй эд зүйлүүдийг нь залилан авч хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн 8924УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЮуБи март” худалдааны төвийн урд буусан үйлчлүүлэгч насанд хүрээгүй Ц.Ганбатын таксины төлбөрт өгсөн 20.000 төгрөгийг чи өөрөө мөнгөө задлуулаад ир гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдүүлж явуулан, цүнхтэй эд зүйлүүдийг нь залилан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мажигсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009000001345 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед би өөрийн эзэмшлийн Хиундай Саната 7 маркийн 00-00 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юу Би март худалдааны төвийн гадна талд ...хүүхдийг буулгасан. ...20.000 төгрөг надад өгсөн. ...би задлахгүй, задлуулаад хүрээд ир гэж хэлсэн. ...арын машинууд явах гээд ...байхаар явсан. Машины ард талд тэр хүүхдийн цүнхтэй эд зүйл байсан. ...цүнхэн дотор номнууд, пүүз, айфоне икс маркийн гар утас, үүргэвчтэй биеийн тамирын хувцас байсан. ...утсыг нь Тэди төвийн ойр хавьд 50.000 төгрөгөөр зарсан. ...одоо зарсан хүнээ танихгүй. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлөөгүй байгаа. ...эгч надруу мөнгө шилжүүлнэ гэсэн тэгэхээр ...хохирлыг барагдуулна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Ц.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр өдөр таксины жолооч 20.000 төгрөг задлахгүй, чи өөрөө задлаад хүрээд ир гэхээр нь би ...таксинд үүргэвчтэй цүнх болон спорт цүнх үлдээж буусан. Цүнхэн дотор айфоне икс загварын гар утас, цагаан өнгөтэй Пол Жорж загварын наяк брендийн пүүз, 4 сурах бичиг, биеийн тамирын улаан өнгэтэй подволк, хар өнгэтэй шорт, улаан өнгөтэй цүнх байсан. ...надад нийт 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6, 15-18 дугаар хуудас/,
Гэрч А.Айякагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Орчлон сургуулиас найз Ганбат болон Тэргэл нарын хамт Е-Март дэлгүүр орсон. ...Ганбат, Тэргэл хоёр гэртээ харих гээд такси бариад явсан. ...Ганбат тухай өдөр биеийн тамирын болон хичээлийн цүнхээ авчирсан байсан. ...айфоне Икс загварын гар утастай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч А.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ганбат, Аяка нарын хамт Е-Март орсон. ...Ганбатын хамт такси бариад гэртээ харих гэж байхад эгч Энконто-д байна эгчтэйгээ хамт харьчихгүй юу гэсэн. ...Ганбат ганцаараа такси бариад явсан. ...Манай сургуулийн биеийн тамирын хичээл орсон. Габат биеийн тамирын цүнх, хичээлийн цүнхтэйгээ явж байсан. ...айфоне 11 билүү, айфоне икс барьдаг байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний DAMNO ХХКомпани 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тайлангийн дүгнэлт хэсэгт: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1419000 /нэг сая дөрвөн зуун арван есөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 36-38, 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000001345 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн 8924УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЮуБи март” худалдааны төвийн урд буусан үйлчлүүлэгч насанд хүрээгүй Ц.Ганбатын таксины төлбөрт өгсөн 20.000 төгрөгийг чи өөрөө мөнгөө задлуулаад ир гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдүүлж явуулан, цүнхтэй эд зүйлүүдийг нь залилсан үйл баримт нь:
Насанд хүрээгүй хохирогч Ц.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-6, 15-18 дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Айякагийн /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Г.Тэргэлийн /хх-ийн 10-12 дугаар хуудас/ өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Быг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн 0000УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЮуБи март” худалдааны төвийн урд буусан үйлчлүүлэгч насанд хүрээгүй Ц.Ганбатын таксины төлбөрт өгсөн 20.000 төгрөгийг чи өөрөө мөнгөо задлуулаад ир гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон төерөгдүүлж явуулан, цүнхтэй эд зүйлүүдийг нь залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон насанд хүрээгүй хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г нь шүүгдэгчээс 1.000.000 /нэг сая/ төгрөг авахаар, шүүгдэгч М.Б нь хохирогчид уг хохирлын 1.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Баас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагааар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмаржавын М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М.Бт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН