Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

 

 

2021        02         23                           2021/ШЦТ/118

                                    

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Иргэдийн төлөөлөгч Г.Аззаяа,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Хохирогч Ч.Яруу,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001341 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1998 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүд, зээ нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Б тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Б.У. /РД:ЖЮ00000000/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.У нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн орчимд байрлах ууланд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ч.Яруутай маргалдан улмаар зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар зүүн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн орчимд байрлах ууланд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ч.Яруутай маргалдан улмаар зэвсэг буюу хутгаар зүүн гуя тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009000001341 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн үед Ч.Яруу намайг нутгийн дүү Хуягаатай хардаж улмаар бид хоёр муудалцсан юм. Миний ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдсэн цагдаагийн хэлтэс дээр ирсэн байсан. ...Яруу намайг архи уулаа гэж уурлаад элдвээр хэлж байсан. ...Ч.Ярууд учруулан гэмтлийг би учруулсан. Миний буруу. Яруугийн биеийн байдал хэвийн болсон. Эмнэлэгт байхад нь сахиж эргэж, одоо ч хамт амьдарч асарч байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлыг би төлсөн. ...өөрийн буруугаа ойлгож байгаа. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Яруугийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны 15 цагийн орчим хамтран амьдрагч Б.У үеэл дүү Мөнхтөгс, Б.Уын нутгийн дүү Хуягаа  нарын хамт Сэлбийн зуслангийн хойд ууланд самар түүхээр гарсан юм. ...очоод гал түлээд 0.75 гр архи хувааж уусан юм.  ...би 2-3 удаа татсан юм. ...би Б.Уод хандан хээр гадаа явж байж архи уулаа гэж хэлэхэд нутгийн дүүтэйгээ ганц хоёр татахад яадаг юм гэж сууж байснаа хар иштэй хутгаар нэг удаа хатгаад авсан. ...тэгээд эмнэлэг ирээд намайг авч явсан. ...миний эрүүл мэндийн байдал хэвийн болсон. Эм тариа хэрэглээд гайгүй болсон. Эмчилгээний зардал Б.У гаргаж өгсөн. Би Б.Уыг зодож байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнхтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухай өдөр бид дөрөв самар түүхээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн зуслангийн хойд ууланд гарсан. ...архиа гаргаж бид дөрөв уусан. ...яруу ах нөгөө залуутай маргалдаад байсан. ...Б.У Яруу ахын хажууд сууж байснаа пизда минь чамайг ална шүү гээд Яруу ах руу гараа савах шиг болсон. Энэ үед Яруу ах дүрчихлээ ш дээ гээд өмдийг нь татаад урахад урдаас цус олгойдож их цус гарсан. ...яруу ах Б.Уыг зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11264 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Ч.Яруугийн биед зүүн гуяны тараагуур /а femoralis/ судасны тасрал зүүн гуяны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ир үзүүр зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. ...дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, ...дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5379 дугаартай шинжээч Б.Дэлгэрмаагийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан гэх хутганы ишийг хар өнгийн лент мэт зүйлээр ороосон, 30 см урттай хутган дээр цус илрээгүй, ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан гэх бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь А/ll/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...шинжилгээнд ирүүлсэн бинтэн дэр илэрсэн цус нь шинжилгээнд тэнцсэн. ...5 дугаартай асуултыг биологийн шинжилгээгээр хариулах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /47-50 дугаар хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-ийн 75-84 дүгээр хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын “...Алтай 178б тоотод оршин суудаг, ам бүл 4 гэх...” тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009000001535 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.У нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн орчимд байрлах ууланд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ч.Яруутай маргалдан улмаар зэвсэг буюу хутгаар зүүн гуя тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх саналыг,

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх санал тус тус гаргав.

Иргэдийн төлөөлөгч Г.Аззаяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Самарт явсан хүмүүс архи ууж хоорондоо маргалдаж улмаар хүн хутгалсан байна. ...гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч У.Б.У нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн орчимд байрлах ууланд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ч.Яруутай маргалдан улмаар зэвсэг буюу хутгаар хохирогч Ч.Яруугийн зүүн гуя тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ч.Ярууд учруулан гэмтлийг би учруулсан. Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Яруугийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.У нь ...хар иштэй хутгаар нэг удаа намайг хатгаад авсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнхтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.У Яруу ахын хажууд сууж байснаа пизда минь чамайг ална шүү гээд Яруу ах руу гараа савах шиг болсон. Энэ үед Яруу ах дүрчихлээ ш дээ гээд өмдийг нь ...урахад урдаас цус олгойдож их цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11264 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Ч.Яруугийн биед зүүн гуяны тараагуур /а femoralis/ судасны тасрал зүүн гуяны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо ...дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5379 дугаартай шинжээч Б.Дэлгэрмаагийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан гэх хутганы ишийг хар өнгийн лент мэт зүйлээр ороосон, 30 см урттай хутган дээр цус илрээгүй, ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан гэх бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь А/ll/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /47-50 дугаар хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /хх-ийн 75-84 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Уод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Уыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн эрх зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон болон согтуурсан байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.У нь хохирогч Ч.Яруугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх бөгөөд хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа “...Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримталсан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Уод ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болон хохирогчид учирсан гэмтэл цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 /жил/ 5 /тав/ сарын хугацаагаар шүүгдэгч Б.Уод хорих ял оногдуулах, түүүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хурагдан ирсэн хар өнгийн лентээр ороосон, нийт 30 см урттай хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бинт /маарал/-ыг 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт 0 Б.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Уод 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уод оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Уод  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см урттай хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бинт /маарал/-ыг 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Уранбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

           

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТСАЙХАН

 

               ШҮҮГЧИД                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                   С.ОЮУНЧИМЭГ