Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 135/шш2017/00406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2017/00357/И 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан  сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* ******* овгийн ******* ******* /РД: ********/-ын хүсэлттэй,

“Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.******* нь төрсөн охин ******* өөрийн төрсөн аав, ээж болох *******, ******* нарт 1999 онд үрчлэн өгсөн. Тухайн үед эх зөвшөөрлийг авалгүйгээр охин үрчлүүлэн өгсөн. Охин өвөө, эмээгийн асрамжинд амьдарч байсан боловч сүүлийн 10 гаран жил эх Б.Буянхишигинйн асрамжинд байгаа. Охин нь одоо 17 нас хүрч байгаа бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтанд орж их сургуульд орохоор бэлдэж байгаа. Бичиг баримтыг яаралтай цэгцлэх шаардлагатай байна. Эмээ, өвөө нар нь одоо өндөр настай болсон бөгөөд охин асрамжиндаа байлгахгүй харж хандахгүй байгаа. Цаашид ч охин харж хандах боломжгүй тул *******, ******* нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

         Гуравдагч этгээд *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар             болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хоёр хүүхэд маань оюутан байсан. Хүүхдээ 3 сартай байхад надад авчирч өгсөн. Миний бие муудаад харвалт өгөх үед хүүхдүүд маань охиноо аваад явсан. Үүнээс хойш охин Мишээл аав, ээж дээрээ амьдарч байгаа. Би одоо өндөр настны тэтгэвэрт гарсан охиноо харж хандахад хүндрэлтэй байна” гэжээ.         

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-т зааснаар үрчлэлт хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ******* Монгол овогт ******* *******, Батхуягийн Буянхишиг нарын дундаас ******* Монгол овогт ******* Мишээлмаа 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн байх бөгөөд тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул охин өвөө *******, эмээ ******* нарт нь үрчлүүлж, төрсний гэрчилгээг авсан болох нь хүүхэд үрчлүүлэгч М.*******, үрчлэн авагч *******, ******* нарын тайлбар, 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн Г-235/05 дугаартай гэрчилгээ, 05 тоот үрчлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Охин нь 16 насанд хүрсэн, тэрээр төрсөн эцэг, эхийн асрамжид байгаа, үрчлэлт бодитоор хэрэгжээгүй, үрчлэн авсан өвөө эмээ нь өндөр настай болсон гэх үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг гаргаж, үрчлэн авагч ******* нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу үрчлэлтийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ******* 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар төрсөн эцэг М.*******, эх Б.Буянхишиг нарын асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.9–д зааснаар   үрчлэлтийн  бүртгэлд зохих өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг нь сэргээж, төрсөн эцэг, эхэд нь олгохыг Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  даалгасугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.БАТЧИМЭГ