Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/294

 

 

 

 

 

 

2021         03           09                                     2021/ШЦТ/294

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Хохирогч М.Мөнхдэлгэр,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр /ҮД:1338/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох 2006 01633 2590 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Төмөр замын политехникийн сургуульд оюутан, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нурангийн 1 дүгээр гудамжны 2-2а тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1472 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 693 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б овогт Бы Э /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Э нь архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 16-аас 2020 оны 03 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 айлын задгай тоотод хамтран амьдрагч М.Мэндсайхантай маргалдаж, улмаар иргэн М.Мөнхдэлгэрийн эзэмшлийн 5 ханатай Монгол гэрт гал тавьж шатаасны улмаас бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхдэлгэрийн өгсөн: “Би гэртээ байхад гэр шатаачихлаа гэж хэлээд дүү орж ирсэн. Дуудлага өгсөн байсан. Намайг гэртээ ирэхэд галын машин ирсэн. Дүү бид нар хотод түрээсийн байранд амьдардаг байсан болохоор хадам ээж гэр авч өгсөн юм. Хүүхэд сургуульд орох болоод бид нар Гацууртад нүүж очсон   . 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хэрэг болсон. Гэрийн хаяг Туулын задгай гэж явдаг. Хаягийн тоотоо аваагүй байсан. Манай гэрийг Э шатаасан. Би Эг шатааж байхыг хараагүй. Дүү надад хэлсэн. Би гэрийн мөнгө болох 1.800.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхдэлгэрийн өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм, 2-15-3 тоот хаягт байрлах гэртээ байж байхад төрсөн дүү М.Амармэнд ганцаараа орж ирээд “Аниа гэр шатчихлаа” гэж хэлэхээр нь хувцсаа өмсөн гүйгээд явж очиход гэр шатаад дууссан, гал команд унтраах гэж байсан. Дүү М.Амармэндээс юу болсон талаар асуухад “М.Мэндсайханы найз эмэгтэй Э гэр шатаачихлаа, Э галаас даавуунд гал авч байгаад үүдний хөшигнөөс эхлээд гал тавьж шатаасан” гэсэн. Үүдний хэсэгт эхлээд гал тавиад дараа нь гэрийн 4 талд гал тавьж шатаасан гэсэн. Гэрт М.Амармэнд, М.Мэндсайхан, Э, Эгийн төрсөн дүү нар байсан юм байна лээ. Энэ шатсан гэр миний эзэмшлийн гэр байгаа юм, би энэ гэрт зун гэр бүлийн хамт амьдардаг... уг шатсан гэрт яг миний гэсэн тавилгууд бол байгаагүй. Гэр дотор байсан тавилгуудыг аав, ээж хоёр манай дүү Мэндсайханыг эхнэр аваад тусдаа гарлаа гээд өгч байсан. Би одоо таван ханатай монгол гэрээ л нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.21-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнэ өгсөн: “... гэрт нь харихад манай эгчийн хамтран амьдрагчийнх нь төрсөн ах нь гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, гэр орныг замбараагүй болгосон байсан. Тэгээд манай эгч хамтран амьдрагчтайгаа тэрнээс болж маргалдсан... тэгээд намайг орон дээр унтах гээд хэвтэж байхад эгчийн хамтран амьдрагч нь намайг “Бос, янхан минь гэж ирэн хараагаад байхаар нь манай эгч намайг өмөөрөөд хамтран амьдрагч Мэндсайхантай хэрэлдээд, гэрт байсан хамаг юмаа авч шидээд байсан. Тэгэхээр нь бие засах гэж гарчхаад буцаад гэрт ороод ирсэн чинь Монгол гэрийн ертөнцийн зүгээр баруун талын хөшиг шатаж байсан. Тэр үед Монгол гэрт нөгөө гурав гурвуулаа байж байсан ба манай эгч хамтран амьдрагчтайгаа хэрэлдээд гэрийн хамаг эд хогшлыг Монгол гэрт хүн явахын аргагүй болгоод шидлээд хаясан байсан... намайг гадагшаа бие засахаар гараад яваад ирэх хооронд гал гарсан байсан... тухайн үед намайг гаднаас орж ирэхэд Монгол гэрийн дотор талаас нь гал хаалганы хажууд байрлах гал тогооны хэсгийн хөшигтэй хэсэг нь шатаад нэлээн хойшоогоо явсан байсан. Тэгээд би хэвтэж байсан орноосоо дэр аваад галыг унтраах гэж оролдсон боловч чадаагүй. Тэгээд дээрээс нь хоёр гарынхаа хуруунуудыг түлчихсэн...” гэх мэдүүлэг /хх.25-28, 31-34, 53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Амармэндийн өгсөн: “... Э орноосоо босож ирээд “Та хоёр хоёулаа манай дүү рүү дайрлаа” гэхээр нь би төрсөн дүү Мэндсайханыг гадаа гаргахад Э дүүгийнхээ хамт гэрийн баруун талын оронд сууж байснаа гэнэт босож ирээд гэрийнхээ гал тогооны, хувцасны шкаф, зурагтыг газар унагаачхаад гэрийн голд байсан зуухыг өшиглөхөөр нь манай дүү Мэндсайхан гэрт орж ирээд хэд хэдэн хараал хэлээд эхнэрийнхээ дүү рүү дайрахаар нь би тэр хоёрыг гадаа авч гарахад Э “Би гэр шатаана” гэж орилсон. Тэгэхээр нь би гэрт ороод харсан чинь зуухандаа нэг хар өнгийн даавууг шатаагаад гэрийн зүүн хэсгийн доторх хөшгийг шатаачихсан зогсож байхаар нь “Чи яах гээд байгаа юм бэ?” гээд гараас нь булааж аваад зуух руу тэр хар өнгийн даавууг нь хийгээд Эгийн дүүгийн хамт гэрийн зүүн талын шатаж байсан хөшгийг унтраагаад дуусахад Э гэрийн баруун талын үүдний хэсэг, баруун хойд хэсгийг тус тус шатаагаад өөрөө гадагшаа гарчихсан. Эгийн дүү бид хоёр гэрийн шатаж байгаа хэсгийг унтраах гэсэн боловч бид хоёр галыг зогсоож чадаагүй...” /хх.29-30, 43-46/,

“Тод үнэлгээ” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 852 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх.57/,

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, хошууч М.Батсайханы 2020 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 142/460 дугаартай:

“1. Гал түймэр нь гэрийн дотор талаас гарч, шатах материалаар дамжин тархсан байна. Хугацааг тодорхойлох боломжгүй.

2.3. Хэргийн газар үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан чүдэнз, голын цог, ил задгай үнс нурам, болон бусад ил задгай галыг тооцно/ Амархан шатах ямар нэгэн бодис илрээгүй.

4. Санаатай  гал тавьсан гэх шинж тэмдэг илрээгүй.

5. Гал ямар нэгэн цахилгааны масснаас болон гараагүй байна. Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүсээгүй байна.

6. Шинэ нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх.67-68/,

Хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Э нь архидан согтуурсан үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 16-аас 2020 оны 03 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 айлын задгай тоотод хамтран амьдрагч М.Мэндсайхантай маргалдаж, улмаар иргэн М.Мөнхдэлгэрийн эзэмшлийн 5 ханатай Монгол гэрт гал тавьж шатаасны улмаас 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхдэлгэрийн өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм, 2-15-3 тоот хаягт байрлах гэртээ байж байхад төрсөн дүү М.Амармэнд ганцаараа орж ирээд “Аниа гэр шатчихлаа” гэж хэлэхээр нь хувцсаа өмсөөд гүйгээд яваад очиход гэр шатаад дууссан, гал команд унтраах гэж байсан. Дүү М.Амармэндээс юу болсон талаар асуухад “М.Мэндсайханы найз эмэгтэй Э гэр шатаачихлаа, Э галаас даавуунд гал авч байгаад үүдний хөшигнөөс эхлээд гал тавьж шатаасан” гэсэн. Үүдний хэсэгт эхлээд гал тавиад дараа нь гэрийн 4 талд гал тавьж шатаасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх.21-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнэ өгсөн: “... намайг гаднаас орж ирэхэд Монгол гэрийн дотор талаас нь гал хаалганы хажууд байрлах гал тогооны хэсгийн хөшигтэй хэсэг нь шатаад нэлээн хойшоогоо явсан байсан. Тэгээд би хэвтэж байсан орноосоо дэр аваад галыг унтраах гэж оролдсон боловч чадаагүй. Тэгээд дээрээс нь хоёр гарынхаа хуруунуудыг түлчихсэн...” гэх мэдүүлэг /хх.25-28, 31-34, 53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Амармэндийн өгсөн: “... Э “Би гэр шатаана” гэж орилсон. Тэгэхээр нь би гэрт ороод харсан чинь зуухандаа нэг хар өнгийн даавууг шатаагаад гэрийн зүүн хэсгийн доторх хөшгийг шатаачихсан зогсож байхаар нь “Чи яах гээд байгаа юм бэ?” гээд гараас нь булааж аваад зуух руу тэр хар өнгийн даавууг нь хийгээд Эгийн дүүгийн хамт гэрийн зүүн талын шатаж байсан хөшгийг унтраагаад дуусахад Э гэрийн баруун талын үүдний хэсэг, баруун хойд хэсгийг тус тус шатаагаад өөрөө гадагшаа гарчихсан. Эгийн дүү бид хоёр гэрийн шатаж байгаа хэсгийг унтраах гэсэн боловч бид хоёр галыг зогсоож чадаагүй...” /хх.29-30, 43-46/,

“Тод үнэлгээ” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 852 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх.57/,

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, хошууч М.Батсайханы 2020 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 142/460 дугаартай:

“1. Гал түймэр нь гэрийн дотор талаас гарч, шатах материалаар дамжин тархсан байна. Хугацааг тодорхойлох боломжгүй.

2.3. Хэргийн газар үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан чүдэнз, голын цог, ил задгай үнс нурам, болон бусад ил задгай галыг тооцно/ Амархан шатах ямар нэгэн бодис илрээгүй.

4. Санаатай  гал тавьсан гэх шинж тэмдэг илрээгүй.

5. Гал ямар нэгэн цахилгааны масснаас болон гараагүй байна. Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүсээгүй байна.

6. Шинэ нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх.67-68/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнхдэлгэрийн өгсөн: “Би гэртээ байхад гэр шатаачихлаа гэж хэлээд дүү орж ирсэн. Дуудлага өгсөн байсан. Намайг гэртээ ирэхэд галын машин ирсэн... Манай гэрийг Э шатаасан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Эгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч М.Мөнхдэлгэрийн нэхэмжилсэн 5 ханатай гэрийн үнэлгээ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эгаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээр зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Эд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсэж байх боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос нөхөн төлөөгүй байдлаас үзэхэд дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Б.Эд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Бы Эг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эд сануулсугай.

          4. Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн №5 гэж дугаарласан шатсан цахилгааны утас, №6 гэж дугаарласан шатсан үнсний дээж зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эгаас 1.200.000 төгрөг гаргуулж хохирогч М.Мөнхдэлгэрт олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР