Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

 

 

 

        2021         03          01                                      2021/ШЦТ/136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт Лхагвасүрэнгийн Л.Ад холбогдох 2109 0000 00234 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 08 дугаар сарын 00-ний өдөр Говь-Алтай суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, тэтгэвэрт ам бүл 3, хамтран амьдрагч хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол Ногоон нуур гудамж 00 дугаар байр 00 тоотод, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 715 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр торгох ялын төлбөрийг бүрэн барагдуулж дууссан, хэрэг хариуцах чадвартай Урианхан овогт Лхагвасүрэнгийн Л.А /РД.ДЮ00000000/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.А нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 000 дугаар байрны 00 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр архидан согтуурч байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хүргэн С.Б нь гэрт архидан согтуурлаа, мөн хамтран амьдрагч Н.Б-тэйгээ муудалцахаа боль гэж хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэн бор иштэй хутгаар түүний баруун гар хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь баруун сарвуу, шууны зүсэгдсэн шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Л.А нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 513 дугаар байрны 50 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр архидан согтуурч байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хүргэн С.Б нь гэрт архидан согтуурлаа, мөн хамтран амьдрагч Н.Бтэйгээ муудалцахаа боль гэж хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэн бор иштэй хутгаар түүний баруун гар хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь баруун сарвуу, шууны зүсэгдсэн шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2109 0000 00234 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Аын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гадуур явж байгаад хорио цээр тавигдсан гээд хадам ах Л.Аынд уулзъя гэж гэрт нь очсон, хоол, цай идэж нэг шил архи уусан. Орой 17 цаг болж байхад ахын гэрээс гараад манай гэрт очин дахин нэг шил архи авч ороод ууцгаасан. Ах Л.А эхнэр Баярцэндтэйгээ манай гэрт муудалцаад байхаар нь би манай гэрт хоорондоо битгий муудалцаад бай гэж хэлсэн. Тэгсэн Л.А гал тогооны хананд байдаг шүүгээнээс манай гэрт байдаг жижиг бор иштэй хутгыг шүүрээд авахаар нь би бас гэр орондоо муухай зүйл гаргахгүй гээд боль гээд хэлэхэд намайг ална шүү гэхээр нь за та нар хоорондоо алалц гээд би том өрөөнийхөө буйдан дээр очоод суучихсан. Тэгсэн хүргэх ах урд ирж суугаад гартаа байсан хутгаар өөдөөс дайрсан. Миний баруун гарын шуу хэсэгт хутгаа зоогоод татчихсан. Тухайн үедээ архи уучихсан байсан болохоор би ч анзаараагүй. Тэгсэн миний гар цус гараад даагдахгүй байхаар нь гайхаад хартал миний шуу хэсэг зүсэгдээд шөрмөс нь ил гарсан байсан. Эхнэр хараад 103 дуудлага өгсөн ..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №1016 дугаартай “...С.Баттулгын баруун сарвуу, шууны зүсэгдсэн шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, АСАП сангийн лавлагаа, Хаан Банкны депозит дансны хуулга /хх-ийн 52-63 дугаар хуудас/,

Хохирогч С.Баттулгын Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...би Л.Атай сайн дураараа эвлэрсэн, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2109 0000 00234  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Аын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.А нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 513 дугаар байрны 50 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр архидан согтуурч байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хүргэн С.Б нь гэрт архидан согтуурлаа, мөн хамтран амьдрагч Н.Бтэйгээ муудалцахаа боль гэж хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэн бор иштэй хутгаар түүний баруун гар хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь баруун сарвуу, шууны зүсэгдсэн шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч С.Баттулгын /хх-ийн 78 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №1016 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

- Шүүгдэгч Л.А нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 77 дугаар хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Ад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Хохирогч С.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Л.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Аыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгчийг  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналыг хүрээнд шүүгдэгч Лхамсүрэнгийн Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэх нь зүйтэй байна.  

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Урианхан овогт Лхагвасүрэнгийн Л.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урианхан овогт Лхагвасүрэнгийн Л.Аыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ад мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.БАТСАЙХАН